Орхон аймгийн Онцгой комисс өдөр бүрийн 11:30 минут, 17:30 минутаас цаг үеийн байдлаар мэдээлэл өгч байна. Өнөөдөр 17:30 минутаас БОАЖГ-ын дарга С.Жаргалсайхан, Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн нар түлээ түлшний асуудлаар мэдээлэл хийлээ.

Түлээ нийлүүлэх тал дээр зэргэлдээх сумдуудтай хамтран ажиллах санал хүргүүлж дахин 1200мкуб түлээ нийлүүлэхээ болсон байна.
11-р сарын 21-ний өдөр БОАЖГ, Баян-Өндөр сум хамтран түлээ нүүрс борлуулдаг захуудыг удирдлагуудтай уулзаж түлээний үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх талаар санал солилцсон байна. Ингээд 1 метр куб модыг 65000-75000 төгрөгийн хооронд буюу нэг портер түлээг 300,000 төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэжээ.
Түлээ, нүүрсийг түгээх, хүргэх үйлчилгээг зохион байгуулах талаар холбогдох хүмүүстэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Орхон аймгийн Баян-Өндөр сумыг 3 бүсэд бүсчилж Булган аймгийн Орхон, Хангал, Бугат, Сэлэнгэ, Баян-Агт, Хутаг-Өндөр, Тэшиг сумдуудын удирдлагуудтай холбогдож түлээ, түлшний нийлүүлэлтийг хангаж ажиллахаар болсон байна.
Хөл хорио тогтоож байгаа энэ цаг үед хүргэлтээр түлээ явуулах асуудал яригдаж байгааг иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй. Түлээ түлшний захуудад ажилладаг тээврийн хэрэгслээр жолооч грушкийн хамтаар хүргэлт хийгдэнэ. Ингэхдээ урьдаар шинжилгээнд хамрагдаж, тээврийн хэрэгслийн ариутгал халдваргүйтгэлийг хийж ажиллана. Мөн бага хэмжээгээр захиалга хийгдсэн тохиолдолд захиалга өгсөн айлын тоо 10 хүрсэн үед хүргэлт хийгдэнэ гэдгийг иргэд анхаарах ёстой юм байна. Захиалга өгөхдөө тухайн мод түлээ нийлүүлэх ААН болон иргэний утсаар холбогдон захиална. Шаардлагатай үед багийн ажлын албандаа хандаж мэдээлэл авах боломжтой талаар БОАЖГ-ын дарга С.Жаргалсайхан хэллээ.
Одоогийн байдлаар бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал, хорио цээрийн дэглэмийн улмаас Булган аймгийн Бугат сумаас 240м3, Сэлэнгэ сумаас 330м3, Хангал сумаас 375м3, Баян-Агт сумаас 500м3 нийт 1445 м3 /гоожинтой/ түлшний мод оруулж ирэхээр хүлээгдэж байгаа ажээ. Яг одоогийн байдлаар 320мкуб түлээний мод, нүүрс 520 тонн бэлэн худалдаалагдаж байгаа бөгөөд нийтдээ 66 цэгээр түлээ нүүрсний борлуулалт хийж байна.
Сүүлийн тав хоногийн хугацаанд айл өрхүүд түлээ түлшний асуудлаа сайтар шийдэж, бэлтгэж авсан байна гэдгийг Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Баасансүрэн мэдээллээ.