Дуучдын дуулах ур чадварыг ихээхэн шалгадаг ч ард түмний хайртай дуу болж чадсан дал, наяад оны жинхэнэ хит дуу бол “Орь залуу нас” юм.

Уг дууны хөгжмийг МУУГЗ Т.Насанбуян 1968 онд зохиож, Шүлгийг МУСГЗ Ж.Бадраа 1971 онд бичиж байжээ.

Хамгийн 1978 онд анх дуучин “Баян Монгол” чуулгийн М.Янжиндулам дуулж олны хүртээл болгов.

Дуучин М.Янжиндулам гэхлээр дал, наяад оныхон андахгүй. Хамгийн анх “Аавдаа” дуугаар олноо танигдсан түүний дараагийн хит дуу “Орь залуу нас” байлаа.

Ерээд оны төгсгөл 2000 оны эхээр энэ дууг дуулах оролдлогыг их олон дуучид хийсэн. Энэ бол манай дуучдын сэтгэмж, мэргэжлийн ур чадвар ахисаныг илтгэх явдал юм.

Дуучин С.Сэрчмаа

2002 онд Дуучин С.Сэрчмаа “On and Off продакшн” Үндэсний телевизтэй хамтран “Цэнхэр дэлгэц-2” нэвтрүүлгээр дуулсан байдаг. Түүний дуулалтаас орь залуу насны гэгэлгэн зан, санагалзсан, ухаарсан, бодлогшрон бодсон шинжүүдийг дуулалтаас нь олж харж болно. Тэрээр бусад дуучдаас хоолойны цар хүрээ, дуугаа илэрхийлэх аргаараа ялгарах ажээ. Учир нь С.Сэрчмаа дуугаа үгүйлж, ярьж дуулдаг гэмээр.

“Сүлд” чуулгийн дуучин Э.Сүнжидмаа

2010 онд “Сүлд” чуулгийн дуучнаар ажиллаж байгаа өөрийн уран бүтээлийг хийх болсон дуучин Э.Сүнжидмаа. Бусад энэ дууг дуулсан бүх дуучдаас нэг тоон дээгүүр дуулсан байна. Энэ нь өөрийн хоолойны цар хүрээгээ таниулах, мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж байсан хүний хувьд бие дааж ганцаарчилсан уран бүтээл гаргана гэдэгт өөрийн өнгө аясыг тодорхойлох ёстой. Тэр энэ дуугаараа өөрийгөө тодорхойлохыг хүсч залуу хүн гэдэг илэрхийлэмжээ илэрхийлж дуулжээ.

Дуучин Ц.Мөнхзул

2016 онд МУСГЗ Ж.Бадраа агсаны 90 насны ойд зориулсан тоглолтонд дуучин Ц.Мөнхзул дуулжээ. Түүний гаргаж байгаа өнгө, өнгөө илэрхийлж байгаа илэрхийлэмж, үгээрээ дамжуулж аялгууны тансаг сайхныг хүмүүст мэдрүүлж байгаа, тайз эзэмшиж байгаа нь бусад дуучидаас онцлогтой харагдана.

Дуучин Г.Эрдэнэтунгалаг

“Байнга нийтийн дуу дуулахаар өөрөө хөгжихгүй. Тиймээс бусад урсгал чиглэлээр дуулж байгаа” хэмээн өөрийн дуулах ур чадвар, авьяасыг өөр урсгал чиглэлийн тэр тусмаа энэ дуугаар илэрхийлэхийг дуучин хүсчээ.

https://fb.watch/306sbLwe_Q/

Дуучин Б.Солонго

Энэ бол “Орь залуу нас” дууны цор ганц өвөрмөц “жазз” хувилбар. “Баян монгол” чуулгатай дуулсан Б.Солонго жазз блюз хэв маяг маш өвөрмөц хувилбар. Энэ дуулалтаас
50 жилийн дараа “Баян Монгол” чуулгийн мэргэжлийн ур чадвар хэрхэн хөгжиж дэвшсэнийг харах боломжтой.

“My voice” шоуны оролцогч Г.Бүрэн-Ирээдүй

Монгол HD телевизээс зохион байгуулдаг “My voice” шоуны оролцогч Г.Бүрэн-Ирээдүй уг дууг эхний шатандаа дуулсан нь олны сонорт их хүрсэн. Түүний дуулалт бусад дуучдынхаас дууны найруулга, дуурьсал, аялгуугаар дуулаачийнхаа хоолойны өнгө, онцлогийг гаргаж байгаа зэрэг нь үнэхэээрийн онцлог байв. Түүний “Орь залуу нас” дуунд хийсэн хөгжмийн найруулга өмнөх дуулсан дуучдынхаас хамгийн өвөрмөц, сайн гэж хэлж болох мэт.

Дуучин Д.Отгонжаргал

“Орь залуу нас” дахин амилав. Өөрийн үзэсгэлэнт царай, дуучны уран чадвар, дууг амилуулах авьяасаараа гайхагдаж “сэтгэлийн дуучин” гэгддэг Дуучин Д.Отгонжаргал хамгийн сүүлд “Орь залуу нас”-ыг дахин амилуулжээ.

“Орь залуу нас” бол хитийн хит дуу юм. Та бүхэн хэн нь илүү амилуулсанг дор бүрнээ тунгаах биз ээ. Дээр дурьдсан хувилбаруудаас та бүхэн дуучин бүрт байгаа өөр өөрийн гэсэн онцлог, дуулах ур чадвар, дуугарч байгаа хөгжмийн найруулгийн ид шид, шинэчлэлт, өөрчлөлтийг олж сонсох боломжтой.

Б.Мөнхжаргал