У.Хүрэлсүх: Дамдины Сүхбаатарын Батболд мандтугай!!!

-Улс төрийн цуврал тойм-2-

“Одоогоос 100 жилийн өмнө 1921 онд гэсэн дээ, Д.Бодоо, С.Данзан, Д.Сүхбаатар гурав хүрээний нэг лам дээр очиж. Хүрээний хоёр бүлгэм нэгдэж Монгол Ардын нам байгуулахаар хэлэлцэн тохироод “нам” гээчийнхээ хэтийн төөргийг асууж яваа нь тэр. Мөнөөх лам “Их сайн явах нь ээ. Улс орныг удирдаж цагийг эзлэх хувьтай юм. Урт наслах нь ээ. Зуу наслах юм байна. Сүх”ээр эхлэж Сүх -ээр төгсөх юм байна. Их л улаан өнгөтэй явах нь, юуных юм бол доо ” гээд бодлогширсон юм гэдэг. Энэ явган яриа өнөө бараг зуун насыг элээжээ. Би л гэхэд 20- иод жилийн өмнө Гандангийн нэр нөлөө бүхий толгой лам нараас сонсож байв. Харин энэ ярианаас “Сүх-ээр эхлээд сүх-ээр төгсөнө…их л улаан өнгөтэй явах нь …” гэсэн хэсгийг олж сонссон цагаасаа хойш 10 аад жилийн дараа, одоогоос 10 жилийн өмнө тайлбарлуулсан юм даг. “Их л улаан өнгөтэй явах нь дээ…” гэдэг нь урссан цусны өнгө байж. Харин “Сүх”ээр эхэлнэ гэсэн нь намыг үүсгэн байгуулагч Д.Сүхбаатар байж, харин Сүх -ээр төгсөнө гэдэг нь….хэн байх вэ… арай Сүхбаатарын Батболд биш биз. Эсвэл У.Хүрэлсүх юм болов уу. У.Хүрэлсүх чинь намын дарга биш Ерөнхий нарийн бичгийн л дарга шүү дээ…тэгэхээр биш шиг байна…” гэсэн яриа МАХН -ыг нэрнээсээ “ Х” үсгээ авч хаяад МАН болж Сү.Батболд, У.Хүрэлсүх хоёр тэрхэн цагийг эзэгнэн тохинуулж байх үед ид яригдаад нам болсон доо. “Монгол ардын намын дарга Дамдины Сүхбаатарын Батболд мандтугай. Ээж нь бас Янжин” гэж тэнхээ мэдэн орилж байсан У.Хүрэлсүхийг МАН-ын дарга болох юм чинээ хэн саналаа, 2010 онд. Өөрийгөө Догсомын Бодоогийн удмын хүн гэж нэг хэсэг бичүүлж байснаа Бодоо үр хүүхэдтэй байсан нь нотлогдохгүй болохоор Сүхбаатарын зээ болж дууссан. “Манай нам нэрнээсээ Х үсгээ хаяад 2012 оны сонгуульд ялагдвал би хариуцлагыг нь үүрнэ” гэж сагсуураад ялагдсаныг одоо энэ намынхан санадаг болов уу… У.Хүрэлсүх яагаад “Дамдины Сүхбаатарын Батболд мандтугай. Ээж нь бас Янжин” гэж зусардал дүүрэн орилох болов . Яагаад тэр цагаас хойш 11 жилийн дараа Сү.Батболдын оффшор данс гарч ирэхэд Ерөнхий сайдаасаа огцров… Эргэлзээ тээсэн асуулт биш гэжүү. Тэгвээс асуултыг түүхэн үйл явдлаас хайгаад үзэх нь дээр…

Ерөнхий сайдын төлөөх тохироо

