1964 оны МАХН/МАНын ТХны VI бүгд хурал дээр Б.Сурмаажав гуайн хэлсэн үгийг бүрэн эхээр нь анх удаа толилуулж байна. Монголын тухай үеийн төр Монголын ард иргэдээс олон жил нууж байсан аж.
…“Намын эсрэг бүлэг”-ийн гэх зохиомол улс төрийн хилс хэрэгт шийтгэгчид ямар ч хатуу шийтгэл хүлээхэд болон амиа алдахад бэлэн байсан. Монгол Улсын үндэсний язгуур эрх ашиг, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө өөрсдийгөө золиосолсон Монгол Улсын иргэд, “шинэ үеийн хүүхдүүд” байсан байна.
Тухай үеийн нэг намын тогтолцоотой, үгээ чөлөөтэй хэлэх эрхгүй нийгмийн эсрэг эсэргүүцэн зогсож чадсан эр зоригтнууд байжээ. Тэд олонх иргэдийн адил хувиа бодсон бол тодорхой албан тушаал дээр ажиллаж болох байсан. Тэд тэгэхийг хүсээгүй. Тэдэнд хувийн эрх ашиг, атгаг санаа, эдийн засгийн боломжоо хангахыг хүсээгүй байна.
Өнөөгийн залуучууд дотор эдгээр хүмүүсийн хэлсэн үгнээс тухайн хүмүүсийн үзэл баримтлал, бодол санаа, сэлгээлгээ, байр суурь, хүсэл зориг, итгэл үнэмшил, улс орныхоо төлөөх тэмцэл зэргийг судлах сэтгэлийн тэнхээтэй залуус байгаа, үгүйд эргэлзэж байгаагаа нуухгүйгээр хэлэхэд хангалтай гэж бодож байна. Бүгд л улс төрийн намын өчүүхэн явцуу сэтгэлгээгээр ханддаг нь нууц биш. Шинжлэх ухаанч талаар хандаж олон түмэнд үнэнийг хүргэх тийм залуус үнэхээр алга гэж үү?
Эдгээр хүмүүсийн үгнээс тухайн нийгмийн байдал, хувь удирдагчдын зан араншин, төр засгаа хэрхэн удирдаж байсныг бүрэн ойлгох боломжтой юм.
Хуучин нийгмийн үед эдгээр хүмүүсийн хэлсэн үг өнөөдрийн ардчилсан нийгмийн төр засгийн удирдагчдад тохиолдож байгаа олон бэрхшээлүүдийг хэрхэн шийдэж байгаагаас харахад тодорхой харагдана.
Тэр үеийн тэдний санал бодол одоо ч ач холбогдлоо алдаагүй байна.
Харин тэдний саналын зарим нь олон жилийн дараа ардчилсан нийгмийн үед хэрэгжиж, зарим нь бүр өнөөг хүртэл хэрэгжээгүй байгаад хамаг учир байна. Тэдний үг өнөөдөр сургамж болон үлджээ.
Б.Сурмаажав гуайн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Авах гээхийн ухаанаар хүлээж авах нь өнөөгийн төрийн эрх мэдэлтнүүд болон ялангуяа өнөөгийн залуучуудын сэтгэлгээ мэдэх хэрэг. Үүнд: МАХН/МАНын 1964 оны 6 дугаар бүгд хурал дээр Б.Сурмаажав гуайн хэлсэн үгийн товчлол.
Б.Сурмаажав:
1. …энэ бүгд хурал Намын ТХ Засгийн газрын тэргүүнийг заавал нэг хүн хавсран толгойлох ёстой биш хоёр салгаж тус тусад нь өөрсдийн нь эрх үүрэг дээр бэхжүүлэх ёстойг зааж өглөө. Хоёрдугаарт, нэг хүнийг тахин шүтэх явдлыг их газар аваагүй байхад нь таслан зогсоох хэрэгтэй …
2. …манай намын программыг боловсруулах цаг аль хэдийн болсон, гэтэл бас мэдээ чимээгүй, манай нам үндсэндээ программгүй нам болоод байна.
