Сэрэмжлүүлэг: Гэртэйгээ шатаж гурван хүн нас барлаа
Сар шинийн баярын энэ өдрүүдэд иргэд анхаарал болгоомж алдсаны улмаас амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол бүртгэгдсэн байна. Тухайлбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны “Булаг”-ын 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлага 2021.02.13-ны өдрийн 10 цагт цагдаа болон онцгой байдлын ерөнхий газарт ирсэн байна.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км зам туулан 10:06 цагт очиход иргэн Б-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Ө /53 настай, эмэгтэй/, Б /49 настай, эрэгтэй/, Ч/3 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Гурван хүн угаартсан байдалтай нас барсан хэргийн газраас 70 кадр зураг, эд мөрийн баримтаар цахилгааны гал хамгаалагч, цахилгааны шатсан утас, гэрлийн унтраалга, шатаж хонхойсон ахуйн газны сав 3 ш, 50 см урттай цахилгааны утас, розетка, “Улаан шонхор” тамхины иш, “Хараа” /0,75л/ архины шил, “Соёрхол” /1л/ архины шил тус бүр 1 ш, “Боргио” /2,5л/ пивоны хуванцар сав 2 ширхгийг хураан авчээ. Амь хохирогчид гэр бүлийн хүмүүс байсан бөгөөд задлан шинжилгээний анхны дүгнэлтээр угаартаж нас барсан болох нь тогтоогджээ.
Хэргийг одоогоор цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм. Иймд иргэн та алхам тутамдаа болзошгүй эрсдэлээс сэргийлнэ үү.