….2009 оны 9 р сарын эхээр Санжын Баяр өрөөндөө гурван хүнийг дуудсан байдаг. 2008 оны 7- р сарын 1 ний цуст хэргийн дараа сөрөг хүчнээ урьж хамтарсан Засгийн газар байгуулсан энэ эрхэм Оюутолгойн гэрээг байгуулах ажлыг удирдаж байсан цаг үе. Түүний өрөөнд М.Энхболд, Сү.Батболд, У.Хүрэлсүх гурав ирэв. С.Баяр ” Оюутолгойн гэрээг байгуулсны дараа Ерөнхий сайдын суудлыг шилжүүлж өгөх санаатай байна. Та гурвын нэгэнд өгье. Та гурав одоо шийд… ” гэсэн гэдэг. Энэ уулзалтаас улаан нүүрэн дээр нь татгалзсан хүн бол М.Энхболд. 2007 онд намынхаа 25 р их хурлыг хуралдуулан өч төчнөөн жигүүр хөдөлгөөн байгуулан байж өөрийг нь Ерөнхий сайдаас буулгаж авсан үйл явдлынх нь аниагүй шарх хөндөгдсөн биз. Хүний амины гарлага ч гарсан тул эрс татгалзжээ. Харин үзүүр түрүүнд тунасан хоёрт бодох юм их байлаа. Сү.Батболд бол 2009 онд бол улс төрд харьцангуй шинэ хүн. Дөнгөж л 2000 онд Намбарын Энхбаярын өмнө мөргөж, түүнээр хөтлүүлж Гадаад харилцааны дэд сайдын суудлыг ном ёсоор нь “худалдаж” аваад , эхнэр Цолмонгийнх нь “винонд гүйдгүүдийн “ нэг байсан, Н.Энхбаярын өмнөөс мөнгө төлж “Зууны мэдээ” сониний хувьчлалд оролцоод авчихсан, ТВ 9 ийг санхүүлэгч болсон ч Намбарын Энхбаяртай муудсаны улмаас түүний улс төрийн “хувь заяа” хасах хэмийг зааж байлаа. Намынхаа Удирдах зөвлөлд ч орж чадаагүй. “Энержи ресурс” хэмээх 14 олигархын компаниудтай Тавантолгойг хамтран эзэмшиж байсныг нь Н.Энхбаяр гаргаж ирээд шахаанд хийчихсэн. Сү.Батболд ганцаараа Тавантолгойг эзэмшиж байсан ч наймаачин хүний ухаанаар улс төрд нөлөөтэй бизнесүүдтэй хамтран эзэмшихгүй бол ганцаараа хэрчүүлнэ гэдгээ ухаарч “Энержи ресурс”-ийг байгуулсан түүхтэй. Гэвч Тавантолгойгоос хамгийн их 15 хувийг Сү.Батболд дангаараа эзэмшиж байлаа. Гэвч С.Баярын Засгийн газар МоАХ-ны шахалтад орж Ухаа худгийг хувийн хэвшилд үлдээгээд 96 хувийг нь улсад авлаа гэсэн “пи ар”-аар халхавчлан хамгийн их нөөцтэй хэсгийг тэдэнд өгсөн байсныг монголчууд 2007 оноос хойш 10 жилийн дараа мэднэ. Харин Ерөнхий сайдын суудлыг хэн авах вэ гэсэн энэ нүүдэл 2009 оны 9 р сарын эхнээс гэдгийг дахин сануулья. Тэрбээр Намбарын Энхбаярын Засгийн газарт дэд сайд байхдаа Их өрийг тэглэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажиллах үеэр нь Сү.Батболдын нүүр рүү ОХУ- ын Ерөнхий сайд М.Касьянов цаас шидэхэд Сү.Батболд салгалан босч зогсоод тонголзон уучлал гуйсныг сэтгүүлч миний бие 2005 онд “Тусгаар Монгол улсын үе үеийн сайдууд Оросын хараат байхдаа ч Сталины гаансыг сугартал алгадаад оронд нь амиа өгч явсан болохоос Сү.Батболд шиг нүүр лүүгээ цаас шидүүлээд нусаа татан гөлөлзөж явсан түүх үгүй” гэж бичээд Сү.Батболдын өмнө “хүргэгдэн ” очиж л явлаа. Миний бие Сү.Батболдтой танилцсан түүх ийм юм. Болж өнгөрсөн үйл явдлыг 2005 онд дэлгэсэн энэ нийтлэлийг 15 жилийн дараа буюу 2019 онд Н.