Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн төвд зоос залгисан өгүүлэмжтэй нэг настай хүүхэд ирсэн байна. Хүүхдийн хоолойд тээглэсэн зоосыг эмч нар мэс ашиглахгүйгээр авч чадсан байна.

6 сартайгаас 3 нас хүртэл хүүхдэд гадны биет залгих нь ховор биш тохиолддог. Хэдийгээр дийлэнх тохиолдолд (80-90%) залгисан биет хоол боловсруулах замыг саадгүй туулж өөрөө ямар нэг хүндрэлгүй гардаг ч ховор тохиолдолд нээлттэй хагалгаа эсвэл дурангийн эмчилгээ хийж авах шаардлага үүсдэг байна.
Зарим тохиолдолд гадны биет хүүхдийн амь нас, өсөлт хөгжил, эрүүл мэндэд ноцтой аюул учруулах нь бий. Тухайлбал хамгийн аюултай нь товчин зай юм. Товчин зай залгисан тохиолдолд шинж тэмдэг илэрч буй эсэхээс үл хамааран түүнийг яаралтай авах заалттай. Учир нь товчин зай хоол боловсруулах замд ороод хайлж түүнээс сулрах гидроксид (маш хүчтэй хүчил) нь салстыг түлэхээс гадна товчин зай өөрөө цахилгааны түлэгдэл үүсгэдэг. Энэ аюултай гэмтэл ердөө 2 – 4 цагийн дотор л үүсдэг гэдгийг анхаараарай. Товчин зайны диамерт хэдий чинээ их байна, үүсгэх гэмтэл нь төдий чинээ их. Мөн товчин зайг авахгүй удах тусам үүсгэх гэмтэл нь нэмэгдэнэ (түлэгдэж шархалсан хэсэг цоорох).

Иймд ийм зай залгисан тохиолдолд 2 цагийн дотор дуран хийж авах заалтыг анагаах ухаан баримтлаж байна. Тиймээс эцэг эхчүүд бяцхан үрсийнхээ гар хүрэх газраас дээрх зүйлсийг холдуулах, хүүхдэд тавих анхаарал хяналтаа сайжруулахыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.