БЗД-ийн 5-р хорооны 6-р байранд 2021 оны нэгдүгээр сарын 29-ны өдөр сovid-19 халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж, цагдаагийн хамгаалалтад авсан.

Үүнээс хойш өчигдөр нийт 10 өрхийн 21 иргэнээс халдвар илрээд байна. Тодруулбал, батлагдсан тохиолдол бүртгэгдсэний дараа 57 айлын 85 хүнийг шинжилгээнд хамруулахад, 7 айлын 12 хүнээс халдвар илэрсэн бол энэ сарын 4-нд хоёр дахь давтан шинжилгээг хийхэд дахин 3 айл өрхийн 9 хүнээс халдвар илэрлээ. Үүнтэй холбоотойгоор, тус байрны цагдаагийн хамгаалалтыг буулгахгүйгээр, гэрийн ажиглалтын 14 хоногийг үргэлжлүүлж байна.

Мөн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 48а байр, 5 дугаар хороо 205 дугаар байр, 14 дүгээр хороо “Шинэ үе” хотхоны 102 дугаар байранд хөл хорио тогтоож цагдаагийн хамгаалалтад авлаа. Яг одоо тухайн байрнуудын иргэдийг шинжилгээнд хамруулах, ариутгал халдваргүйжилт хийх, иргэдийг мэдээ, мэдээллээр хангах ажлыг дүүргийн шуурхай штабаас зохион байгуулж байна.

Цагдаагийн хамгаалалт авсан хугацаанд, хоол, хүнс шаардлагатай айл өрхүүдээс захиалга авч хүнс хүргэх ажлыг зохион байгуулж байна. Мөн ариутгал, халдваргүйтэл болон хог ачилтыг тогтмол хийж, аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Тусгаарлалтад орсон иргэд:

Эм болон эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авах бол 1800-1883

Хүнсний тусламж, хүргэлттэй холбоотой мэдээлэл авах бол 83023366

Бусад асуудлаар мэдээлэл авах бол

Баянзүрх дүүргийн онцгой комиссын Шуурхай штабын 80535063, 93190092

утсанд хандаж зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Харин тус дүүргийн 12 дугаар хороо Чулуутын амины орон сууцны 3-45 тоотод байрлах нийтийн байрны гадна талд авсан хамгаалалтыг Баянзүрх дүүргийн онцгой комиссын шийдвэрийн дагуу буулгахаар ариутгал халдваргүйжүүлэлт хийж, өчигдөр орой 21.10 цагт хамгаалалтыг буулгажээ.