Сүүлийн өдрүүдэд “Насны намар”, “Сүүн далай ээж”, “Зүүдэн бороо” зэрэг олон сайхан дууны хөгжмийн зохиолч Б.Магсаржав “Монгол улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн” цол тэмдгээр шагнагдаж дуунд дуртай монгол түмний магнай тэнийж байна. Энэ цаг үед манай сайт Д.Амгалангийн шүлэг, МУГЗ Б.Магсаржавын хөгжим “Насны намар” дууг онцолж байна.

Яруу найрагч Дүгэржавын Амгаланг цэрэгт байхад нь ээж нь бурхан болж,ээжийгээ санасан сэтгэлийн илэрхийлэл болсон “Насны намар” шүлгээ бичжээ. Энэ шүлэг Б.Магсаржавын амьдралтай мөн адил байсан учир аялгуу нь сэтгэл сэмлэн бүтсэн гэдэг. Энэхүү дууг анх “Солгой” хэмээн алдаршсан МУГЖ Намдагийн Төмөрхуяг гитартай дуулж уран дархан хүн хамгийн гоёмсог бүтээл урлах мэт үнэн зүрхний угаас урлан амилуулсан.

Үүний дараа МУГЖ С. Жавхлан өөрийн тоглолтон дээр “Насны намар” дууг дуулсан байдаг. С.Жавхлан бол уг уран бүтээлийн хөгжмийн зохиолч Б.Магсаржавтай хамтран олон сайхан уран бүтээлийг амилуулж, Монгол улсын гавъяат жүжигчин цол тэмдгээ үзэгч олны өмнө тайлж өгч явсан түүхтэй билээ.

Хүн бүрийн сэтгэлийн нандин утсыг хөндөж, өөрийн эрхгүй нүдийг нулимсаар бүрхүүлж чаддаг дуунуудын нэг бол “Насны намар” билээ. Уг дууг хамгийн сүүлд дуучин З.Болдбаяр хөгжмийн шинэчлэсэн найруулгатайгаар дуулжээ. Энэ бол уг уран бүтээлийн отгон хувилбар юм.

Монголын ард түмний амандаа үргэлж аялагдаж, чихэнд нь ээмэг мэт зүүгдсэн “ардын дуу” болтлоо түмэнд түгсэн “Насны намар” уран бүтээлийг хэн сайн амилуулсанг та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ.

Манай “Харьцуулалт” булан тухайн уран бүтээлийг амилуулсан уран бүтээлчдийг хооронд нь харьцуулсан, жишсэн зүйл үгүй билээ. Та бүхэн манай булангаас тухайн уран бүтээлийг хэн хэн хэрхэн амилуулсанг мэдэх боломжыг нэг дор олгож байгаагаараа онцлог юм. Дүгнэлтийг та бүхэн дор бүрнээ хийх биз ээ.