Түүх: Үнсэн самбар, хулсан үзэг
Монголчуудын өнө эртнээс өргөн хэрэглэж байсан уламжлалт бичгийн хэрэгсэл бол үнсэн самбар, хулсан үзэг юм. Үнсэн самбарыг тэгш харуулдан зассан модны гадаргууг тослон, аргалын болон ясны үнсээр өнгөлж хийнэ. Үнсэн самбарт үзүүрлэсэн зуруул, хулсан үзгээр бичихийн зэрэгцээ зурхайн элдэв тооцооллыг гүйцэтгэнэ.
Үндэсний номын сангийн “Үнэт ховор номын музей”-д арьсаар шил хийн 10 давхар үнсэн самбарын багцалсан онцлог дурсгалыг дэлгэн олон нийтэд үзүүлж байна. Самбар бүрийн дээд хэсэгт хоёр мөрөөр төвөд хэлний түгээмэл хэрэглээний үгсийг цаасан дээр бичиж наажээ.
Эх сурвалж: Монгол улсын  Үндэсний номын сан