“БЯЛДУУЧЛАЛЫН НИЙГЭМ”-ИЙГ ШҮҮМЖИЛСЭН ХҮН…


Сургамж: Монголын өнөө үеийн залуучууд хэн нэгийг улс төрийн нам талаас харанхуй шүтэх, сохроор дэмжихийн оронд түүх баримтыг ул суурьтай судалж, ном уншиж өөрийн дүгнэлтээ хэлж байх нь зөв байх. /1964 оны МАХН/МАН-ын ТХ-ны VI бүгд хурал дээр Ц.Лоохууз гуайн хэлсэн үгийг бүрэн эхээр нь анх удаа толилуулж байна. Монголын тухайн үеийн төр Монголын ард иргэдээс олон жил нууж байжээ…. /Өмнө нь Б.Сурмаажав, Б.Нямбуу гуай нарын үгийг та бүхэнд хүргэсэн байгаа. Уншигч та нар нэгийг бодож, учрыг тунгааж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Одоо “Намын эсрэг бүлэг” гэгчийн толгойлогч буюу миний бодлоор тухайн үеийн улс төрийн лидер, лектор болох Ц.Лоохууз гуайн үгийг хүргэж байна.

Эдгээр хүмүүс албан тушаалын төлөө яваагүй болох нь тэдний хэлсэн үг, ярьсан яриа, нийтлэгдсэн ном, бүтээлээс тодорхой байдаг. Харин тухайн үеийн удирдагчдаас зөв хүнийг сонгох тал дээр хатуу зогсож, өөрсдийгөө золиосолсон байдаг. Тэдэнд хэцүү байсан. Тэгэхдээ эр зориг гаргаж гүйцэтгэж чадсан байна.
Тухайн үеийн намын дүрэмд НТХ-ны гишүүн хуралдаа заавал биеэр оролцох заалттай байсан байна. Тэр үед тухай үеийн удирдагчид зарим НТХ-ны гишүүдийг дүрмээ зөрчиж хуралд оролцохыг хүсэхгүй байсан ба саад тотгор болох, улмаар саймширч “гадаад улс орон суралцаж байгаа юм чинь оролцоод хэрэггүй” гэж үг дайж байжээ.
Гэсэн ч НТХ-ны гишүүд Ц.Лоохууз, Б.Нямбуу нар зүрх зориг гаргаж, алс холоос зорин ирж дүрмийн заалтаа ягштал биелүүлж, Бүгд хуралдаа ирж суусан байна.
Удирдагчид нь дүрэм зөрчихийг зөвшөөрдөг, үнэн ч гишүүд нь татгалздаг ямар нийгэм байсан болж байна вэ? Боддог юм. Хуучин нийгэмд сайн тал байсан байх. Харин дээд төвшиндөө завхрал явагддаг, доод түвшинд хууль дүрэм журмаа биелүүлдэг байжээ.
Ер нь түүх баримтаас харахад тухайн үеийн төр муу муухайг санаачилж, зохион байгуулж, иргэдээ золиосолдог, доромжилдог, гүтгэдэг, хэлмэгдүүлдэг есөн жорын муу зүйл нь шүглэсэн хачин тогтолцоо байжээ гэж ойлгогдохоор байна.
Хэрвээ Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав гуай шиг Монголын шинэ үеийн сэхээтнүүд, “шинэ үеийн хүүхдүүд”-ийг Монголын төрд гаргасан бол бид өдийд юун хуйхаа маажаад улс төрийн үлэмж хэмжээний авилгачид, оффшорчид, төрийн наймаа, төсвийн хулгайчдын толгойг илээд явах вэ дээ. Харин улс орон маань бидний шүтээд байгаа Сингапур, Дани, Швейцар, Швед, Австрали Улсууд шиг иргэд нь хувьцаа аваад хангалуун амьдрах байсан ч юм бил үү…
… Улс орны хөгжлийг хүний хөгжлөөр хэмждэг чиг хандлага дэлхий дахинд нэвтрээд байхад бид хүнээ доромжилж, гүтгэж, тэдний үгийг сонсохгүй хуучин загвараар явсан нь улс орны хөгжлийг олон зуун жилээр царцааж, хоцроосон байна гэсэн дүгнэлтэд хүрч байна.
