Танилц: Б.Хурц ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээгээс гадна талийгаач Д.Энхбатыг эрүүдэн шүүсэн баримт


Төр нийгмийн зүгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр шалгагдаж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэг олон нийтэд ил болсон. Үүний дараагаар Т.Чимгээгээс зочид буудалд хурууны хээ авч байгаа бичлэг мөн олон нийтэд болсон юм. Үүнд Б.Хурц нарыг буруутган ял оноосон. Тэгвэл Б.Хурцын хувьд эрүүдэн шүүсэн анхны тохиолдол нь Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар биш бололтой. Тэрбээр Д.Энхбат агсныг амьд сэрүүн байхад нь эх орондоо авч ирэхдээ болон авч ирсэн хойноо ч эрүүдэн шүүсэн байж болзошгүй баримт олон нийтэд ил боллоо. Үүнийг ХЭҮК нотолсон байна. Тодруулбал, Д.Энхбатын өмгөөлөгч Л.Санжаасүрэн ХЭҮК-т гаргасан гомдолдоо “ТЕГ-ын ажилтнууд 2003 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Франц улсад очиж, Д.Энхбатыг хууль бусаар баривчилж, тариа тарьж, архи болон шингэн зүйл уулгаж, ухаан алдуулж, Герман улсаар дамжуулан онгоцоор Монголд авчирч, ТЕГ-ын доорх нууц байранд олон хоногоор хорьж, хөл нь газар хүрэхгүйгээр өндөр сандал дээр суулгаж, удаан хугацаагаар байцааж, ухаан алдуулах, хурц гэрлээр шарж гялбуулах, шөнө дөлөөр ээлжлэн байцааж зодох, архи болон шингэн зүйл шахах зэргээр эрүүдэн шүүж, олон хоног хууль бусаар хорьсны эцэст 5 дугаар сарын 25-ны өдөр Алтанбулагийн хилийн ойролцоо Цагдаагийн ажилтан Батсүх гэгчид хүлээлгэн өгч эрхийг зөрчлөө” хэмээжээ.

ХЭҮК-ийн албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.