Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Мөнхдоржийн албан ёсны тамга, гарын үсэгтэй, 2021 оны 2-р сарын 08-ны өдрийн 729 тоот шийдвэрээр Сэлэнгэ аймгийг “Эрүүл бүс” болсныг албан ёсоор зарлалаа.


Сэлэнгэ аймагт коронавируст халдварын сүүлийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар Алтанбулаг сум 80, Сүхбаатар сум 48, Мандал сум 79 хоносон тул “Эрүүл бүс болгон зарлаж, тус сумдаас зорчих иргэдээс асуумж, шаардлагатай тохиолдолд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нийслэл болон бусад аймаг, орон нутагт нэвтрүүлнэ үү гэжээ. Мөн энэхүү шийдвэрийн хувийг Цагдаагийн ерөнхий газар болон аймаг, нийслэлийн Онцгой комисст хүргүүлэхийг тусгажээ.

Хэдийгээр өнөөдөр Сэлэнгэ аймаг “Эрүүл бүс” болсноо албан ёсоор зарлуулж байгаа ч тайвширч хэрхэвч болохгүй. Халдвар хамгааллын дүрмээ чандлан сахиж, халуун ам бүлээрээ гэр, гэртээ сар шинийн баяраа тэмдэглэж, хайртай дотны хүмүүсээ болзошгүй эрсдэлээс хамгаалж, өндөр хариуцлагатай байхыг аймгийн Онцгой комиссоос ард иргэддээ анхааруулж байна.