Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц болон О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд долдугаар сарын 16-нд эхэлсэн билээ.

Тэднийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байдаг.

Уг хэргийн шүүх хурал таван өдөр үргэлжилж, өнөөдөр дууслаа.

Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг гэм буруутайд тооцож, Ж.Мөнхгалд 3 жилийн хорих ял, С.Баярт 3 жилийн хорих ял, Б.Хурцад 3 жилийн хорих ял, Э.Өлзийбаярт 1 жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад 3 жилийн хорих ял, О.Бямбажавд 2 жилийн хорих ял, Ү.Отгонбаярт 2 жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгахаар шийдлээ.

Эх сурвалж: Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх