Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон гэх үндэслэлээр
1.УИХ-ын гишүүн асан, Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Д.Эрдэнэбат,
2.УИХ-ын гишүүн асан Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Болор,
3.Монгол банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал,
4.Зам тээврийн сайд асан Д.Ганбат,
5.Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд,
6.Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын албаны даргаар ажиллаж байсан Б.Минжбадам,
7.“Ялгуусан” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Л.Санжаадорж нар жил дамнан АТГ-т шалгагдсан. Тэдний гэм буруутай гэж 2020-08-27-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс үзсэн.
Бид уг хэрэгт хэн хэн ямар оролцоотой байсан, тэд энэ хэргийн талаар юу гэж мэдүүлсэн, шүүхээс тэдэнд ямар үндэслэлээр ял оноосон болохыг цувралаар хүргэж байгаа. Бид энэ удаад Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Д.Доржхандын шүүхийн танхимд өөрийгөө өмөөрч юу гэж мэдүүлсэн талаар хүргэж байна.
Яллагдагч Д.Доржханд: Төв аймгийн 6 километрийн авто замын ажил холбоотойгоор буруутгаж яллах дүгнэлт үйлдсэн. Анх 04 дүгээр сарын 03-ны өдрийн сайдын шуурхай дээр энэ ажил яригдаж, энэ замыг эхлүүлэх талаар үүрэг өгсөн. Судлаад үзсэн чинь эх үүсвэр байгаагүй. Тэгээд манай хуулийн болон санхүүгийн хэлтэс эх үүсвэртэй болгох талаар судалсан. Тухайн жил маш сайн ажиллаж төлбөр хураах цэгийг нэмэгдүүлж, авто замын татварыг 3.3 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байсан. Манай яам тухайн хэмнэгдсэн мөнгөөрөө ажилчдаа урамшуулах, нэмж төлбөр хураах цэг барих зэрэгт зарцуулдаг байсан. Энэ мөнгийг зарцуулж болох талаар Сангийн яамнаас зөвшөөрөл аваад Засгийн газарт санал оруулъя гэх зүйлийг манай хуулийн болон санхүүгийн хэлтсийнхэн хэлсэн. Би сайдад ийм мөнгө байгаа юм байна, Сангийн яамнаас зөвшөөрөл авах талаар хэлсэн. Манай санхүүгийн хэлтэс Сангийн яаманд хандаж зөвшөөрөл авах хооронд 04 дүгээр сарын 18 болсон.
Би 04 дүгээр сарын 18-ны өдөр газрын шуурхай хийгээд төв аймгийн зам баригдах болсон. Энэ замын ажлыг мэргэжилтэн Энхтуяа гэх хүнд хариуцуулсан. Эрдэм шинжилгээ судалгаа, төлөвлөлт, зураг төслийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт байдаг. Энэ тодорхойлолтын 2.4-т бэлэн болсон зураг төслийг зохих журмын дагуу хүлээн авч, магадлал хийлгэн дүгнэлт гаргуулах, илэрсэн алдааг засах ажлыг зохион байгуулах гээд ганцхан энэ хүн 10-аад жил зураг төсөв хариуцаж ирсэн учраас энэ ажлыг хариуцуулсан. Тэгээд надад дээр ирээд тухайн зам нь Төв аймгийн өмчийн зам учраас манайд материал байдаггүй, тэгэхээр Төв аймгаас материалуудыг авхуулах ёстой гэж хэлсэн. Зам Тээврийн хөгжлийн яамны 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 06/627 тоот албан бичгээр танай замын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажил хийгдэж байна, зураг төсвөө ирүүлээч гэх хүсэлт явуулсан. Хүсэлтийн дагуу Төв аймгаас ирэхдээ зураг төсөв 4.849.944.315 төгрөг гэх дүнтэй Наранзул гэх хүн хийсэн гарын үсэгтэй төсвийг Энхтуяа надад өгсөн. Энэ төсвийг би Засгийн хуралдаанд оруулсан. 