Дуучин Т.Ариунаа цахим хуудаснаа “Нэг л амьдарна шүү дээ” юу?

Таны хувьд үнэт зүйл гэж юу болох, юу үнэ цэнэтэй вэ, юуны тулд амьдарч байна вэ гэдгээ бодож тунгаадаг уу?

Энэ хорвоод мөнгөөр худалдаж авч болдоггүй үнэт зүйлс гэж байдаг. Гэр бүл, үр хүүхэд,хайр, амар амгалан, баяр хөөр, сайхан сэтгэл, нинжин сэтгэл, өөртөө итгэх итгэл, энэрэл нийгүүсэл гээд л… Энэ бүхэн бол бидний үнэт зүйл бөгөөд бидний ХҮН гэх илэрхийлэл юм.

Одоо харин гол сэдэв рүүгээ оръё. Учир юу вэ? гэвэл, ӨНӨӨДӨР миний хамгийн үнэ цэнэтэй хүн болох ханийн минь мэндэлсэн өдөр. Миний хань Сэлэнгэ аймгийн Зүүн хараа хотод Гүнгэрэгжавийн 7 дахь хүү болон мэндэлсэн билээ. Ханийн маань ээж Дулмаа 12 хүүхэд төрүүлсэн, өндөр насыг наслаж яваа буянтай сайхан азай буурай. Сайхан ханийг минь төрүүлсэн ижий минь ерөөлтэй еэ. Та минь зуу насалж зургаадай таяг туулаарай.

Би ханьтайгаа ханилаад 22 жил болж байна.

Урсах он жилүүдэд бид хамтдаа, цаг наргүй хөдөлмөрлөж, үр хүүхдүүдээ өсгөн бойжуулж, бидний уйгагүй ажилласан нөр их хөдөлмөрийн үр дүн буй болсон амьдрал, сайхан хамт олон, хамтдаа босголцсон бүхэн юутай үнэ цэнэтэй билээ.

Мэдээж, амьдрал дандаа дардан байдаггүй шүү дээ. Бид ороо бусгаа цаг үеийг тойрч биш туулж яваа жирийн л нэгэн гэр бүл.

Хорвоогийн тоосон дунд нийгмээс болон өрөөл бусдаас шалтгаалсан шударга бустай нүүр тулж, уналт босолт, шүүлт, аврал гээд бүгд ялгаагүй бидний замд таарсан юм.

Энэ бүхнийг айдсаар тойрох биш туулж даван, ялан дийлэхийн тулд тэсвэр, тэвчээр хатуужил ханийг минь сорьж, тэр минь энэ цагийн хэлмэгдүүлэлт, уйтгар гуниг, доромжлол гүтгэлэг, цөхрөлийг сөрж, үнэний төлөө мятаршгүй тэмцэж, ялсан юм. Гуниг татсан эдгээр өдрүүд гэр бүлийн минь үнэт зүйлийг улам бүр бататгаж, биднийг дахин шинээр төрүүлж, амьдрал доторх амьдралыг таньж мэдэх, хүмүүсийг ялган таних мэлмийг нээж, энэ сэтгэлийг ухамсрын төвшинд гайхалтай сэрээж өгсөөн.

Гэр бүл минь улам бүр ухаажин батжиж, улам бат бөх болж ямар ч салхи шуурганд ганхахгүй хад мэт гэр бүл, хувь хүнээ хамтдаа дахин шинээр босгож бүтээж байгууллаа.

Амьдрал гайхалтай. Мөнхтэнгэр биднийг үргэлж ивээж, жинхэнэ үнэнийг нээн ухааруулж, бидэнтэй хамт байсан он жилүүддээ баярлалаа.

Намайгаа үргэлж түшиж тулж, урам зориг өгдөг, итгэл найдвар дотор хайр, баяр хөөр, амар амгаланг сэтгэлийн дэмээр ундаалж, дотоод хүч чадлыг нэмж байдаг, гал дөлтэй насны минь гал халуун хайр минь чамдаа ахин дахин талархъя.

Та минь 2 сайхан хүүгийн минь аав, жинхэнэ эр хүн байхын үлгэрлэл, уужуу ухаан, холч хараа, зориг тэвчээр, мэргэн ухаан, сургаалт үгс, дөлгөөн зан, хөгжилтэй хошин мэдрэмж, үр хүүхэд хань ижил найз нөхдөдөө элгэмсэг, нинжин сэтгэл, өгөөмөр сэтгэл нь дундаршгүй их билээ. Аавын минь оронд аав, ээжийг минь орлож, найз шиг минь зөвлөж, сэтгэлийн хат тэвчээрийг өөрөөрөө үлгэрлэсэн мятаршгүй, чин зоригтой хань минь чамаараа би гоёно оо. Яадаг юм. Хүмүүний орчлон дээр хүн болж төрсөн минь учиртай

Хүүхэн зүрхнийхээ чанадаас зөнгөөрөө би чамдаа дурласаан

Амьдралын их далайд айл гэр болон голомтоо асаасан

Амин хайрын эзэн эр хүн та миний л хань шүү дээ

Замбуулин хорвоогийн захгүй уудмийг хамтдаа туулах гээд

Заяагаар учирсан жаргалын түшиг чи минь дээ

Ганцхан насандаа чамайгаа хайрлах учиртай
Гал дөлтэй залуу сэтгэлээ чамдаа өгсөн
Орчлон дээр нэг нэгнээ олж

Оддын доор ханилах тавилантай

Оломгүй хайрын эзэн

Эр хүн та миний л хань шүү дээ

Эрхэм хань, насны минь хайр чамдаа үзэглэв.

2021 оны II сарын 2-нд

Хань Т. Ариунаа, хүү Б. Алдар, хүү Б.Өнөболд нараас нь…” хэмээжээ.