ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораторид нэгдүгээр сарын 19-нд нийт 13318 сорьцод шинжилгээ хийхэд 32 хүнээс Сovid-19 илэрлээ. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн.
Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 19 дүгээр байрны нэг орцны зургаан айлын хүмүүс халдвар авсан. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас нэгдсэн шинжилгээг хийхэд 13 хүнээс вирус илэрсэн. Орцонд халдвар тархсантай холбоотойгоор ЭХЭМҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн нэг эмч халдварт өртсөн. Тус төвд халдварын голомтын хариу арга хэмжээг авч, 900 гаруй ажилтныг өчигдөр PCR шинжилгээнд хамрууллаа. Эхний байдлаар 600 хүний хариу сөрөг гарч, ажиглан тусгаарлаж байна.
Мөн “Монос” оффистой холбоотой тусгаарлагдаж байсан гэр бүлийн хавьтлууд, засвар хийж байсан хүмүүс халдварт өртсөн. Ингэснээр Улаанбаатарт хотод Covid-19 халдварын батлагдсан тохиолдол 741 боллоо. Энэ хугацаанд орон нутагт нэмж халдвар бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд багц өвчлөлийн тохиолдол 1067 болж, сүүлийн 24 цагт 38 хүн эдгэрсэн. Монгол Улсын хэмжээнд Covid-19 халдварын нийт батлагдсан тохиолдол 1568 болсон.