Энхбаяр, Буян Жагаа нар ярилцлагаараа баталсан юм даг. Сү.Батболд ийм олон “чимэг” сануулгатай. Гэхдээ мөнгөтэй. Чингис зочид буудлыг, Бороогийн алтыг авчихсан түүнд юу л байна мөнгө л байсан даа. Харин У.Хүрэлсүхэд юм юм л бодогдож байсан биз. 1992-1996 оны хооронд МАН (МАХН )ын Засгийн газрыг огцруулах сөрөг намуудын улс төрийн өлсгөлөн зарлахад намынхаа Засгийн газрыг хамгаалж сөрөг өлсгөлөн зарлаж суусан , 1996 онд МАН (МАХН ) ялагдсан сонгуулийн дүн гарсан шөнө Даш -Ёндон даргыгаа элэгдэж унагаасан, Ард банкнаас 150 мянган төгрөг “хуссан” , 2006 онд Ц.Элбэгдоржийн Эвслийн Засгийн газрыг унагаах УИХ-ын чуулган дээр намынхаа шатсан тугийг нөмөрч толгойдоо зүүж орж ирсэн, 2007 онд М.Энхболдын Засгийн газрыг унагаалцсан, МИ 8 нисдэг тэрэгний ослын үеэр найр хийж сайдуудыг архидуулсан,2008 оны 7 р сарын 1-ний үймээний үеэр 5 сайхан залууг буудсан байхад хүний амь биш намынхаа шатсан байрны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж Н.Номтойбаяраас 2 тэрбум төгрөг аваад хариуд нь дэд сайд болгосон (хожим 2020 онд Номтойбаяр Цензургүй яриа нэвтрүүлэгт хэлснээр энэ үйл явдал ил болсон) гээд мундахгүй их түүхийн эзэн. ( Гэхдээ зарим түүх нь жаахан ичмээр түүх гэдгээ өөрөө сайн мэддэг). Ийм хоёр нөхрийн дунд Ерөнхий сайдын “тендер” зарласан С.Баяр ч гэж С.Баяр. Хийдгээ хийж авдгаа авсан хүн үлдэж байгаа хүмүүстээ тал алдахгүйг хичээсэн нь тэр биз. (Бүтэн 12 жилийн дараа С.Баярыг Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдаас нь эргүүлэн татаж эрүүгийн хэргээр яллан шоронд хорьсон юм.) Сү.Батболд У.Хүрэлсүх хоёрын хооронд “хөөрхөн” тохироо явдгаараа явлаа. Шулуухан хэлэхэд мөнгө бүхнийг шийдсэн юм. (Үүнийг бичигч миний бие зарим нэг мэдэх ёсгүй юмыг мэдсэн нь үнэн. Мэдэх ёсгүй юмаа мэдсэн бол хэлэх ёсгүй газар гэж бас бий. Ам бөх бол амь бөх яваагийн минь зарчим энэ… ) Ингээд Сү.Батболд МАН (МАХН ) Ерөнхий сайд болж У.Хүрэлсүх мөн л Ерөнхий нарийн бичгийн дарга боллоо. Сү.Батболд, У.Хүрэлсүх нарын хоршил, МАН-ын нэн шинэ түүхийн үеийг тэд ингэж хүчээр эхлүүллээ…

“Х” үсэгний хэрэг…

Нэг сонирхолтой түүхийг сөхөхөд 2010 онд Тэрэлжийн тунхаг гэж юм гарав. У.Хүрэлсүх намынхаа удирдах зөвлөл болон намдаа нөлөөтэй хүмүүсийг одоогийн энэ Соёлын сайд Ч.Номингийн эцэг Гацууртын ордыг эзэмшигч Чинбатын Тэрэлж дэх таван одтой “Тэрэлж” зочид буудалд цуглуулан намынхаа нэрийг солих үгсээнийг зохион байгуулснаар Тэрэлжийн тунхаг гэж юм бий болсон түүхтэй. Намын нэр солих дүйвээнээр олон жигтэй явдал болж өнгөрөв. Тухайлбал, 1921 онд МАН-ыг үүсгэн байгуулахдаа Бодоогийн сийлж Богд гэгээний аравнайлсан тамга гэнэт гарч ирэх нь тэр. Тэр тамгыг одоогийн энэ Тавантолгой түлш гэгч нүүрсийг гурилаар зуурч байгаа компанийн захирал М.