Анхлан Монгол туургатны “Дууны их наадам”-д тэргүүн байр эзэлж “Чамайг тойрон эргэлдэнэ” хэмээх дууг дахин амьлуулж олонд хүргэсэн дуучин бол Соёлын тэргүүний ажилтан Пүрэв-Очирын Түдэвдорж юм. Түүний уран бүтээлийн анхны бие даасан тоглолт энэ сарын 12-нд болох гэж байна. Ингээд дуучин П.Түдэвдоржтой ярилцсанаа хүргэе.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе?
-Баярлалаа. Танд болон танай нийт уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе.
– Уран бүтээл хийж эхэлснээсээ найман жилийн дараа анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Сонсогч, ард түмний дунд хүлээлт үүсгэж байгаа анхны тоглолтын бэлтгэл ажил хэр явагдаж байна?
-Тоглолтын бэлтгэл ажил маш сайн явж байна. Өнгөрсөн жилийн аравдугаар сараас эхлэн бие даасан тоглолтоо хийе гэж төлөвлөөд бэлдэж эхэлсэн. Одоо тоглолтын ерөнхий бэлтгэл болоод суурь бэлэн болсон гэж хэлж болохоор байна.
-2011 онд Тува, Буриад, Якут, Халимаг гээд Монгол үндэстний 5700-аад дуучин оролцсон “Монгол туургатны дууны их наадам” болсон. Энэ тэмцээнд та тэргүүн байрыг эзэлсэн байдаг. Тэр тэмцээн дээр хамгийн анх “Чамайг тойрон эргэлдэнэ” дуугаа дуулсан байдаг байх, тийм ээ?
-Тийм. Монгол туургатны “Дууны их наадам”-ыг хамгийн анх 2008 онд Монголын үндэсний радио, телевизээс зохион байгуулж байхад нь би үзэж байлаа. Тэр тэмцээнд соёлын тэргүүн ажилтан Э.Төрмандах ах маань түрүүлж байсан. Харин 2011 онд хоёр дахь удаагаа болж надад оролцох боломж гарсан. 2011 онд анхныхаасаа илүү өргөн цар хүрээтэй болсон. Миний хувьд тэрхүү наадмын сүүлийн шатанд “Чамайг тойрон эргэлдэнэ” хэмээх сайхан дуугаа дуулж түрүүлсэн. “Чамайг тойрон эргэлдэнэ” дууг хамгийн анх 2010 онд өөрийн хоолойгоор студид бичүүлсэн байдаг. Энэ дууг би бага байхдаа хөдөө хурга, ишигний бэлчээрт дуулж өссөн. Хамгийн анхны уран бүтээлийн гараа “Чамайг тойрон эргэлдэнэ” дуунаас эхэлсэн. Тэр үеэс өдийг хүртэл энэ сайхан дуугаараа олон танигдаж одоо анхны уран бүтээлийн цэнгүүнээ энэхүү дуугаараа нэрлээд хийх гэж байгаадаа баяртай байна.
– “Монгол туургатны дууны их наадам”-д түрүүлснээр дуучин болох эхлэл тавигдсан гэж хэлж болно. СУИС-д урилга авч дуурийн дуулаачдыг төрүүлсэн гавъяат багш Ц. Ерөө багшийн удирдлага дор дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн. Яагаад зохиолын дуу дуулах болов?
-Ер нь бол дуурийн дууны анги төгссөн бол дуурийн дуучин болох ёстой гэж би боддоггүй. Хамгийн гол нь хүний өөрийнх нь сонирхол чухал. Гавьяат жүжигчин С.Жавхлан ах шиг дуучин болно гэдэг нь миний багын мөрөөдөл байсан.Б.Бямбабаяр багш надад хоолойны чинь тембр нийтийн дуу талруугаа дуулвал их аятайхан шүү. Байгалиас өгөгдсөн тембрээ алдаж болохгүй гэж зөвлөсөн. Тэгээд Б.Бямбабаяр багш маань Ц.Ерөө багштай ярилцаад мэргэжлийн хичээлийг маань дуурийн тавилтаар биш нийтийн дуу дуулахад дөхөм байх талаас нь заалгасан байдаг. Ингэж нийтийн дуучин болох гарааг тавьсан.
– Өнгөрсөн зургадугаар сард анхны “ Чамайг тойрон эргэлдэнэ” цомгоо өлгийдөн авсан. Цомгийн талаар мэдээлэл өгвөл?
– Миний урын санд 50 гаруй уран бүтээл байдаг. Цомог маань нийт 13 дуунаас бүрдсэн. Хуучны сайхан дуунууд болон өөрийн шинэ уран бүтээлүүдээс бүрдсэн байгаа. Цомгийн хэвлэлтийг Солонгос Улсын Сөүл хотод хийлгэсэн. Ер нь бол өөрийнхөө хэмжээнд чанартай хийхийг зорьж ажилласан.
– Цомогт багтсан дуунуудын болон бусад дуучдын цомгоос ялгарах онцлог нь юу вэ? Таны цомгоос сонсогчид ямар мэдрэмж авна гэж бодож байна вэ?
-Миний цомогт багтсан дуунууд ерөнхийдөө намуун зөөлөн өнгө аястай. Тэгэхээр миний цомгийг аваад сонссон хүмүүс тайвшралыг мэдрэнэ гэдгийг хэлмээр байна. Олон хүнээс Түдэвээгийнхээ дууг сонсохоор тайван амгаланг мэдэрдэг гэх урмын үг сонсож байсан.