171 дүгээр хавтаст хэргийн 157 дугаар хуудсанд Монгол Улсын Батлан Хамгаалах яамны 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10/1497 тоот албан бичигт тухайн үеийн дэд сайд Дуламдорж Төв аймгийн Баруун Зуунмод сумын 3.5 км, Баянхошуу багийн 2.5 км замуудын 4.849.944.315 төсөвт өртөг бүхий өргөтгөл шинэчлэлийн ажлыг 3.3 тэрбум төгрөгөөр улсын авто замын сангийн эх үүсвэр дэх Олон улс, улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авсан төлбөр хураамжийн давсан орлогоос санхүүжүүлэх, үлдсэн төсвийг 2018 оны төсөвт тусгах Засгийн газрын тогтоолын төслийг дэмжиж байна гэх бичгээр батлагдаж байна. 4.1 тэрбум төгрөгийн төсөв байсныг би мэдээгүй. Бид нар 04 дүгээр сарын 20-нд зураг төсвөө явуулаач гэх хүсэлт өгсөн. Гэтэл 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгаас “Ар Си Эс Си” ХХК-д явуулсан албан бичиг байдаг. 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 07/845 тоотын дагуу төсөвт өөрчлөлт хийх тухай хүсэлтийг захиалагч Төв аймаг нь зураг төсөл хийсэн компани руу явуулсан байдаг. 2017 онд өргөтгөл шинэчлэлийн ажлыг гүйцэтгэхээр болсон бөгөөд Төв Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 07/845 тоот албан тоотын дагуу төсөвт өөрчлөлт оруулах хүсэлт буюу материалын үнэ, тээврийн зардлыг өөрчлөх талаар хүсэлт ирүүлснийг Зам тээврийн хөгжлийн яамны Бодлого төлөвлөлтийн газарт танилцуулсан гэж Нямдаваагийн төсвийн тухай хэлэлцүүлгийн хуралдаанд хэлсэн үгээр батлагдаж байна. Энэ нь 171хх-ийн 49 дүгээр хуудсанд байгаа. 4.3 тэрбум төгрөг гэж гаргасан экспертиз Ха Гантөмөрийн магадлалын дүгнэлтэд авто замуудын өргөтгөл шинэчлэлийн ажлын төсвийг Төв аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 07/845 тоот албан хүсэлтийн дагуу шинэчилсэн тухай дүгнэлтдээ дурдсан. Энэ 171 дүгээр хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд авагдсан.
Монгол Улсын Авто замын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2.2-т тодорхой авто зам, замын байгууламжийг барьж байгуулах, тооцоо судалгаа, техник, эдийн засгийн үндэслэл, хайгуул, зураг төсөв хийлгэх батлах ажил нь өмчийн эзэн буюу Төв аймгийн үүрэг байдаг. Энэ хуулийн дагуу гарсан Зам тээврийн хөгжлийн төвийн захирлын 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн журмын 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ТЗҮ судалгааны тайлан, инженерийн нарийвчилсан зураг төслийг хянаж хүлээж авахдаа захиалагч дор дурдсан шаардлагыг баримтална гээд 10 дугаар зүйлийн 1.7-д магадлалын ерөнхий дүгнэлт гаргана гэж заасан. Энэ журам нь 172 дугаар хавтаст хэргийн 169-175 дугаар авагдсан. Энхтуяагийн ажлын байрны тодорхойлолтод бэлэн болсон зураг төсвийг зохих журмын дагуу хүлээн авч, магадлал хийлгэн гаргуулах илэрсэн алдааг засуулах ажлыг зохион байгуулах гэж тусгасан байдаг. Тиймээс намайг экспертиз хийлгээгүй яллах нь үндэслэлгүй. Би энэ ажлыг эрхтэй хүн биш, үүнийг Мэргэжлийн хяналт болон хариуцсан Энхтуяа нарын үүрэг байсан. Энэ танилцуулга ороод 140 дүгээр тогтоол гарсан. Хэрвээ орон нутгийн замын сангийн хөрөнгөөр энэ ажил хийгдэх байсан бол Төв аймаг хийж байгаа. Олон улс, улсын чанартай авто замын төлбөр хураах журмаар манай сайдын багцад байгаа хөрөнгөөр хийлгэх учраас Засгийн газрын хуралдаанаар оруулсан. Хөрөнгийнхөө эх үүсвэрээс шалтгаалаад хуралдаанд оруулсан байдаг. Зам Тээврийн хөгжлийн төвийн магадлал хийсэн. Магадлал хийлгэх ажиллагаа нь зураг төсөл хийлгэж буй байгууллагын үүрэг байдаг. 4.3 тэрбум төгрөгөөр хийсэн магадлал нь 174 дүгээр хавтаст хэргийн 227 дугаар хуудсанд байгаа. 4.3 тэрбум төгрөгөөр төсөв ирэхээр чинь яагаад ийм болсныг лавлахад Нямдаваа надад технологи нь өөрчлөгдөж фреза гэх машинаар ажлыг хийхээр оруулсан байсан. Энэ машин нь Монголд байхгүй.
