МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт Эрдэнэтчүүд ээ!

Та бүхэнд айлчлан ирж буй шинэ оны халуун мэндийг хүргэж, айл өрх бүрд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

2020 он улс орон болон та бидний хувьд шинэ зүйлтэй нүүр тулсан туршлага хуримтлуулсан жил болж өнгөрлөө. Хэдийгээр бид эдийн засгийн хямралтай, цар тахлын дэгдэлттэй нэг жилийг өнгөрөөж байгаа ч аймаг орон нутаг төсвийн орлогоо төлөвлөсөн хэмжээндээ төвлөрүүлж чадлаа. Ачааны хүндийг үүрч, амжилттай ажилласан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын уурхайчид, салбар салбарын баялаг бүтээгчиддээ баярлалаа.

Аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн бүрэн эрх хэрэгжиж эхэлснээс хойш Тэргүүлэгчдийн хуралдааныг 9, Төлөөлөгчдийн хуралдааныг 4, нийт 13 удаа хуралдаж Орхон аймгийн нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэж, хөгжлийн төлөвлөлтөө хийлээ.

Саяхан буюу 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдсан аймгийн ИТХ-ын хуралдаанаар “Орхон аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл”-ийг, мөн “Аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагчийн 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа. Эдгээр баримт бичгүүд бол ирэх жилүүдэд аймгийн хэмжээнд хэрэгжих гол бодлогын баримт бичгүүд юм.

Эрдэнэтчүүд ээ! Улиран одож буй 2020 он түүхэн үйл явдлаар дүүрэн жил болж он цагийн шаргал түүхэнд тэмдэглэгдэн үлдэж байна. Тухайлбал, УИХ болон аймаг нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгууль зохион байгуулагдаж шат шатандаа МАН олонхийн суудал аваад байна. МАН-аас дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг дэмжсэн Эрдэнэтчүүд та бүхэнд талархал илэрхийлье!

Бид бүхний бодлого үйл ажиллагаа төрийн залгамж чанарыг хадгалж бүх бодлого үйл ажиллагаа Эрдэнэт хүний хөгжлийн төлөө чиглэгдэн ажиллах болно.

Улиран одож буй 2020 оны ажлын үр дүнгийн талаар та бүхэнд товчхон хэдэн тоо баримт дурдъя. Тухайлбал,

2020 оны эхний 11 сарын байдлаар манай аймгийн төсөвт 121.9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, төсвийн гүйцэтгэл 115.3 хувьтай байна. Татварын орлогын төлөвлөгөө 4.1 хувиар, татварын бус орлогын төлөвлөгөө 30.0 хувиар даван биеллээ.

Аж үйлдвэрийн салбарт 2.09 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, 2.14 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж, өмнөх оны мөн үеэс үйлдвэрлэлт 6.0 хувиар, борлуулалт 4.8 хувиар өсжээ.

Намрын ургац хураалтаар 10198.1 тн үр тариа, 4507.9 тн төмс, 5822.7 тн хүнсний ногоо хураагаад байгаа нь өмнөх оны мөн үеэс хураан авсан үр тариа 3.3 хувиар, төмс 3.9 хувиар, хүнсний ногоо 43.0 хувиар их байна.

2020 оны эхний 11 сарын байдлаар 70 аж ахуй нэгж 115.8 тэрбум төгрөгийн барилга угсралт, их засварын ажлыг 154 обьектод хийж гүйцэтгэсний 17.2 хувь нь их засварын ажил байна. Гүйцэтгэсэн ажлын дүн өмнөх оны мөн үеэс 62.0 хувиар нэмэгджээ.

Худалдаа, нийтийн хоолны 693 цэг салбар 118.6 тэрбум төгрөгийн бараа гүйлгээ хийж, бараа гүйлгээний нийт хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.6 хувиар өссөн. Нийтийн аж ахуйн үйлчилгээний орлого 17.8 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар нэмэгдсэн эерэг үзүүлэлтүүд олон байлаа.

Дэлхий дахиныг хамраад буй Короновирусийн халдварт цар тахлын улмаас бид бүхэн шинэ жилээ цахимаар тэмдэглэн өнгөрүүлж байна. Ирж буй 2021 онд нийгмийг хамраад буй аюулт өвчний цар тахал намжиж, бид бүхэн энгийн сайхан амьдралдаа эргэн орно гэдэгт итгэлтэй байна.

2021 онд бид Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийн эхлэл Орхон аймгийг хөгжүүлэх 2021 оны төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлнэ. Мөн Ардын хувьсгалын 100 жил, Монголын хувьсгалт залуучуудын эвлэл, Монголын залуучуудын байгууллагын 100 жилийн ой, түүнээс гадна төрөлх Эрдэнэт хотын 45 жилийн ой тохионо.

Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримталж сэтгэл тэнүүн, санаа амар сайхан баярлаарай!

Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, шинэ оны мэнд дэвшүүлье!

ОРХОН АЙМГИЙН

ИТХ-ын дарга Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч
Дашзэвэгийн МӨНХБАТ Сэмжидийн БАТЖАРГАЛ

2020-12-31