-Таны уран бүтээлдээ баримталж гол зарчим юу вэ?
-Эргээд харахад чамгүй хэдэн уран бүтээл хийсэн байна. Өнгөрсөн хугацаанд туршлагагүй үе байсан одоо ч туршлага дутах зүйл байдаг. Гэхдээ л чадахаараа чанартай уран бүтээл гаргахыг зорьдог.
– Зарим дуучдыг бодвол их удаж анхны бие даасан тоглолтоо хийж байна. Энэ нь таны даруухан зантай холбоотой байна уу?
-Миний хувьд би ийм юм хийлээ, ингэлээ гээд хүмүүст яриад хөөрцөглөөд байхыг хүсдэггүй. Үнэ цэнэгүй санагддаг. “Чи сайн хөдөлмөрлө, хөдөлмөр чинь чиний өмнөөс ярина” гэж үг байдаг. Тийм болохоор би өөрийн хийх ёстой юмаа чанартайхан хийгээд явахыг илүүд үздэг. Хүмүүсээс тоглолтоо хэзээ хийх вэ? цомгоо гаргаач гэх мэтээр сэтгэгдэлүүд зөндөө л ирдэг байсан. Гэхдээ ямар ч юманд цаг хугацаа гэж байдаг. Цаг нь болоогүй байсан гэхүү дээ.
Сошиал ертөнцөд ялангуяа “фэйсбүүк” дээр “Чамайг тойрон эргэлдэнэ” дууг “сүнстэй дуу”…. “зарим нь чамайг тойрон эргэлдэнэ гэнэ ээ энэ одоо ялаа юу” гэх мэтээр комментууд бичсэн байдаг. Та үүнийг хэрхэн хүлээж авдаг вэ?
-Тийм сэтгэлдэл байдаг. Энэ дууны үгийг Ардын уран зохиолч, төрийн шагналт Б.Лхагвасүрэн гуай бичсэн. 70-80-аад оны хит дуу. Б.Лхагвасүрэн гуайн хайрын шүлгүүдийг ажаад байхад хайрыг хүний сэтгэлийг агуу их байгалийн үзэгдэлтэй зүйрлэн бичсэн байдгийг цөөнгүй харж байлаа. Жишээ нь, хамгийн сүүлд хит болоод байгаа “Үзэсгэлэнт минь” гэдэг дуу байна. Бид бүгдийн сайн мэдэх “Хос багана” дуунд “Алтан нарыг тооноон гээд алаг дэлхийг гэрээн гэвэл” гээд л сайхан шүлгэлсэн байдаг. “Чамайг тойрон эргэлдэнэ” ч мөн адил тийм маягаар илэрхийлсэн үгтэй. Зарим нь энэ дууны үгийг сонсоод агуу их зохиолчын сэтгэмжийг биширч байхад зарим нь сүнс, ялаа шумуул бодож байх жишээний. /инээв/ Хүн бүхэн тархиныхаа хэмжээгээр л сэтгэдэг шүү дээ. Тийм учраас би нээх эмзэглэдэггүй. Энэ дууг хаана ч, хэзээ ч дуулсан аз жаргалыг мэдэрдэг.
– “Чамайг тойрон эргэлдэнэ тоглолтын онцлогоос дурьдвал?
– Миний тоглолтын хамгийн гол онцлог нь 60 хувь нь хуучны дуунууд үлдсэн 40 хувь нь миний шинэ уран бүтээлүүд байгаа. Миний тоглолтонд урилгаар гавьяат жүжигчин Ч.Түвшинтөгс, Х.Лхагвасүрэн/Харанга/ нар болон миний гэргий Д.Бямбасүрэн оролцоно. Тоглолтод би өөрөө дангаараа 21 дуу дуулна. Тоглолтон дээрээ ам барьж ард түмнээ хуурахгүй. /инээв/ Тоглолтын ерөнхий найруулагчаар гавьяат жүжигчин С.Сүхбаатар гуай ажиллаж байгаагаа хэлэхэд таатай байна. Сайхан тоглолт болно оо. Мундаг багтай ажиллаж байгаа учраас итгэлтэй байна.
-Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа. Цаашдаа олон сайхан уран бүтээл хийж, олон түмэндээ хүргээрэй.
-За баярлалаа. Нэг дуу бүтээхэд маш олон хүн оролцсон байдаг. Хүн харахад би ганцаараа дуулж байгаа мэт боловч үүний цаана том баг ажиллаж байдаг. Тийм учраас тэдэндээ баярлалаа гэж хэлэх нь зүйтэй. Ер нь надад тусалж дэмждэг хүмүүс их учраас нэр цохоод дуусахгүй. Тэгэхээр бүгдэд нь баярлалаа гэж хэлмээр байна. Мөн танай уншигчид болон хамт олонд тань амжилтын дээдийг хүсье.
Бэлтгэсэн Л.Мөнхжаргал
2 сэтгэгдэл
Сайтуудаар сонин сонин ярилцлага яваад байсан. Энэ харин овоо засчихсан байх чинь. Ярилцлагыг хэн дуртай нь хийхээ больмоор юм
Сайн дуулдаг залуу шүү. Тоглолтонд нь амжилт хүсье