Цементээр бэхжүүлэх суурь буюу резакл машинаар сольж байгаа гэж хэлсэн учраас Зам тээврийн хөгжлийн яамны Р.Будад /171хх-ийн 27 дугаар хуудас/ Зам тээврийн хөгжлийн яамны 2017 оны 06 дугаар сарын 08-ны 06/2639 тоот албан бичгээр Төв аймгийн авто замын цементээр бэхжүүлсэн суурийг байгуулах ажлыг резакл машин механизмаар үнэлж тооцсон эсэх талаар тодруулга ирүүлнэ үү гэх хүсэлт гаргасан. Хүсэлтийн хариу 177 дугаар хавтаст хэргийн 28 дугаар хуудсанд авагдсан. Р.Буд даргаас ирэхдээ зохиогчийн төсвийн тооцоонд ашигласан авто зам, барилгын ажлын төсвийн жишиг норм, барилгын норм дүрэм 81252007 нь резакл машин ашиглан газар дээр нь холих аргаар цементээр бэхжүүлсэн хольцоор суурь байгуулах ажил нормчлогдоогүй учир машины цагийн үнийг фреза гэх машинаар төлөөлүүлэн тооцжээ гэх хариу ирсэн.
Үүнийг нь Төв аймгийн Засаг дарга Батжаргалд явуулсан. Зам тээврийн хөгжлийн яамны 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 06/2746 тоот албан бичиг /172хх-ийн 109 дүгээр хуудас/ байгаа. Магадлалын дүгнэлт нь 4.3 тэрбум төгрөг гарсан, энэ дүнгээрээ ажлаа эхлүүл гэсэн албан бичгийг хүргүүлсэн. Гэтэл Зам тээврийн хөгжлийн яаманд Төв аймгийн 07/1021 тоот албан бичиг /172 хх-ийн 78 дугаар хуудас/ 4.3 тэрбум төгрөгөөр уг ажлыг хийх боломжгүй, дахин хянаж үзнэ үү гэх хүсэлт ирсэн. Ингээд намайг зохиомлоор үнэ өсгөсөн гээд байгаа боловч захиалагч байгууллагаас төсөв нэмэгдүүлж өгөхийг хүссэн. Тиймээс үүнийг хянаж үзэхэд 1 хүн нэг зам дээр 4 өөр төсөв гаргасан, хоёр хүн 2 өөр байдлаар магадлал хийсэн байсан. /184 хх-ийн 245 дугаар хуудас/-д 3.863.185.395 төгрөг гэх төсөв, 184 хавтаст хэргийн 242 дугаар хуудсанд 4.121.092.907 төгрөг төсөв, 175 хавтаст хэргийн 227 дугаар хуудсанд 4.338.847.126 төгрөг төсөв, эдгээрийг Ха.Гантөмөр, Энхтуяа нар магадалсан байсан. Нэг хүн дөрвөн өөр төсөв гаргаад хоёр хүн, хоёр өөр янзаар магадлал гаргасан байхаар нь дахиад тэр байгууллагад хандаагүй. Ингээд Зам тээврийн хөгжлийн яамны 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 06/2777 тоот албан бичгээр Авто замчдын холбоонд шинжээч томилуулахаар хандсан.
Намайг албан тушаалаа урвуулан ашиглаж эрх олгогдоогүй Авто замчдын холбоогоор хянуулсан гэж прокуророос ялласан. Би албан тушаалаа хэтрүүлээгүй. Энэ нь Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн яам, Монголын Авто замчдын холбоо хоорондын хамтран ажиллах гэрээний 2 дүгээр зүйлийн 1.4-т авто замын зураг төсөлд экспертиз буюу хяналт, баталгаажуулалт хийх журмын дагуу экспертиз болон зам, барилгын төсөв хийх эрхийг холбоонд шилжүүлэх, мөн уг журмыг боловсронгуй болгох хүрээнд экспертүүдийг даатгалд хамруулах, экспертиз хийх төлбөрийг нэмэгдүүлэх, тусгаж батлах, хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаа явуулж байгаад хяналт тавих гэсэн гэрээний заалттай. Энэ гэрээний заалтын дагуу үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан байгаа. Төрийн нарийн бичгийн дарга, Авто замчдын холбооны ерөнхийлөгч хоёрын үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан. /184 хх-ийн 82 дугаар хуудас, үүний 9 дүгээр зүйлд шаардлагатай тохиолдолд Зам Тээврийн хөгжлийн яамны захиалгаар авто замын байгууламжийн барилгын ажлын төсөвт хөндлөнгийн дүгнэлт гаргах гэж заасан. Зөвхөн энэ зам биш, маш олон зам дээр хөндлөнгийн дүгнэлт гаргаж байсан туршлагууд Авто замчдын холбоонд байдаг. Түүнчлэн 2015 оноос эхлэн шүүхээс Авто замчдын холбоог шинжээчээр томилсон байдаг. Тухайлбал 2016 онд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүх, 2017 онд Баянзүрх дүүргийн шүүх, Баянгол дүүргийн Иргэний анхан шатны шүүхүүд Авто замчдын холбоог шинжээчээр томилж ажиллуулсан байдаг. Шинжээчийн 4.8 тэрбум төгрөг гэж гаргасан дүгнэлт нь 174 хавтаст хэргийн 1 дүгээр хуудсанд байгаа.
