Ажлаа хийж байхдаа, гадуур явж байхдаа зогсоо зайгүй хөгжим сонсдог “муу” зуршлаас маань салгаж чадсан ганц зүйл бол подкаст. Ном уншихаас илүү сонсож мэдээллээ цуглуулах дуртай хүмүүст подкаст илүү ойр байдаг. Анх монгол подкаст хайгаад олоогүй учраас иргэд ихэвчлэн англи хэл дээр сонсдог байлаа. Харин сүүлийн үед маш гоё ярилцлагын, боловсролын чиглэлийн подкастуудыг монгол залуус маань хөтлөн гаргадаг болсон нь үнэхээр баярлууштай. Гадуур алхах, хүн хүлээх, автобусанд явах, гэртээ хоолоо хийж байхдаа цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх хамгийн тохиромжтой арга бол подкаст сонсох гэж боддог юм.
Энэ удаагийн нийтлэлээрээ өөрийнхөө сонсох дуртай таван монгол подкастыг та бүхэндээ танилцуулж байна. Подкастуудын нэрэн дээр давхар фэйсбүүк пэйжийг нь меншин хийсэн учраас дарж ороод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Мөн танд санал болгох өөр монгол подкаст байвал сэтгэгдэлээ хуваалцаарай.

Unlock


Unlock бол монголын анхны подкастын нэг яахын аргагүй мөн. Энэ подкастыг хөтлөн явуулдаг Тэгшээ, Дээгий, Наагий гуравт баярлаад барашгүй. Бямба гарагийг тэсэн ядан хүлээдэг нэг шалтгаан нь Unlock-ийн шинэ дугаар болсон шүү. Товчхондоо бол монгол хэл дээр тэр бүр хэвлэгдэн гардаггүй хувь хүний хөгжил, шинжлэх ухаан, намтар төрлийн номнуудын агуулгыг ярьж өгдөг “күүл” подкаст. Хамгийн гол нь подкастыг сонсоод өнгөрөх биш номыг нь бүрэн эхээр нь унших хүслийг төрүүлж чаддагаараа онцлог юм. Би одоогоор подкастаас сонссон хоёр номыг бүрэн эхээр нь олж уншаад байгаа. Үүнээс гадна номын сонголт дээр үнэхээр ярих зүйлгүй. Маш гоё гоё номнуудыг сонгодог учраас дугаар бүрийг нь алгасалгүй сонсдог хүн олон байдаг.

Ideree’s Podcast


UB comedy клубын комедиан Б.Идэр-Одын хөтлөн явуулдаг Ideree’s подкаст сүүлийн үед сонсогчдын талархалыг ихээхэн хүлээгээд байгаа. Оролцогчдынхоо тэр бүр яриад байдаггүй сэдвүүдийг яриулж чаддаг гэдгээрээ онцлогтой. Энэ подкаст хэрэгтэй шинэ содон сонирхолтой мэдээллүүд, бизнесийн шинэ санааг өгч чадна. Маш сонирхолтой зочдыг урьж, илэн далангуй яриаг өрнүүлдэг.

Хүлээлгийн өрөө


Одоогоос жил гаруйн өмнө Ари, Заяа гэх хоёр бүсгүй +18 сэдвийн “Хүлээлгийн өрөө” подкаст хөтөлж эхэлсэн нь олны анхаарлыг татах болсон. Хөтлөгч бүсгүйчүүд бэлгийн боловсрол, сексийн амьдралын тухай өсвөр насныхантай илэн далангүй, дэлгэрэнгүй ярилцах, тэднийг болзошгүй аюулаас хамгаалах үүднээс анх энэ подкастын санааг олсон гэдэг. Тэдний подкаст хэдийнэ 60 мянган дагагчтай болсон.

Business Radio Podcast


Энэ подкаст амжилтанд хүрч, дэлхий дахины танил болсон хүмүүсийн илтгэлийг бүрэн эхээр нь монгол хэл дээр орчуулан гаргадгаараа онцлог. Үүнээс гадна судлаачид, мэргэжилтнүүдийг урьж ярилцлага хийдэг. Дэлхийн шилдэг их дээд сургуулиуд төгсөлтийн баяраа манайх шиг “зад” шоудаж биш, Билл Гейтс, Стив Жобс, Шэйрил Сандберг, Марк Цукерберг, Жэк Ма зэрэг амжилттай хүмүүсийг урьж, төсгөлтийн баяр дээр нь илтгэл тавиулдаг жишиг тогтчихсон гэдгийг энэ подкастыг сонсохдоо олж харсан. Яагаад манай Монголын их дээд сургуулиуд ийм гоё жишиг тогтоож болохгүй гэж?

Танил мэдрэмж


UB Comedy клубын үүсгэн байгуулагч Батбилэгийн хөтлөн явуулдаг подкастыг дурдахгүй өнгөрч болохгүй. Танил мэдрэмжийг сонссоны дараа амраад, рэфрэш болдог нь гоё. Батаагийн аавтайгаа хийсэн ярилцлагыг сонсоод юм юм бодсөөн. Та нар ч гэсэн сонсоод үзээрэй. Ханугийн ярилцлагыг сонсоод комеди үзсэн юм шиг л инээсэн, Олягийн ярилцлагаас Станд-апп комеди гэж юу болох, хойд хөршид хэрхэн хөгжиж, хэрхэн өөр хоорондоо өрсөлддөг талаар сонирхолтой мэдээлэл олж авсан.