Ганбаатар (По Ганбаа )олсон болж олныг оройлон давхилаа. Гэтэл яг үнэндээ Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг Баасан лам Монгол ардын намыг 1991 оны 11 р сард Монгол улсын найм дахь намаар шинээр сэргээн байгуулж өөрөө анхны даргаар нь ажиллаж, ёстой тэр Бодоогийн сийлсэн, Богдын аравнайлсан гэх мөнөөх тамгыг гартаа атгаж байлаа. Тэр үеийн МАХН- ын дарга Сү.Батболд, генсек У.Хүрэлсүх нар Баасан ламтай удаа дараа Чингис зочид буудалд уулзаж байсныг гэрчлэх баримтууд бий. Төд удалгүй Баасан лам өөрийн тамгыг мөн Монгол ардын намын нэрийг МАХН д хүлээлгэн өгч мөрдөж явах ёстой найман зарчмыг тунхаглахыг хүсчээ. Гэвч МАХН нэрээ сольж Х үсгээ хасаад Баасан ламын Монгол ардын нам гэсэн нэрийг авсны найм дахь өдөр буюу 2011 оны 1 р сарын 30 ний өдөр зуурдаар таалал төгсөв. Түүнийг нас барсны дараахан гуравдугаар сард шиг санаж байна ар гэрээс нь хэвлэлийн бага хурал хийж хордож нас барсан гэсэн эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийг танилцуулж “ улс төрийн аллага” хэмээн зарлав… Гэвч хэрэг явдал тэгэсхийгээд мартагдав… Харин МАХН гэсэн нэрийг хэн нэгэнд өмчлүүлэхгүйн төлөөх дажинд МАН-ын залуус У.Хүрэлсүхийн даалгавраар уухайлан орцгоолоо. Нэг жишээ сонирхуулахад одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэхэд л Монголын Ардчилсан Хөгжлийн Нам, товчилвол МАХН гэсэн арваад намын нэр эзэмшдэг болж таарав. Гэвч тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАХН товчлолтой Монгол Ардын хувьсгалт нам нэрийг Н.Энхбаярт өгснөөр энэ намын мөнхийн зовлон эхэлсэн түүхтэй. “Х” үсэгний хэргийн дүйвээнээр У.Хүрэлсүх Бодоогийн удам болж үзээд эцэстээ жанжин Сүхбаатарын зээ болсноор нэг юм түүх түр амсхийв. Ёоох гэж… “Нам нэрээ солиод сонгуульд ялагдвал би толгойгоороо хариуцлага хүлээнэ “ гэсэн У.Хүрэлсүх 2012 онд намаа ялагдуулах нь тэр. Сү.Батболд, У.Хүрэлсүх нарт хариуцлага тооцох юм болов. УИХ -ын чуулган дээр 2008 оны долдугаар сарын 1 ний цуст үйл явдлыг ярьж шүүмжилсэн Гарьдхүүгийн Баярсайханыг У.Хүрэлсүх цохиж унагаадаг буй бичлэг одоо ч бий. Өмнө нь бас согтуугаар машин жолоодож яваад замын цагдаа цохиж унагаасан хэрэгт холбогдож л явлаа. УИХ-ын гишүүд дотроос хамгийн бяд муутай доожоогүй Г.