Шинжээч нарыг дуудаж авчраад энэ дүн бодитой талаар асуусан. Надад гараараа бичиж өгсөн.
Тухайн төсөвт гаргасан дүгнэлтийг одоо хүчин төгөлдөр мөрдөж буй норм, дүрмийн дагуу шалган баталгаажуулсан бөгөөд энэхүү дүгнэлтийн үнэн зөвийг хариуцах болно гэх Цэрэндорж, Бат-Амгалан гэсэн гар бичмэл дээр тамгаа дараад өгсөн байгаа. Барилгын тухай хуульд төсөвчин нь гаргасан дүгнэлт, дарсан тамгынхаа үнэн зөвийг хариуцах болно гэж заасан. Тиймээс би энэ тоонд хариуцлага хүлээх ёсгүй.
Барилгын тухай хуулиар хариуцлага хүлээх үүрэг нь төсөвчдөд олгогдсон байдаг. 171 дүгээр хавтаст хэргийн 41-51 дүгээр хуудсанд 08 дугаар сарын 03-ны өдөр энэ баталгааг аваад хурал зохион байгуулсан. Бүх талын хүмүүсийг оролцуулан хурал хийсэн. Эхлээд 4.3 тэрбум төгрөгийн төсвийг тооцоололтой нь танилцуулсан. Би төсөвчин биш учраас тооцооллыг нь ярих боломжгүй. Дараа нь Цэрэндорж, Бат-Амгалан 4.8 тэрбум төгрөгийн төсвийг хамгаалахдаа 4.3 тэрбум төгрөгийн төсөвт ийм ийм алдаа байна, ийм зүйлүүдийг орхигдуулсан учраас 4.3 тэрбум гэж гаргасан байна гэж дүгнэсэн. Тухайн хурал дээр хариуцсан хэлтсийн дарга нар бүгд байсан, алдаагаа хүлээн зөвшөөрч байна гэж бүгд хэлсэн. Би мэргэжлийн хүн биш, бүгд дүгнэлтүүдээ хамгаалсан. Бүх эсрэг мэдүүлэг өгсөн хүмүүс дүгнэлтүүдээ хүлээн зөвшөөрсөн.