Одоо ч мөн Ардчилсан нийгмийг монголын хөрсөн дээр байгуулсан ч хуучин далд загвараараа Монголын улс төрийн намууд “нам шүтэж”, “хүн шүтэж” бялдуучилсан нийгмийг улам үргэлжлүүлэн бэхжүүлсээр явна. Энэ гажуудсан нийгмийн эсрэг Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нар шиг дуугарчих хүмүүс алга байгаад тун харамсаж байна.
Улс төрийн нам, лидерүүдийг шүүмжлэхээр мөн л нөгөө аргаар “намын эсрэг нөхөр”, “биднийг шүүмжилж байгаа нь нөгөө намд үйлчилж байна” гэж нэр хоч өгөх нь хэвээрээ, мөн бүр сүүлдээ аргаа барахаар “болохгүй хүн” гэж нэр томъёогоор, “пороль”-оор хоорондоо шивэгчлэн ярилцдаг болжээ.
Шулуухан хэлэхэд Ардчилсан нийгэм маань гажуудсан байна. Эр зориг гаргаж “гажуудлыг зарлах цаг болсон гэж мунхаг би үзэж байна. Ингээд гол сэдэв рүүгээ оръё.
…“Намын эсрэг бүлэг”-ийн гэх зохиомол улс төрийн хилс хэрэгт шийтгэгчид ямар ч хатуу шийтгэл хүлээхэд болон амиа алдахад бэлэн байсан. Монгол Улсын үндэсний язгуур эрх ашиг, ард иргэдийнхээ сайн сайхны төлөө өөрсдийгөө золиосолсон Монгол Улсын иргэд, “шинэ үеийн хүүхдүүд” байсан байна.
Тухай үеийн нэг намын тогтолцоотой, үгээ чөлөөтэй хэлэх эрхгүй цаг үед тухайн нийгмийн эсрэг эсэргүүцэн зогсож чадсан эр зоригтнууд байжээ. Тэд олонх иргэдийн адил хувиа бодсон бол тодорхой албан тушаал дээр ажиллаж болох байсан. Тэд тэгэхийг хүсээгүй. Тэдэнд хувийн эрх ашиг, атгаг санаа, эдийн засгийн боломжоо хангахыг хүсээгүй байна. Үүнийг одоогийн улс төрчид сэтгэл зүрхэндээ байнга санаж явах ёстой бол уу.
Өнөөгийн залуучуудын дунд эдгээр хүмүүсийн хэлсэн үгнээс тухайн хүмүүсийн үзэл баримтлал, бодол санаа, дотоод сэлгээлгээ, байр суурь, хүсэл зориг, итгэл үнэмшил, улс орныхоо төлөөх тэмцлийн агуулга зэргийг судлах сэтгэлийн тэнхээтэй залуус байгаа, үгүйд эргэлзэж байгаагаа нуухгүйгээр хэлэхэд хангалтай гэж бодож байна. Бүгд л улс төрийн намын өчүүхэн явцуу сэтгэлгээгээр ханддаг нь нууц биш. Шинжлэх ухаанч талаар хандаж олон түмэнд үнэнийг хүргэх тийм залуус үнэхээр алга гэж үү?
Эдгээр хүмүүсийн үгнээс тухайн нийгмийн байдал, хувь удирдагчдын зан араншин, төр засгаа хэрхэн удирдаж байсныг бүрэн ойлгох боломжтой юм.
Хуучин нийгмийн үед эдгээр хүмүүсийн хэлсэн үг өнөөдрийн ардчилсан нийгмийн төр засгийн удирдагчдад тохиолдож байгаа олон бэрхшээлүүдийг хэрхэн шийдэж байгаагаас харахад тодорхой харагдана.
