Жүжигчин гэдэг бусдынн сэтгэлийн хээг шаглан урлагч, гэгээн үйлийн бүтээлчид юм. Тиймээс өөрийн бүтээсэн дүрээрээ бидний сэтгэлд мөнхрөн үлдсэн байдаг. Хувь хүн хорвоогоос явах жамтай ч түүний бүтээсэн бүхэн түүх болон үлддэг билээ. Бид энэ удаа хэдий одоо бидний дунд гэгээн дүрээр байхгүй ч үүрд санагалзан дурсагдсаар байх эрхэм хүмүүсийн тухай тэр дундаа “жүжигчин” хэмээх мэргэжлээр овоглогдож явсан эрхэмүүдийг дурсахыг хүслээ.
Цэвэгсүрэнгийн Батхуяг буюу Амбий
Тэрээр 1972 оны гуравдугаар сарын 27-нд буюу Дэлхийн театрын өдөр төржээ. “Амбий” гэдэг нэрийг бага байхад нь нутгийн ах нь өгсөн бөгөөд багадаа тарган хүүхэд байсан болохоор Памбий байж байгаад Амбий нэртэй болсон гэдэг. Түүний аав Цэвэгсүрэн гуай насаараа Дорнод аймгийн театрын тайзыг гэрэлтүүлсэн, гэрэлтүүлэгч ажилтай хүн байжээ. Тэрээр гурван ах, нэг эгчтэй, айлын бага, эрх хүүхэд байжээ.
Монголын хошин урлагийн нэгэн цагийн нэрийн хуудас болсон жүжигчин тэрээр “Шинэ үе” продакшныг үүсгэн байгуулагчдын нэг юм. Тайзны бүтээлээс гадна “Помогите нам”, “Би чамд хайртай-2”, “Тэнгэрийн ивээл”, “Шарталт”, “Тютю”, “Танхай тээгч” зэрэг кинонд туслах болон гол дүрийг бүтээжээ. Түүний анхны дэлгэцийн бүтээл нь 1990-ээд онд гарч байсан “Наран ургахыг хүлээхгүй” киноны хатиг Даваагийн дүр юм. Тус дүрийг багш нь Амбийд зориулж бичсэн гэдэг.
Соёл урлагийн ертөнцөд оруулсан хувь нэмрийг үнэлж 2005 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж байсан ба гавьяатын дайтай жүжигчин байв.
“Энэ жилийн Цагаан сараар Амбий гавьяат авах нь” гээд л. Нэгнээс нэгэн рүүгээ дамжсан мэдээлэл түгээд л, авах цаг нь бололгүй яахав гэх яриа газар сайгүй гараад л. Хүмүүсийн тийм хөөр баяр, гавьяат болох нь гэх горьдлого тасраагүй байж байтал “өнгөрчихлөө” гэх итгэмээргүй, харуусалт мэдээ түгсэн сэн. Хошин урлагаас гараагаа эхэлж тайз, дэлгэцийн олон бүтээлд дүрээ мөнхөлсөн жүжигчин Ц.Батхуяг 43-хан насандаа хорвоогийн мөнх бусыг үзсэн.
Уран бүтээлчийн хувьд сод байхын зэрэгцээ хүнийхээ хувьд нуруутай нэгэн байсан нь олон хүний үг ярианаас мэдрэгддэг. “Амьдрал Амбийгийн нүүр шиг арзгар байна” гэх яриа нэг хэсэг моданд орж байв. Яагаад ч юм энэ яриа надад арзгар, баргар, хүйтэн бус халуун дулаан, инээд цалгисан сайхан сэтгэгдлийг төрүүлдэг.
Хүмүүний хорвоо дээр авьяастай, чадалтай, ухаантай сайхан хүмүүс ирээд буцдаг. Тийм хүмүүсийн нэгэн тод илэрхийлэл нь Амбий байлаа. Монголын урлагт ёстой л нэг солонго шиг татаад өнгөрчээ. Гэвчиг өөрийнхөөрөө байдаг мөн чанар, халуун сэтгэл нь хэзээд мартагдахгүй.