Жил бүрийн 11 сарын 25-аас Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг дэлхий дахинаа зохион байгуулдаг. Орхон аймгийн хэмжээнд энэхүү аяны хүрээнд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран 23 төрлийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. 

         Орхон аймгийн хэмжээнд аяны хүрээнд нөлөөллийн ажил түлхүү хийгдэх бөгөөд хэвлэл, мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах аж. Түүнчлэн “Нэн тэргүүнд хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдийн судалгааг эцэслэж, нэгтгэн гаргах шаардлагатай байгааг  аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Д.Мөнхбат онцоллоо. Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргасан судалгаагаар хүчирхийлэлд өртөж болзошгүй 139 хүүхэд байгаа бөгөөд эхний ээлжийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээд 101 хүүхэд хамрагджээ. Аяны хүрээнд шинжилгээнд хамрагдсан эдгээр хүүхдэд дараагийн шатны нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо хийх, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх ажил хийгдэхээр багсан юм.
            Ковид-19 вирусний халдвар дотоодод бүртгэгдэж бүх нийтийн хөл хорио тогтоосноос хойш улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг,  зөрчил нэмэгдэх хандлагатай байна. Тодруулбал, энэ оны эхний 10 сарын байдлыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 22.4%-аар нэмэгдсэн байна. Тиймээс энэ цаг үед аяныг үр дүнтэй зохион байгуулах нь  гэр бүлийн хүчирхийллийг бууруулах тодорхой алхам  болно гэдгийг зохион байгуулагчид хэллээ.