“Хайрын дууг мянга дуулвал мөнхөрдөг гэнэ лэ

Хайрт минь чи дуугаа дуулаач”… нэг хэсэг хүн бүр үнэхээр л хайрын дууг мянга дуулвал мөнхөрдөг гэнэ хэмээн дуулж явсан үе саяхан. Нийтийн дууны хос дуучдын нэгэн төлөөлөл дуучин Д.Хишигбаяр Р.Дэлгэрмаа нар “Хайрт минь чи дуугаа дуулаач” дууг шинэчлэсэн хөгжмийн найруулгатайгаар дуулсан.


“Хайрт минь чи дуугаа дуулаач” дууны шүлгийг Монголын нэрт дууны яруу найрагч, МУСГЗ Үржингийн Хүрэлбаатар бичиж, Хөгжмийг Монгол Улсын гавъяат багш Л.Галмандах бичжээ.

Дуучин Д.Хишигбаяр Р.Дэлгэрмаа нарт л зориулсан гэмээр үгтэй, аялгуутай уг дууг үзэгч, сонсогч олон ихэд таатай хүлээн авсан.

 

Урлагийн гэр бүлийн нэгэн төлөөлөл бол Ж.Дашхүү агсаны хүү Найруулагч Д.Галбаяр, жүжигчин Т.Хулан нар юм. Тэд UBS телевизийн нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Хайрт минь чи дуугаа дуулаач” дууг өөрсдийн хэв маягаар эвлэгхэн дуулсан нь олны талархлыг хүлээгээд авав

Тэд чадварлаг найруулагч, жүжигчин төдийгүй чадварлаг дуучид гэдгээ батлалаа.

Хайрын тухай уран бүтээл бүхэн гэгээн сайхан байдаг. “Хайрт минь чи дуугаа дуулаач” дууг гэр бүлийн хосуудын аль нь сайн амилуулсанг та бүхэн дор бүрнээ тунгаах биз ээ.

Хайрын дууг мянга дуулвал мөнхөрдөг гэнэ лээ

Хайрт минь чи дуугаа дуулаач….