Тэр үеийн тэдний санал бодол, сэтгэлгээ одоо ч ач холбогдлоо алдаагүй байна.
Харин тэдний саналын зарим нь олон жилийн дараа ардчилсан нийгмийн үед хэрэгжиж, зарим нь бүр өнөөг хүртэл хэрэгжээгүй байгаад хамаг учир байна.
Тэдний үг өнөөдөр сургамж болон үлджээ.
“Эдгээр хүмүүс “Хар дансанд орж, хариу цохилт авах” болсноо тэр үед шууд дурдацгаасан бөгөөд энэхүү төрийн зохион байгуулалттай жүжиглэсэн хурал дээр НТХ-ны гишүүд болох Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав болон хөдөлмөрийн баатар хүн хүртэл, мөн ажилчид, сэхээтний төлөөлөл болсон цөөн нөхөд Цэдэнбалын үзэл, үйл ажлыг шүүмжлээд түүнийг халах саналыг тавьсан байна… Тэд цөөнх болсон байна.
Ц.Лоохууз гуайн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Авах гээхийн ухаанаар хүлээж авах нь одоогийн төрийн эрх мэдэлтнүүд болон ялангуяа өнөөгийн залуучуудын сэтгэлгээ мэдэх хэрэг. Үүнд: МАХН/МАН-ын 1964 оны 6 дугаар бүгд хурал дээр Ц.Лоохууз гуайн хэлсэн үгийн товчлол.
Ц.Лоохууз:
1….энэ үгийг хэлэхдээ би, намын эрх ашгийн үүднээс, хэзээ нэгэн цагт энэ бол биелэх юм гэж бодож хэлж байгаа юмаа. Ийм учраас ямар ч ял зэмлэл ирэхийг би хайхрахгүй байна…
2….нам, улсын байгууллагын зүгээс хяналт шалгалт суларсан, өөрөөр хэлбэл диктатурын арга суларснаас боллоо. Иймд диктатурын аргыг цаашид чангалж, чалчигчдыг хатуу цээрлүүлэх замаар дутагдлаас гарч болно гэж зааж байна…
3….танай ажлын дутагдлын шалтгаан диктатур суларснаас болов уу гэвэл үгүй байна. Хэргийн үнэн учир юунд байна вэ? … манай ард түмэн түүний үйлдвэрлэх хүчний шаардлагыг түүнийг удирдаж байгаа Цэдэнбал түүний ажил явууллага нь бүрэн тусгаж чадахгүй байна. Манай залуу ажилчин анги, нэгдлийн гишүүд, хувьсгалт шинэ сэхээтний шаардлагаас хоцорч түүнээс тасарсанд оршиж байна…
4….ард түмний хөрөнгө, нам улсын аппаратын хүчийг өөрсдийгөө тэр албан тушаалд нь байнга байлгаж байхад л зэвсэг болгон хэрэглэж байна…
5….зусарч бялдууч юм уу номхон зөөлөн, нөгөө бол ажлын чадвар алдаж суларч байгаа эсхүл дадлага туршлага олоогүй, саяхан сургууль төгсөн ирж байгаа ийм залуучуудаар дүүргэж тэдний толгойг эргүүлэх, түүгээрээ аргацааж байх ийм ийм аргаар сольсон байна. Ийм яриа гарсан байна. 50-аас доош настай, 10-аас дээш ангийн боловсролтой хүн бол чи тушаал дэвших бололцоо хангаагүй байна. 50-аас дээш настай, 7-оос доош ангийн боловсролтой бол сая тушаал дэвших бололцоо хангажээ гэж шоглон ярьдаг болжээ….