Р.Буд даргад 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 06/3505 албан тоот явуулсан. Хоёр шийдвэр гаргасан. Танай байгууллагаас гаргасан магадлалын ерөнхий дүгнэлтээс зөрүүтэй шийдвэр гарсан учир танайх шаардлагатай гэж үзвэл Авлигатай тэмцэх газар болон хуулийн байгууллагад хандаж шалгуулах нь нээлттэй болно гээд Зам тээврийн хөгжлийн яамны 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 06/3505 албан тоот /177 хх-ийн 40 дүгээр хуудас/ албан бичгээр хандсан. Тоо бичсэн хуудсан дээр цэнхэр балаар гараар 4.8 тэрбум төгрөг болгож Б.М засаад надаар дамжуулсан гэх зүйлд буруутгагдсан. Гэтэл Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээч томилсон. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн 523 дугаартай дүгнэлтээр Б.М, Д.Д, Ганбаатар нарын гэх бичгийн хэвийн элементүүдтэй хөдөлгөөний үйлдэц, холболт, хэлбэр, чиглэл, байрлал зэрэг элемент, гүйцэтгэлийн хувийн онцлог шинжүүдээрээ тохирохгүй байна гэх дүгнэлт гарсан байна. Гэтэл тухайн цаасанд байгаа Энхтуяа, Түмэнзул нарын бичгийн хэвийг шинжилгээ хийлгэх ёстой байсан боловч Авлигатай тэмцэх газраас тэд нарын бичгийн хэвийг шалгуулаагүй. Авлигатай тэмцэх газраас шинжээч Сэлэнгээ, Саранхүү нарыг томилж шинжилгээ хийлгэсэн. Шинжээч Сэлэнгийн хувьд 20-иод жил англи хэлний орчуулагч, нарийн бичгийн ажил хийж байсан. Замын инженер биш хүн дүгнэлт гаргасан учраас технологио мэдэхгүй. Технологио алдсан учраас шинжилгээнд нь алдаа гарсан. Саранхүү шинжээчийн төсөвчний эрх нь 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болсон. Тухайлбал нэг нь шинжээч хийх эрхгүй, нөгөө нь шинжээч хийх эрх нь дуусгавар болчихсон хүмүүсээр шинжилгээ хийсэн байна. /178 хх-ийн 6-7 дугаар хуудас/ Шинжилгээ хийхдээ 2.5 километр болон 3.5 километр авто зам байгаа. 3.5 километр авто зам нь аспальтгүй, шороо далан байсан учраас энэ зам дээр резакл машин ашиглах шаардлагагүй. Энэ машин нь хуучин аспальт дахин боловсруулах зориулалттай. Харин 2.5 километр зам дээр резакл машин ажиллуулж болно гэж бичсэн. Энэ машинаар бүх замууд дээр шороон замыг цементээр дахин боловсруулж байгаа. Ялангуяа говийн даацын замууд дээр бүгд ашигласан. Тэгээд 8 дугаар сард Саранхүү шинжээч нь резакл машин бол хуучин аспальт зам дээр ашиглах ёстой техник байгаа. Дарханы хуучин замыг цементээр бэхжүүлэх суурийг энэ машинаар хийж байгаа. Ингэж технологи дээрээ алдсан учраас төсөв нь буруу гарсан.
Энхтуяагийн мэдүүлэгт миний 4.1 тэрбум төгрөг гаргасан үнэ бол үнэн гэж хэлсэн. Мэргэжлийн хүмүүсийн гаргасан дүгнэлтээр 4.1 тэрбум төгрөг нь үндэслэлгүй гэж үзсэн байдаг. Төв аймгаас 4.3 тэрбум төгрөг бага байна, энэ дүнгээр ажил гүйцэтгэх боломжгүй гэх бичиг ирсэн. Шинжээч дүгнэлтээр 4.3 тэрбум биш, 4.4 тэрбум төгрөг нь үндэслэлтэй гарсан. Тэгэхээр нь 4.1 тэрбум нь үндэслэлгүй, 4.3 тэрбум нь бага байсан гэдгийг нотолж байна. Тиймээс мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд аудит хийлгэх тухай хүсэлт гаргаж байсан боловч хүлээж аваагүй. Бас нэг буруутгаж байгаа зүйл нь Б.М, Г бүлэглэн хийсэн гэдэг.
Б.М нь 04 дүгээр сарын 19-ний өдөр түргэний машинаар эмнэлэгт хүргэгдэж хэвтсэн. М албан томилолтоор явж байгаад аваарт ороод нуруу хугарч маш удаан хугацаагаар эмчлэгдсэн. Тэгээд аваарын нөхцөл байдлын улмаас тэнцвэр алдалт өвчтэй болж маш хүнд, хурц хэлбэртэй байсан. 04 дүгээр сарын 20-ны өдөр би Төв аймаг руу зураг төслөө ирүүлэх хүсэлт явуулсан. Энэ хүн байгаагүй. Тухайн ажлыг хариуцсан мэргэжилтэн Энхтуяа байсан. Ирсэн, явсан бичиг дээр боловсруулсан Энхтуяа гэж байгаа. Энэ нь тухайн ажлыг Энхтуяа хариуцаж байсныг нотолно.
Гэтэл Энхтуяа мэдүүлэгтээ “тэгсэн юм шиг байгаа юм, ингэсэн юм шиг байгаа юм” гэх мэтээр өөрөө огт хийгээгүй юм шиг мэдүүлэг өгсөн байдаг. Хурлын тэмдэглэлд технологи өөрчлөгдсөн учраас 4.8 тэрбум нь үндэслэлтэй байсан гэдгийг өөрөө баталсан” гэж мэдүүлсэн юм.
Холбоотой нийтлэл