Баярсайханд бяраа гаргадаг нь үнэндээ онигоо ш дээ. Тийм л их чадалтай , ааг бяр нь амтагдаад, эр хүн шиг үзчихмээр байдаг юм бол өнгөрсөн жил Н.Номтойбаярыг “хусчихгүй” яасан юм болоо гэж… УИХ-ын гишүүний дархан эрхэнд халдсан гэсэн гомдлыг Г.Баярсайханаар сөрөг хүчин хуулийн байгууллагад өгүүлж чадлаа. Хаашаа ч бултах гарцгүй бичлэгтэйгээ юм хойно УИХ -ын гишүүний бүрэн эрх түдгэлзэхээс аргагүй байдалд орлоо. Гэвч арга оллоо. У.Хүрэлсүх “эхнэрээ асрах учраас УИХ-ын гишүүнээс чөлөө мэдүүлье” гэсэн шийдэлд хүрлээ. Энэ талаараа тухайн үеийн УИХ- ын дарга Зандаахүүгийн Энхболд дээр орж “Би өөрөө УИХ- ын гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзчихья. Танайхан хуулийн байгууллагад өгсөн өргөдлөө буцаана биз дээ” гэсэн гэдэг. Энэ тухай З.Энхболдоос Zandaakhuu Enkhbold асууж болно, тэр нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг шиг санаж байна. Үнэн хэрэгтээ УИХ -ын гишүүний бүрэн эрхэд халдсан эрүүгийн хэргээр бүрэн эрхээсээ түдгэлзэх болчихоод байсан атлаа “эхнэрээ арчилдаг хүн чанар сайтайн цорын ганц улс төрч” гэж өдгөө магтуулах нь жаахан ичмээр. Монголын олон улстөрч эрчүүд эхнэрээ асарч тойлж байгаа нь үнэн юм даг. Мань эр авгайгаа асрах нэрийн дор Австралид сурч байсныг нь Ж.Мөнхбат сайхан илчилж өгснийг бид мэднэ. За даа, Хүүкт ичмээр юм олон доо, олон. Ичсэн хүн хүн ална гэгчээр…. Гэхдээ түүнд ганц л барьцаа бий. Тэр бол мөнгө. Хэзээ , хэнд, яах гэж төлсөн мөнгө гэж үү….

Ерөнхий сайдаас буух тохироо

2006 он руу эргэж очьё. 2000-2004 оны хооронд Монголд мөнгө хүүлэх уралдаан болж байлаа. Хадгаламж зээлийн хоршооны тухай ямар ч хууль батлаагүй болохоор ТББ байгуулчихаад л мөнгө хүүлээд зээлээд зээлүүлээд алаад өгөв. УИХ- ын гишүүд тухайн үед 72 суудалтай төр барьж байсан МАН (МАХН )-ын эрх мэдэлтнүүд банкнаас, гаднаас олж ирсэн мөнгөө ХЗХ руу хийж хөлжиж байлаа. ХЗХ-нууд МАН-ыг санхүүжүүлж байв. Тухайн үед “Гэр хорооллын барилгажилт” хадгаламж зээлийн хоршоо, Глоб кредит гээд олон ХЗХ өндийж үүд хаалгаа нээлээ. Энэ байдлыг эсэргүүцэж үг хэлдэг хүн нь Ч.Чулуунбат. Хэмжээгүй эрхээр төр барьж байсан МАН (МАХН) хэмжээгүй эрхээ эдэлж байсан үе. Ингэсээр 2004 оны сонгуулиар хүчний харьцаа тэнцсэнээр тэд замбараагүй туйлж чадахаа болив. ХЗХ- ыг дийлэхээ болиод ирэнгүүт 2005 оны 11 р сард хуулийг нь баталж 2006 он гаруут 1-р сард УИХ-ын 45 р тогтоол гээчээр Санхүүгийн зохицуулах хороог байгууллаа. Анхны дарга нь М.Энхболдын фракцийн, Улаанбаатар хотын банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Дашдоржийн Бадраа томилогдов. Бүтэн 6 жил хамаг амьтны мөнгийг хамаад хийчихсэн ХЗХ- ын амыг бариулах золиосны залуу хүн хэрэгтэй байсан нь Д.