Шинэ жилийн баярыг дуу, хөгжим бүжиггүйгээр төсөөлөх аргагүй билээ. Хүн бүрийн сэтгэлд хоногшсон хуучны сайхан дууг бид энэ удаа онцлохоор шийдлээ.
Энэ дуу бол 1988 оны 12-р сарын 31-нд Монголын үндэсний радио, телевизийн “Баярын мишээл” нэвтрүүлгээр анх удаа цацагдаж байсан М.Цэемаагийн шүлэг, О.Билэгтийн хөгжим “Цасны бүүвэй” юм.
1988, 1989 онуудын эстрадын шилдэг дуугаар шалгарч байсан уг дууг хамгийн анх МУСТА, Сэтгүүлч Г.Болор дуулж ард олонд хүргэсэн билээ.
Дуучин Г.Болор “Цасны бүүвэй”
Харин үүнээс 24 жилийн дараа Sweetymotion хамтлаг SBN телевизээс зохион байгуулсан “Манай аялгуу” төслийн хүрээнд уг дууг шинэчлэн дуулсан байдаг. Тэд хөгжмийн найруулгийг шинэчлэн хийж орчин үелэг болгон дуулсан нь уг дууг залуучуудад хүргэхэд том нөлөө үзүүлсэн гэж хэлж болно.
“Sweetymotion хамтлаг” Цасны бүүвэй
Уг дууг хамгийн сүүлд нийтийн дуунд “Хатан зүрхний хайр”, “Харц”, “Хязгааргүй” зэрэг дуунуудаараа өөрийн гэсэн өнгө аясыг тодорхойлж буй Дуучин Б.Уранзаяа дуулжээ. Тэрээр орчин үеийн нийтийн дууны өнгө аясыг гарган шинэчлэн дуулсан нь хүмүүсийн таашаалд ихэд нийцэж байгаа аж.
Дуучин Б.Уранзаяа “Цасны бүүвэй”
“Цасны бүүвэй” уран бүтээл бол бүх насныханд зориулсан шинэ жил болгоноор дуулагдсаар байгаа хөнгөхөн хэмнэл, хөөр баясал авчирдаг шидэт дуу юм. Уг уран бүтээлийг гучаад жилийн хугацаанд гурван уран бүтээлч өөр өөрийн өнгө аяс, авъяас чадвар мэдрэмжээр амилуулжээ. “Цасны бүүвэй” дууг хэн сайн дуулсанг та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ.