Ч.Сайханбилэгийн зөвлөх Б.Батсайхан  гурван шатны шүүхээс ял сонслоо

Монгол улсын иргэн  Б.Батсайхан, Г.Сугар, Л.Балдан-Очир нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зургаан хавтас хэргийг 2020-12-23-ны өдөр Улсын дээд шүүх хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон ялыг хэвээр нь үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн зөвлөх болон ЗХЖШ-ын “өндөр албан тушаалтан” зэрэг цагаан захтнуудын хэргийг шүүх эцэслэн шийдсэн байна.

 Ял сонссон Б.Батсайхан гэгч хэн бэ?

Монгол Улсын иргэн, 1962 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Стратегич мэргэжилтэй, … одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт … тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял  шийтгэлгүй, Ч овогт Б.Батсайхан нь анх Д.Дорлигжавыг Батлан хамгаалахын сайдаар томилогдоход Зүүнбаянгийн цэргийн ангиас дэвшин зөвлөхөөр нь ажиллан ахмадаас шууд хурандаа цолтой болж мандан бадарч явсан гэх мэдээлэл бий. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн зөвлөх болоод байхдаа буюу 2015 оны намар мань эрийн “татаас хуйвалдаан”-аар генерал цолтой З.Болбаатарыг зайлуулан оронд нь  Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга болсон гэх мэдээллийг учир мэдэх хүмүүс ярьдаг. Олны энэ үг ортой эсэхийг тэрбээр өөрөө тайлбар хийнэ биз ээ…

Ял сонссон хэрэг юу байв?

Б.Батсайхан, нь 2015 оны 02 дугаар сарын 02-ноос 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр 2015 оны 10 дугаар сарын 28-наас 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч болон даргаар тус тус ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж

  • Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7 дахь хэсэгт заасан “…Төрийн нарийн бичгийн дарга нь Монгол Улсын сайдаас өгсөн үүрэг даалгаврыг хууль тогтоомж, Засгийн газрын бодлого, шийдвэрт нийцүүлэн биелүүлнэ…” гэсэн,
  • Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасан “…Төрийн нарийн бичгийн дарга үйл ажиллагаандаа хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, тэдгээрт нийцсэн сайдын тушаал, үүрэг даалгаврыг удирдлага болгоно…” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Зэвсэгт хүчний …дугаар ангийн захирагч Л.Балдан-Очир, Санхүүгийн дарга, ерөнхий нягтлан бодогч Г.Сугар нартай бүлэглэн тус ангийн төсвийн хөрөнгөөр эхнэр С.Туулын үүсгэн байгуулсан “Тиарарезорт” ХХК-ийн “Тэрэлж” дэх амралтын газрын барилгын болон өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн … дугаар хороо, Грийн хаус амины орон сууцны … тоот байрны засварын ажлыг 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгүүлэн Зэвсэгт хүчний …дугаар ангид 109.415.831 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан байна.

Түүний энэхүү гэмт хэрэгт хамжигчаар Монгол Улсын иргэн, 1961 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Зэвсэгт хүчний … дугаар ангийн захирагч ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт … тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Барилгын цэргийн 017, Орхон аймаг дахь барилгын цэргийн 110 дугаар ангийн захирагчаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан бэлтгэл хурандаа Л.Балдан-Очир хамжигчаар оролцсон байгаа юм.

Тэдний гэм буруутай эсэхийг 2019 оны 03-р сараас анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхээр хэлэлцэж 2020 оны 12-р сард эцэслэн шийдсэн. Улмаар Г.Сугарыг цагаатгаж харин Б.Батсайхан, Л.Балдан-Очир нарт ял оноосон. Тодруулбал, тэднийг гэм буруутай гэж үзэж Б.Батсайханыг нийтийн албанд томилогдох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял оноосон.  Л.Балдан-Очирт нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5500 (таван мянга, таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.500.000 (таван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсэн байна.

 

Шалгагдахдаа буруугүй гэж мэдүүлэх, ял авах нь тодорхой болохоор өвчтэй зовлонтой гэх тактик

Гэмт этгээдийг шалгаж эхлэх үед гэм буруугүй хэмээн мэдүүлэг өгдөг. Харин гэмт хэргийнх нь нотлох баримт, гэрчүүд гараад ирэхээр буюу ял авах нь тодорхой болохоор тухайн гэмт этгээд түмэн өвчин, зовлонтой өнөө маргаашгүй үхэх гэж буй нэгний дүрд “тоглож” ялаа хөнгөлүүлэх бодлого баримталдаг. Яг энэхүү тактикийг Б.Батсайхан баримталсан. Тэрбээр анхан шатны шүүхэд гэм буруугүй гэж мэдүүлж байсан бол, хяналтын шатны шүүх хурлын үеэр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлын мөнгө болох 100 гаруй сая төгрөгийг төлж барагдуулаад зогсохгүй түмэн зовлон тоочоод зогсож байсан түүхтэй.

Тодруулбал, Б.Батсайхан анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буюу 2020-05-05-ны өдөр : “…Б.Батсайхан миний бие ялын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэргийн бодит байдлыг тогтоож, нотлох баримтыг цуглуулж чадаагүй. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттайгаар үүсгэж тулган яллах гэж байна…” гэх мэтээр мэдүүлж байв. Харин түүний энэ тайлбар долоохон сарын дараа өөрчлөгдсөн байдаг. Үүний түүний өмгөөлөгчийн хэлсэн саналаас харж болно. “… Б.Батсайханд  хоёр жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн боловч гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлж барагдуулсан байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ялыг хөнгөрүүлэх, хорихоос өөр төрлийн ял оногдуулж шийдвэрлүүлэхээр Б.Батсайхан болон түүний өмгөөлөгчийн зүгээс хүсэлтийн шинж чанартайгаар уг гомдлыг хамтран гаргаж байна. Үүнд: Шүүгдэгч Б.Батсайхан нь хувийн байдлын хувьд одоо 60 настай, эрүүл мэндийн хувьд маш муу, зүрхний өвчтэй /байнгын хэм алдагдалт, хурц дутагдалтай/, ходоодны шархтай /хагалгаа хийлгэсэн/, нүдний хараа 50 хувь устсан, нүдний даралт буюу клакома өвчтэй, уушигны сүрьеэ өвчнөөр өвдөж байсан голомттой өвчтэй, байнгын эмчийн хяналтад эмчлэгдэж байсан, гуравхан настай хэнз хүүхэдтэй иргэн юм. Б.Батсайхан нь эрх зүйн байдлын хувьд буруутгаж буй зүйл ангиар гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч шүүхэд мэдүүлсэн нь хурлын тэмдэглэлээр нотлогдож, шүүхийн шийдвэрийг бүрэн хүндэтгэж байгаа болохоо энэхүү гомдол хүсэлтээр бүрэн хүлээн зөвшөөрч, гэмшиж, уучлал гуйж байгаа болно.” Хэмээн хяналтын үатны шүүхэд санал хэлсэн.

Цагаан захтнуудын хэрэг ийнхүү шүүхээр шийдэгдсээр байна. Бид энэ талаар мэдээлсээр байх болно.

А.Баярмаа