Бадраа байжээ. Ажил авуутаа ХЗХ- ыг цэгцэлж эхэллээ. 2005 онд сэтгүүлч миний бие “Хадгаламж зээлийн хоршоо хадны мангаа боллоо” хэмээн бичиж байсан юм. Яг тэрүүгээр боллоо. Гадаадад ажиллаж байсан монголчуудын мөнгө бараг цугаараа ХЗХ-нд оржээ. Олон гэр бүл саллаа. Уйлаан майлаан, нус нулимс. БЗД-т өөрийгөө буудаж амиа хорлосон хэрэг гарлаа. Аргагүй шүү дээ хамаг амьтны мөнгийг хамаад хийчихсэн ХЗХ-г төр албан ёсоор дампууруулж байгаа юм чинь. Яг энэнтэй дуугаа авалцан Сергей Горомов гэгч орос хүний дуудлага худалдаагаар авсан Хадгаламж банкнаас 14 тэрбум төгрөг сох дутлаа. С.Горомов эргээд Монголын Засгийн газрыг ноцлоо. Уг нь доторх мөнгийг нь тоночихсон хоосон банкыг МАН (МАХН )-ынхан өөрсдөө авсан нэр зүүж нам дарах гэж байтал С.Горомов ороод аваад явчихсан нь тэр. Уг нь МАН-ын нэг баагий авч ах нарынхаа луйврыг хааж унах байсан төлөвлөгөөний дундуур давхиж орсон хөөрхий тэр орос. Хожим энэ тэнэг хоосон банкыг Жастын Батхүү гэгч нөхөр С.Баяраас аваад оронд нь Эрдэнэт үйлдвэрээс зэсийн баяжмал авах гэрээ авсан билээ. Яс юман дээр Хадгаламж банкны мөнгөөр казино тоглохыг нь тоглож, үлдсэнийг нь ХЗХ-нд хийчихсэн байсныг тухайн үеийн сөрөг хүчин гаргаж тавилаа. Хэрэг ч дэгдлээ дээ. Тэр үед МАН (МАХН )ын залуу социалист хулгайчдын холбоо гэж нэрлэгддэг байсан МАСЗХ (Одоогийн НАМЗХ, түүхийн улбаа хайвал Бошигыг халах залуучуудын эвлэл )- ны Ерөнхийлөгч Г.Занданшатар , У.Хүрэлсүх, Бадамжунай нар холбогдлоо. Гэхдээ тухайн үед энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байсан харин тэр үеийн УЕП –т байсан Цэрэнбалтав Ерөнхийлөгч Н.Энхбаярын дохиураар ажиллаж байлаа. Н.Энхбаяр УИХ- руу түдгэлзүүлэх бичиг оруул гэвэл оруулдаг, боль гэвэл буцаагаад татчихдаг нөхөр байв. Ямарсайндаа л тэр үеийн цагдаагийн дарга хошууч генерал М.Ганболд шарлахсандаа сэтгүүлч надад ярилцлага өгч байсан нь “Өдрийн сонин”-ы хуудаснаа дурайтал үлдсэн дээ. Г.Занданшатар, У.Хүрэлсүх, Т.Бадамжунай нарын хэргийг тусгаарлан авч үлдээд ганцхан ХЗХ -ны хэргийг түлхлээ… Үхсэн, ард түмний мөнгө юу юм бэ! Гэтэл МАН (МАХН ) ын гол санхүүжүүлэгчдийн нэг байсан НИТХ ын төлөөлөгчөөр сонгогдсон Гэр хороолллын барилгажилт хадгаламж зээлийн хоршооны захирал Ц.Түмэнгэрэл багын найз Д.Бадраагаасаа 2006 оны 6 р сарын 14 нд (хоёр өдрийн дараа ) дампууруулахаар УИХ д өргөн барих байсан ХЗХ -ын нэрнээс өөрийн байгууллагыг хасчих гэж гуйжээ. Гэвч Д.Бадраа “тэгье” гэчихээд маргааш нь дампууруулах жагсаалтад Ц.