Стандарт, Хэмжил Зүйн Газарт явагдаж буй хууль бус үйл ажиллагааны талаар сэтгүүлч А.Баярмаа 2017 оны 12-р сараас эхлэн эрэн сурвалжлага хийж хэд хэдэн цуврал нийтлэл гаргасан билээ. Сэтгүүлч олж авсан нотлох баримт дээрээ тулгуурлан хууль бус үйл ажиллагааг ил гаргасных нь төлөө СХЗГ-ын дарга удирдлагууд түүнийг хэд хэдэн удаа цагдаад өгсөн байдаг. Сэтгүүлчийг шалгаад гэм буруугүй болохыг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс болон эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тогтоосон байна.
Гэвч СХЗГ-ын Итгэмжлэлийн газрын дарга С.Ганцэцэг нь иргэн хүнийг гүтгэж, нэр төрийг нь гутаасан ярилцлага өгч 2018 оны 8-р сарын 31-ны өдөр СХЗГ-ын албан ёсны веб сайт болон зарим мэдээллийн сайтаар түгээсэн байна. Энэ ярилцлагадаа СХЗГ-ын хууль бус үйл ажиллагааг хууль ёсны мэтээр иргэдийг төөрөгдүүлсэн тайлбар өгчээ. Тухайлбал, стандартын ном зарсан 60 сая төгрөгийг Төрийн сангийн дансанд хийгээгүй, санхүүгийн тайланд тусгаагүй нуун дарагдуулсан үйлдлээ хуулийн дагуу зарцуулсан хэмээсэн байна. Мөн СХЗГ нь тамга тэмдэг, үнэт цаас хуурамчаар үйлдэж улсад хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаад мэдэгдээгүй нуун дарагдуулсан, албаны машиныг хувьдаа ашигласан зэрэг сэтгүүлчийн гаргаж ил болгосон баримтыг С.Ганцэцэг нь тайлбарлаж чадаагүй байж сэтгүүлчийг захиалгаар худал мэдээлэл түгээсэн хэмээн гүтгэж байгаа нь өөрөө сэтгүүлчийн хууль ёсны хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдаж буй үйлдэл юм. Мөн Стандарт Хэмжил Зүйн Газрын албан ёсны веб сайтад С.Ганцэцэгийн дээрх ярилцлагыг нийтлэхээс гадна шүүхээс хүчингүй болгосон цагдаагийн шийтгэвэрийг хүчинтэй мэтээр нийтэлж иргэдийн төөрөгдүүлж, иргэний нэр төрийг гутаах үйлдэл гаргасаар байна.
Түүнчлэн 2018 оны 08-р сарын 30-ны өдөр Стандарт, Хэмжил Зүйн Газрын ахлах мэргэжилтэн н.Ууганбаяр нь ажлын утаснаасаа сэтгүүлч А.Баярмаа руу залгаж “Чи бидэнд өс хонзон санаж нийтлэл гаргаж байна, чамайг цагдаад өгнө” гэсэн утга бүхий зүйл хэлсэн байна. Энэ нь СХЗГ-ын албан хаагчид нь үндсэн ажлаа хийхгүй, сэтгүүлчийг дарамтад оруулаад явж байдаг зав зайтай хүмүүс мэт харагдуулж байна. Ийнхүү иргэнийг гүтгэсэн ярилцлага нийтлүүлсэн Стандарт, Хэмжил Зүйн Газрын Итгэмжлэлийн газрын дарга С.Ганцэцэгийн шалгуулахаар цагдаад өгсөн байна.
Сэтгүүлч А.Баярмаа нь аливаа дарамт шахалтаас шантралгүй Стандарт, Хэмжил Зүйн Газарт гарч буй хууль бус үйлдлүүдийн нотлох баримтуудыг цуглуулж, эрэн сурвалжлах ажиллагаагаа хийсээр байгаа бөгөөд хуулийн байгууллагад өгч шалгуулж байгаа.
Өнөөдөр иргэн, төрийн байгууллага /гагцхүү шүүхээс бусад/ нь хэнийг ч гэмт буруутайд тооцож үл болно. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар шүүхийн шийдвэр эцсийн байна гэсний дагуу Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Доргио.ми сэтгүүлч А.Баярмаагийн нийтэлсэн нийтлэлийг Зөрчлийн тухай хуульд заасан бусдыг гүтгэх гэмт хэрэг биш гэж шийдвэрлэсэн атал ийнхүү олон нийтийг төөрөгдүүлж, төлбөртэйгөөр нэр хүндэд халдаж байгаа үйлдлээ зогсоохыг шаардаж байна.
2 сэтгэгдэл
Авлигал авдаг балиар авгай. Яагаад ийм авлигачин авгайг байлгаад байдаг байна..
Gantsetseg ch tiim yum hiiheer hun bish dee. Setguulch nar shantaajlah geed diilehgui bolohooro iim yum bichij bgan bishuu