Архидалт бол өвчин

Хэрэв би хүсвэл архинаас гарч чадна”, “Сэтгэлийн тэнхээтэй байвал архи уухгүй байж чадна ”, “Архинаас гарах нь сэтгэлийнх” гэж ярихыг та сонссон уу?
Магадгүй та өөрөө ч ингэж ярьж, боддог байж болох юм. Гэхдээ уучлаарай, үнэндээ энэ нь буруу бодол, худал үг юм. Хэрэв энэ бодол санаа үнэн байсан бол Монголчуудын дийлэнх нь архинд толгойгоо мэдрүүлэхгүй байх байсан.
Дэлхий дахинд аль хэдийн “Архидалт нь өвчин” гэж хүлээн зөвшөөрөөд байна. Тиймээс бид өөрсдийн хоцрогдсон үзэл бодлоо хаях цаг болжээ. Архидалт нь өвчин.
Өвчтэй хүнд эмч, эмчилгээ хэрэгтэйн адил архины асуудалтанд гаднын тусламж зайлшгүй хэрэгтэй юм.
Архидалт нь хүний бие мах бодь, бодол санаа, мэдрэмж, харилцаа, оюун санааг эрүүл биш болгож, амьдралд хор хөнөөл учруулдаг байна. Ялангуяа архидалт нь тархийг хүчтэй гэмтээдэг байна.
Америкийн Донтолт Эмчилгээний Нийгэмлэгээс гаргасан архидалтын тодорхойлолт.
1.Архидалт бол өвчин
2.Үргэлжлэн эсвэл хэсэг хугацааны мөчлөгтэйгөөр явагддаг.
3.Уух хэмжээгээ хянах чадваргүй болдог.
4.Уухыг санаашран боддог.
5. Гарах хор уршгийг үл харгалзан уудаг
6.Бодит байдлыг мушгин, ялангуяа асуудлаа илт үгүйсгэсэн
Архидалт бол улам л даамжирдаг өвчин. Хэзээ ч дээрддэггүй, харин зөвхөн архинаас гарах шийдвэр гарган, дэвшилтэт алхам хийхээс нааш улам дорддог.
Архины асуудал тань доорхи үе шатыг дамждаг.
Нэгдүгээр шат: Тэд магадгүй бусдыг нэг их гомдоож зовоогоогүй, мөн өөрөө ч төдийлөн их хор хөнөөлийг нь амсаагүй байгаа ба долоо хоногийн сүүлээр эсвэл нэг онцгой үед уудаг нэгэн байж болно. Гэвч уулт хоорондын зай нь багасаж, уух хэмжээ нь ихсэх хандлагатай байна.
Хоёрдугаар шат: Түүний уулт нь хэцүү асуудлуудыг үүсгэж эхлэнэ. Магадгүй нэгээс илүү удаа ажлаас халагдаж, гэр бүл нь хэцүү байдалтай болж баяр хөөрөө алдана. Тэд уух байдалдаа ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэдгийг мэдэх боловч, тусламж авахаас татгалзаж энэ асуудлыг өөрөө шийдэж чадна гэж зүтгэнэ. Ингэснээр архидалт улам хүндэрч, гэр бүлийн амьдрал болон ажилд нь хохирол нэмэгдсээр байх болно.
Гуравдугаар шат: Архичин архины асуудлыг өөрөө хянаж чадахгүй зүйл болохыг одооноос ойлгож магадгүй, учир нь маш хангалттай баримтуудыг тэр харж байгаа юм. Яг энэ үед архины асуудалтан архи уухаа зогсоох чин хүсэл (архидалтын дараа) тусламж авахын эсрэг эгдүүцэн зөрөх хоёрын дунд байдаг.
Дөрөвдүгээр шат: Эцэст нь асуудалтай архичид сүйрэлд хүрч, эрүүл амьдралаас улам бүр холдсоор байдаг. Гэр бүл, найз нөхөд болон хэвийн амьдралын аливаа зүйлс, хариуцлагаас холдож, замаа алдаж эхлэх эсвэл аль хэдийнээ тэнд очсон байна.
Тавдугаар шат: Цаашид эрүүл ухаанаа алдах, эцэст нь үхэлд хүрэх болно.
Эдгэрлийн үндэс ба бидний тэдэнд хандах хандлага
Хоёр зүйлийг онцлон хэлмэээр байна. Нэгдүгээрт, аль ч төвшиний архины асуудалтай хүнд найдвар байгаа гэж хэлж болно. Хоёрдугаарт, архидалт хүйснээс хамаардаггүй. Архидалтын ямар түвшинд орох, бүр хүнд нөхцөлд ч ороход хүйсийн ялгаа нөлөөлдөггүй.
Архины асуудалтай хүн архинаас гарахыг хүсэж байгаа бол уухаа зогсоох ёстой. Зарим хүмүүс, би тохируулан хэрэглэж чадна, арай ч бүр мөсөн болино гэж юу байх вэ гэж боддог бөгөөд нууцхан, хааяа хааяа татчихдаг. Тэгээд үүний үр дүн юу байдаг вэ? Хэзээ ч архинаас гардаггүй, архаг архичин, амьдралаа алдсан хүн… Тиймээс танд хатуухан хэлэхэд хэрэв та архинаас гарахыг хүсч бол хааяа архи ууж болно гэсэн бодлоо бүрмөсөн хаях хэрэгтэй юм.
Үүнд ямар ч АРЫН ХААЛГА байхгүй. Архинд донтох өвчтөнүүд хэзээ ч жирийн хүмүүсийн адил архи тохируулан хэрэглэх чадваргүй болсон байдаг.
Нэг хундага уулт нь 7 хоног, 14 хоног, сарын хугацаагаар үргэлжилдэг. Маш олон хүмүүс өөрийгөө туршин үзэж архи амссанаас болж эргээд архаг архичин болсон түүхүүд элбэг байдаг.
Архины асуудалтай хүний гэр бүлийнхэн, хамаатан садан ч өөрсдийгөө түүний архидалтанд бүү буруутга.
Бид тэднийг ийм өвчтэй болгоогүй бөгөөд бид тэднийг эмчилж чадахгүй. Гэр бүлийнхэн нь түүнийг архины үр дагавраас хамгаалах нь зөв биш бөгөөд өнгөрсөн хугацаанд байнга л хамгаалж, аварч ирсэн.
Гэвч тэр архинаас гарсан уу? Үгүй. Харин ч улам л дордсоор л байлаа. Өөрөөр хэлбэл гэр бүлийнхний тэднийг архины үр дагавраас хамгаалах нь архидалтын асуудлаа олж харах, тусламж эрэхээс холдуулдаг.
Тиймээс архины асуудалтаныг архидалтынх нь үр дагавраас хамгаалахгүй байх шийдвэр дээрээ хатуу зогсох нь ухаалаг шийдвэр юм.
Архины асуудалтай хүн өөрийгөө өвчтэй, эдгэрэхийн тулд гадны тусламж хэрэгтэй гэдгийг хурдан мэдэх тусам эдгэрлийн замд хурдан орно. Тэд хэн нэгэнд таалагдахын тулд биш, өөрөө өөрсдийнхөө төлөө эрүүл болохыг хүсэх хэрэгтэй.