6….танай удирдах нөхөд бараг шог нэртэй болсон нь даанч харамсалтай байна. Улсдаа бол депутат, их хуралдаа бол тэргүүлэгч, намдаа бол тасгийн дарга, Балдаа бол бараа бологч…Эргэж буцаад л байна, манай дарга л байлгүй, ээдэрч түгдрээд л байна манай дарга л биз дээ гэж ярьдаг…
7….Цэдэнбал бол зальхай муу арга хэрэглэдэг, өөрийн эрх тушаал, хэргэм зэргийг бүрэн хадгалж, нам, улсын олон тооны, амьдралын туршлагатай кадруудыг нэг талаас халж, нөгөө талаас ажлын арга туршлага багатай зарим залуучуудыг элдэв янзын арга мэхээр заримыг айлгах, заримд нь хээл хахууль өгөх элдэв аргаар шударга бус сонгож авсан байна…
8…тэгээд өөрийгөө хамгаалах арга замыг олсон байна. Цэдэнбал архичин болсон нь…
…ялзрал нь архидах завхайрах, мөнгөний шуналаар илэрдэг.:.
9….Төв хорооны аппарат, Улс төрийн товчоогоо бүрдүүлж, үүгээрээ хүрээлүүлээд өөрийгөө өндөр тушаалд байлгаж байхын тулд намын дээр диктатур тогтоож далайсан гарын дор сөгтгөн буулгаж байхыг хүсэж байна. Энэ бол Цэдэнбалын нүүр царай, аюул мөн…
10….Тэр та биднийг талдаа татахын тулд элдэв янзын арга хэрэглэсээр ирсэн. Энэ зорилгоор улс төрийн бэлтгэлгүй, алсын хараа муутай хүмүүсийг татаж авч байна…
11….манай нам Цэдэнбалыг тахиж шүтсэнээс болж их хохирол учирч байна. Цэдэнбал Хрущевыг дуурайж, нам, төрийн удирдлага нэг хүний гарт байх нь зүйтэй юм байна гэдэг ойлголт авчраад энд итгүүлж, нам, төрийн удирдлагыг гартаа авсан байна…
12….Дотоод яамны бүхий л хэлтсүүд, хэлтсийн дарга нар нь бүгдээрээ машинтай, үлэмжхэн тоноглогдсон аппарат байна. Энэ нь улам л өргөжсөөр байна. Энэ нь хэнтэй тэмцэх юм бэ? гэвэл явж явж л нөгөө л хэдэн сэхээтэнтэйгээ тэмцэх болж байна…. 1937 оны л яргалал 20 дугаар зууны 2 дугаар хагас буюу 1960 хэдэн оны үед дахин хийгдэх юм байна гэдэг ойлгомж авч байна…
13…эдийн засгийн хувьд манай ард түмнийг хэрхэн чинээлэг баян, сайхан аж амьдралтай болгох вэ гэдэг талаар авах арга хэмжээ, хийх ажлын боломжууд их бий. Энэ талаар бид нарт гурван их боломж байна. Нэг, манай орны мал аж ахуй байна. Хоёрт, Газрын хөрсөн доогуур асар их баялаг бий. Гуравт, Газрын хөрсөн дээр байгаа асар их баялаг юм. Энэ бол хоёр сая га газар, 12 сая га ой мод юм. Бид нар бүх хүч, бүх анхаарал, бүх техникээ дээрх 3 зүйлд чиглүүлэх хэрэгтэй юм. Дээрхээс гарах асар их баялаг, боломжийг ашиглаж үйлдвэр байгуулах, түүний бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлд яагаад гарч болдоггүй юм бэ? Энэ нь яагаад манай ард түмний аж амьдралыг дээшлүүлэхэд тусалдаггүй, …ашиглагдахгүй байна вэ?
14…хамгийн чухал, их бэрхшээлтэй асуудал бол хүний асуудал…
15….Бид нар ямар нэг хүний сүрээр нь юм уу хоосон үйл явдлаас айгаад намын амьдралын асуудлыг ярилцахгүй өнгөрч болохгүй юмаа. …зарчмыг сэргээхэд бид нар …өөрсдийн хүчин туслалцаа үзүүлэхээс эрхэм юм байхгүй гэдэгт би итгэж байна. Цаг их идсэн явдалд өршөөгөөрэй…

Бэлтгэсэн Д.Цогтбаатар