3. …түүнчлэн III таван жилийн төлөвлөгөөг ч дутуу мөчид боловсруулсан байв. Баталсан төлөвлөгөө биелэгдэхгүй болоход нь бодит гүйцэтгэлд тохируулан төлөвлөгөөг хасаж, багасгаад биелэгдсэн болгож тооцдог заншил тогтож байна…
4. … намын удирдлага зарчмаасаа гажиж, төрийн роль үүрэг буурч байна. Нам төрийн үүрэг, үйл ажил хутгалдаж зааггүй болж байна….
5….цаашид намын улс төрийн бодлогыг хамтын удирдлагаар, шинжлэх ухааны үндэстэй боловсруулдаг болгомоор байна. Дээрхээс уламжлан Цэдэнбалын тухай асуудал гарч ирж байна. Цэдэнбал 1939-1953 оны үеийн сэтгэл бодлоор сурч тэр аргаар ажилладаг хүн. Гэтэл цаг үе, нөхцөл байдал огт өөр боллоо…
6. …нам төрийн удирдлага солигдож өөрчлөгддөг ёсыг бий болгоё. Хэн боловч нэг ажил дээр нэг хэсэг авьяас чадал нь тодорч байгаад удаандаа ганддаг ёс байдаг….
7. …ЕБС-ийн хүүхдийг долоон настайгаас нь авдаг байя гэсэн саналаа СнЗ-ийн хурал дээр хэлсэн…,
8. …би, манай оронд ажиллах хүч дутагдалтай байгаа учраас… 110 гаруй мянган хүүхэд УААА-д ажиллах хүч болон орж ирэх хугацааг 1 жилээр хойшлуулах нь эдийн засагт ашиггүй гэсэн саналаа хэлсэн….
9. …их барилгын асуудал хэлэлцсэн. Улаанбаатарын орон сууцны барилгуудын 80 орчим хувийг 4-5 давхар байхаар төлөвлөсөн нь суугчдад тохиромжгүйн дээр их өргөн талбай эзэлсэн намхан хот болох тул утас, дулаан, цахилгааны шугам, зам харилцаа, халуун хүйтэн, бохир усны сүлжээнд харьцангуй илүү зардал гарч болзошгүй…,
10….мөн Дархан хотын газрыг зөв сонгоогүй тухай саналаа хэлсэн. Гэтэл би Монгол-Зөвлөлтийн найрамдлыг эсэргүүцсэн болж харагдсан….
11. …гадаад худалдааны асуудал хэлэлцэх үед ЗХУ-аас олон сая рублийн өргөн хэрэглээний барааг зээлээр авахыг эсэргүүцсэн. “Бидэнд өнөөдөр таатай боловч үр ач нар маань хожим төлнө. Тэдэнд амар биш байх нь тодорхой учир зээлийг болъё. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж байя“…
12…гар үйлдвэрлэлийн хоршоодын шалгарсан туршлагыг баримтлан ХААН-ийг аймагт, аймгийн зөвлөл, улсын хэмжээгээр дээд зөвлөл өөрийн ардчиллын үндсэн дээр тулгуурлан аж ахуй, санхүү, үйлдвэрлэл техникийн бүх талаар бие даан удирдан зохион байгуулдаг байх нь зөв санагдаж байлаа. Түүнийгээ хэлсэн. Гэтэл Цэдэнбал намын байгууллага нь аж ахуй, засаг захиргааны ажлыг шүүрэн авч, хийх ёстой гэдэг өөрийн шугамыг барьсаар байсан…
13… чанар хийц дорой, гүйлгээ муу бараа ихээр ирж, түүний ихэнхийг хожим нь үнэ хорогдуулан борлуулахад хүрч байсан….
14…“Цэдэнбалын удирдлага, арга ажиллагаа нөгөө талаас манай нам, ард түмний хөгжил тэмцлийн шинэ цаг, нөхцөлийн хооронд зөрчил гарч байна гэж хувьд бодогдож… ийм ойлголттойгоор VI бүгд хуралд тулж ирээд байна”…
Бэлтгэсэн Д.Цогтбаатар