Хатуу хөл хорио тогтоосон энэ үед Чингэлтэй дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт PC тоглоомын газар нууцаар ажиллуулж байсан үйлдлийг тус дүүрэг дэх цагдаагийн 1-р хэлтсийн алба хаагчид илрүүлсэн байна.

Биднийг тухайн газарт очиход 16-20 орчим тооны залуус хүн хоорондын зай бариагүй, амны хаалтгүй байсан юм.  Цэвэрлэгээ хийгдээгүй, гар ариутгагч байрлуулаагүй, агаарын сэлгэлтгүй орчин угтсан.

Зургийн тайлбар: Тоглоомын газрын ажилтан

Тухайн тоглоомын газрын ажилтны хэлж байгаагаар өчигдрөөс ажиллаж эхэлсэн гэв. Тэрбээр “Би 11-р сард Хэнтий аймгаас ирээд энд байрлаж ажиллах болсон. Хүлээх хуулийн хариуцлагаа ухамсарлаж байгаа ч хэрэглээний мөнгө олох гэж ажилласан. Тэрнээс захирал ажилла гэсэн үүрэг өгөөгүй. Хуулийн хариуцлагаа мэдэж байгаа. Хүн хоорондын зай бариагүй, амны хаалтгүй үйлчилсэн нь миний буруу. Дахиж энэ төрлийн зөрчил алдаа гаргахгүй. Бусад хүмүүс ч гэсэн над шиг алдаа битгий гаргаарай” гэв.

Тухайн тоглоомын газар уржигдар буюу арванхоёрдугаар сарын 23 наас эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэж байгаа ч хөл хорионоос хойш нууцаар ажиллаж байсан гэх мэдээлэл байна.

Тухайн цахим тоглоомын газар байсан хүмүүс амны хаалт зүүгээгүй, хүн хоорондын зай баримтлаагүй, гар ариутгагч байрлуулаагүй мөн тоглож байгаа орчинд ариутгал халдваргүйжүүлэлт хийгдээгүй гэх мэт олон зөрчил илэрсэн.

Тус газраар үйлчлүүлж байсан хүмүүс дунд насанд хүрээгүй хүүхэд буюу 16 настай хүүхэд тоглож байсан юм. Түүнийг эцэг эх нь ийнхүү гадуур тоглож байгааг мэдэхүй. Өөрийнхөө гэм бурууг ухамсарлаж байна. Дахиж хорио цээрийн дэглэм зөрчихгүй, өвчлөх эрсдэл өндөр болохыг ойлгосон гэв.

Зургийн тайлбар: Тухайн газраар үйлчлүүлж байсан насанд хүрээгүй хүүхдүүд. Тэдний эцэг эхийг дуудан ирүүлж, нөхцөл байдлыг тайлбарласан бөгөөд тэд эцэг эхдээ найзуудтайгаа уулзана гэж гэрээсээ гарсан гэв. 

Чингэлтэй үүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад А.Нансалмаа: “Монгол Улсын Засгийн газрын “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 226 дугаар тогтоолыг гаргасан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн засаг дарга А1320 захирамж гаргаж үйл ажиллагаа явуулах 15 байгууллагыг баталсан. Захирамжийн биелэлтийг хангаж ажиллаж байхад буюу өнөөдөр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт цахим тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байгааг илрүүллээ. Одоо шалгалт хийж, хуулийн дагуу хариуцлага тооцно.

Иргэд та бүхэн коронавирус цар тахалтай холбогдуулан хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хараа хяналтыг сайжруулах, хүүхдээ хаана хэнтэй байсан зэргийг асууж, болзошгүй эрсдэлээс сэргийлээрэй.” Гэв.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед ажилласан тухайн газарт Зөрчлийн тухай хуулийн 5.13, Гамшгийн тухай хууль тогтоомж зөрчсөн гэж хуулийн хариуцлага хүлээлгэх юм.

Тухайн газар нь анхнаасаа цахим тоглоомын газар ажилуулах зөвшөөрөлгүй байсан аж. Мөн тус газарт байсан хүмүүсийн талаас илүү нь PCR шинжилгээ өгөөгүй байсан зэрэг нь халдвар тараах эрсдэл өндөр байгааг харуулж байна.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.