Цагаан зээр нь манай орны өмнө, дорнын уудам тал, ухаа толгодоор хэдэн зуугаар сүрэглэн оршино.

 

Асар олон цагаан зээртэй газрыг харахад уудам тал, уул толгод тэр аяараа хөдлөх мэт сонихон үзэгддэг. Цагаан зээрийн эрэгчинг ооно, эмэгчинг шаргачин, төлийг янзага, эрэгчин шүдлэнг цэнхэр ооно, охин шүдлэнг зусаг шаргачин гэнэ. Голдуу хул шаргал зүстэй, богино сүүлтэй, тангийнхаа захаар шар хүрээтэй, шаргачин нь эвэргүй, ооно нь арагшаа тахийж үзүүр нь дотогш эргэн ойртсон шорон хоёр эвэртэйгээрээ хар сүүлт зээрээс ялгаатай.

Vl сард янзагална.Цагаан зээр хялгана, шаваг, хазаар өвс, үет ургамлаар хооллоно.Намрын цагт өвсний сортой өнгө зохицон амьтан хүн үзмэгц даруй цахилан давхих бөгөөд цагт дунджаар 70 км хүртэл хурдална. Цагаан зээр бол манай орны туурайтны дотроос хамгийн олноор агнадаг арьс махны ан юм.

Цагаан зээр үргэсэн зүйлээсээ уралдан түрүүлж урдуур нь хөндлөн гарч байж сая амардаг сонин араншинтай амьтан. Монгол анчид цагаан зээрийн ийм занг ашиглан << гөрөөс эргүүлэх>> гэгч өвөрмөц аргаар агнасаар иржээ. Үүнд: Анчин зээр эргүүлэх нэгэн хүнийг дагуулан анд гарах бөгөөд зээрийн сүрэг байгаа газрын ойр очмогц анчин нь мориноосоо явуут бууж үлдэн, нуугдаж хэвтэнэ.Зээр эргүүлэх хүн анчныхаа морийг хөтлөн зогсолтгүй алсуур тойрон явж гөрөөсний хажуу талд очмогцоо мэдэгдэхүйц дөтлөн гэдрэг эргэж, нуугдсан анчнаа чиглэн ширүүн давхина.Цагаан зээрийн бүх сүрэг түүнтэй өрсөлдөн тэр зүг давхих тул явдлын тааруулан анчинд ойртуулж намнуулна.

Манай оронд цагаан зээрийг авто хөсгөөр хөөх, шөнө гэрэлтүүлэн хорих зэрэг аргаар агнахыг хориглодог юм.Мөн энэ гөрөөсний тоо цөөрч, байршил нутаг нь хомсдож байгааг харгалзан 1980 оноос эхлэн агнуурын нөөцтэй болтол нь агнахыг хоригложээ.