Манай хамт олон өнөөдрөөс цоо шинэхэн буланг та бүхэнд хүргэж эхлэж байна. Сонсох дуртай дууныхаа бүтсэн түүхийг бүтээсэн эздээс нь мэдэх боломжийг та бүхэндээ хүргэж байна. Та бүхэн өөрийн дуртай дууны түүхийг мэдэхийг хүсч байгаа болон бидэнд бас хандаж болно.

Өнөөдөр та бүхэнд Яруу найраг, МУСТА Х.Болор-Эрдэнийн шүлэг, МУСГЗ “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулууны хөгжим, МУСТА дуучин Б.Баярцэцэгийн дуулсан “Намайг зур” дууны түүхийг эрхэм яруу найрагч хэрхэн бүтсэн түүхийг хуваалцая.

2009 оны өвөл СУИС-ын гудамжинд хүнтэй уулзах гээд явж байхдаа “Бүхнийг гүйцээ. 247” гэж бөөрөн дээр нь сийлсэн хугархай бийр олсон юм. Харамсалтай нь бийрийг тэг дундуур нь хуга дараад чулуудчихсан бололтой байлаа. Би дотроо “Хэн нэгний хайртай залуу эсвэл бүсгүйдээ зориулсан тэр бүтээгч багаж бүтэлгүй дурлалын золиос болж дээ” гэж бодсон юм.

Тэр бодлоос улбаалаад “Зураач энэ бийрээр хайртай хүнээ зурсан болов уу?” гэсэн сониуч бодолд өдөржин ээрэгдэв. Бодол хөвөрсөөр, таамаг амилсаар аманд “Намайг зур, хайрт минь…” гэсэн мөрүүд орж ирээд байлаа. Тэгээд хайрлана гэдэг нэгийгээ зурж бүтээхтэй ижил үйл юм байна гэдгийг ойлгов. Яаж хайрлана, хань ижилээ хүн тиймээр л бүтээдэг юм байна гэсэн санаагаа шүлгэндээ шигтгэхийг хичээв. Хосууд бие биенийхээ хайрын зураас цэг бүхнийг өөрсдөө бүтээдэг юм байна гэсэн бодол ч ургав.

Тэгээд энэхүү дууны шүлгийг blogspot-ын “Диваажингийн хоригдол” блог дээрээ нийтэлсэн юм. Мартсан байсан тэр шүлгээ 2018 онд мөн л Баяраад өгөв. Баяраа “Никитон”-ы Батчулуунд өгөв.

Ингээд яг 10 жилийн дараа (Магадгүй бийрийг олж харсан ойн дээрээ ч байж мэднэ) тэрхүү “Намайг зур” шүлэг дуу болон амилсан юм. /2019.01.31/

Яруу найрагч Х.Болор-Эрдэнэ

Ая МУСГЗ Б.Батчулуун

Үг МУСТА Х.Болор-Эрдэнэ

Дуучин МУСТА Б.Баярцэцэг

НАМАЙГ ЗУР

Намайг зур, хайрт минь

Үсний минь ширхэг бүрийг

Амьсгалаараа зур

Даашинзны минь хормойг

Дэрвүүлэнхэн зур

Даарч байгаа мэт санагдвал

Тэвэрч байгаагаараа зур.

Намайг зур, зураач минь

Нарийхан бийрээрээ

Нандигнан зураарай.

Намайгаа зур, хайрт минь

Намуухан дуу аялангаа

Хөхний минь товчийг зур

Өрөөсөн нүдээ

Сүүмийлгэж байгаад

Хэнхдэгийг минь буд

Өнгө будаг нь зөрчих вий

Харцаа бүү салгаарай.

Намайг зур, зураач минь

Нарийхан бийрээрээ

Нандигнан зураарай.

Намайгаа зур, хайрт минь

Зураас, цэг бүрийг минь

Өөрөө тавь

Өөр хэний ч тэвэрт

Баригдашгүйгээр зур

Харин өөрийнхөө гарын үсгийг

Үлдээхээ мартав аа.

Намайг зур, зураач минь

Нарийхан бийрээрээ

Нандигнан зураарай