Жил бүр билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан “Насны хишиг”-ийг 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа олгож байхаар УИХ-аас хуульчилсан байдаг. Энэ жил Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн энэ сарын 24-нд тохионо.

Насны хишиг хэзээ олгогдох талаар Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газрын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан дэд дарга Т.Бадрахбаяр “Халамжийн системээс олгож буй мөнгийг иргэд өмнө нь банкан дээр очиж авдаг байсан бол одоо бүгдийг нь дансанд холбосон. Өөрөөр хэлбэл, насны хишгийн нэрийн дансыг тэтгэврийн данстай нь холбож өгч байгаа. Ингэснээр банкан дээр очиж дугаарлаж зогсох шаардлагагүй, карттай бол АТМ-аас мөнгөө авчихна. Хэрэв картгүй бол өөрт ойрхон аль ч банкны салбараас насны хишгийн мөнгөө авах боломжтой.

“Насны хишиг”, “Эхийн алдар одон”-ийн мөнгийг энэ сард шинэ үйлчилгээгээр олгож буй гэдэг утгаараа гурван удаа буюу хоёрдугаар сарын 9, 17, 25-ны өдрүүдэд тус, тус гүйлгээ хийгдэнэ.

Тодруулбал, хоёрдугаар сарын 9-нд бүх гүйлгээ хийгдэх хэдий ч ямар нэгэн байдлаар данс, регистрийн дугаар нь зөрсөн бол гүйлгээ буцаж ирдэг тал бий. Тийм тохиолдолд тухайн хүнтэй нь холбогдож, алдаа гарсан бол дахин баталгаажуулаад хоёрдугаар сарын 17, 25-ны өдрүүдэд залруулж гүйлгээ хийнэ гэсэн үг. Хоёрдугаар сарын 9-ний өдөр буцсан гүйлгээ гарвал 17-нд залруулах бөгөөд 17-ны өдөр буцсан гүйлгээ гарвал дахиад 25-ны өдрүүдэд залруулаад нөхөн олгох юм” гэлээ.

Насны хишгийн хэмжээ:

65-69 настай ахмад настанд 50,000 төгрөг;

70-79 настай ахмад настанд 80,000 төгрөг;

80-89 настай ахмад настанд 150,000 төгрөг;

90 ба түүнээс дээш настай ахмад настанд

250,000 төгрөгийг тус тус олгох юм.