Түмэнгэрэлийн ХЗХ -г хэвээр нь оруулсаныг мэджээ. (хүн амины хэрэг гарсаны дараа энэ мэдээллийг дамжуулсан нэгэн залууг ажлаас нь халсан билээ) Тэр өдөр 2006 оны 6 р сарын 15 ны өдөр байсан. Ц.Түмэнгэрэл шууд СЗХ дээр давхиж очоод Д.Бадрааг гарч ирэхийг хүлээж байгаад гараад ирүүт үгийн солиогүй хутгалсан байдаг. Ц.Түмэнгэрэл Нэг жилийн дараа 2007 онд цаазаар авахуулсан билээ. МАН (МАХН ) ын буруутай ажиллагаанаас болж нэг нь нөгөөхөө алж эцэст нь хоёулаа аав ээж, эхнэр хүүхдээ өнчрүүлсэн аймшигт түүх энэ. 2006 онд Алтангадас одонгоор шагнуулсан Ц.Түмэнгэрэл одонгийн найраа хийхэд багталцахгүй шахцалдаж байсан улстөрчид зурагтаар огт танихгүй хэмээн ярилцлага өгч байсныг эхнэр нь хожим ярьсан байдаг юм. Тухайн үед М.Энхболд, Н.Энхбаяр нарын хагарал эрчимжиж хөлд нь ард олон, улс гэр, залуучууд өртөж цус нулимсаа асгаруулж авсан түүх билээ.Хууль нь батлагдаж байгуулагдаад л анхны дарга нар нь амиа алдсан хоёр байгууллага Монголд байдаг нь АТГ, нөгөөх нь СЗХ. 2008 оны цуст 7 р сарын 1 ний дараа СЗХ-ны дарга асан Д.Бадраагийн төрсөн ах Д.Зоригт С.Баярын Засгийн газарт сайд болж суга явлаа. Дүүгийнх нь амь насны төлбөрийг ар гэрт нь ахыг нь сайд болгож улмаар УИХ ын гишүүн болгож төллөө. Ингэж Дашдоржийн Зоригт гэж нөхөр дүүгийнхээ амь насны төлөөсөнд улс төрд орж ирээд Монголд ашиггүй Оюутолгойн гэрээг үзэглэж орхисон түүхтэй. С.Баяр Ерөнхий сайдаа Сү.Батболдод шилжүүлж өгөхөд дахиад л Д.Зоригт сайд болж үлдэв ээ. Эндээс нэг зүйл харагдана. Бадраагийн амь нас, Хадгаламж банкны 14 тэрбум төгрөг. Нөхөн төлбөрийг хэн хийв. Хэн түүнийг жирийн хохирогч биш улс төрч болтол илбэдэв… С.Баяр Оюутолгойн гэрээг байгуулж өгөөд шагналаа аваад явсан бол У.Хүрэлсүх Сү.Батболдын өрсөлдөгч байхаа болиод харин ч эсрэгээрээ “Дамдины Сүхбаатарын Батболд мандтугай…ээж нь бас Янжин” гэж намынхаа их хурал дээр орилохыг энэ намын 800 гаруй гишүүн, Монголын 2 сая гаруй иргэн сонссон билээ. Үүнд ямар учир байна…бод бод…Ингэж хашгирч амиа тавьж явсан хүн Сү.Батболдын оффшор гараад ирүүт суудлаасаа үсрээд буух нь зүй ёсны үйлдэл үү…бод бод. Бодоод байвал ер нь Монголын Ерөнхий сайдын суудал ямар үнэтэй юм бэ… 1990 оноос өмнө амины үнэтэй байсан энэ суудал одоо хэдэн жилийн ял, хэдэн хаус, хэдэн хүний амиар үнэлэгдэх бол…Парламентдаа 62 суудалтай намын дарга Ерөнхий сайдаар өөрөөр нь огцрох хүсэлт гаргуулах ямар тохироо байж болох вэ… Бод бод, сайн бод.
(Үргэлжлэл бий )

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан