Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Сэмжид Хужирт” компанийн амралт сувиллын газарт амарсан Увс аймгийн харьяат иргэн гуравдугаар сарын 21-ний өдөр өөрийн аймагт очиж, түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарчээ.

Иймд сэжигтэй тохиолдол илрүүлэх хариу арга хэмжээний баг тус суманд ажиллаж хавьтал тогтоох, тандалт судалгаа хийсэн байна.

Өчигдрийн 21.00 цагийн байдлаар ойрын буюу дам хавьтлыг бүртгэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 12 иргэний шинжилгээ эерэг гарсныг Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Тодруулбал, түргэвчилсэн оношлуураар Хужирт суманд ес, Хархорин суманд хоёр, Арвайхээр суманд нэг иргэний шинжилгээ сул эерэг гараад байна.

Мөн тус сувилалд амарч байгаа иргэд болон сувиллын ажилчид ойрын болон дам хавьтлын нийт 296 иргэний PCR шинжилгээг авч, ХӨСҮТ-рүү болон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд илгээжээ.

Тус сувилалд гуравдугаар сарын 1-нээс хойш амраад буцсан 125 иргэний хаягийн дагуу Улаанбаатар хот, 12 аймаг, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Бат-Өлзий, Хархорин, Хужирт сумдад шуурхай мэдээлэн ажилснаар тус сувилалд гуравдугаар сарын 10-наас 20-ны өдрүүдэд Дархан-Уул аймгаас ирж амраад буцсан дөрвөн иргэний PCR шинжилгээ батлагдсан байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин, Хужирт, Бат-Өлзий сумдаас орох, гарах болон сум доторх хөдөлгөөнийг долоо хоногоор хязгаарлах шийдвэрийг аймгийн Онцгой комиссоос гаргажээ.

Эх сурвалж: Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар