Их Британийн төрийн тэргүүнээр хамгийн олон жил суусан Хатан хаан II Элизабет (Elizabeth II)-ийн нөхөр болох Эдинбургийн гүн, хунтайж Филип (Prince Philip) нь өнгөрсөн онд 99 насыг зооглоод байсан билээ. Харамсалтай нь хунтайж Филип өнгөрсөн баасан гаригт буюу төрсөн өдрөөсөө хоёр сарын өмнө мөнх бусыг үзүүлсэн юм.  Түүнийг энэ сарын 17-нд сүүлчийн замд нь үдэх юм.

Талийгаач хунтайж Филип  манай гарагийн хамгийн алдартай эхнэртэй нөхрүүдийн нэг байсан гэж болно. Эхнэрийнхээ сүүдэрт олон жил дарагдсан ч гэлээ, хатан хааны найдвартай ар тал байж чадсан хүн бол хунтайж Филипп юм.
Төрөлхийн удирдагч шинж чанартай, харизма дүүрэн Филипп нь харьцангуй залуу насандаа маш ирээдүйтэй цэргийн удирдагч/коммандлагч болсон ч, түүний гэргий албан ёсоор хатан хааны суудлыг 1952 онд хүлээн авсан тул, Филипп ёс уламжлалын дагуу ажлаа өгч, хатан хааны дэмжигчийн үүргийг тогтмол бүтэн цагаар гүйцэтгэх болсон юм.


Ингэхдээ Филипп хэд хэдэн удаа эзэн хааны өв уламжлагдан ирсэн ёс журамтай зоригтойгоор зөрчилдөж, байр сууриа шийдэмгий илэрхийлдэг байсан гэдэг. Тухайлбал нэг удаа Филипп “Би энэ улсад өөрийнхөө хүүхдүүддээ нэрээ өгч, тэднийгээ овоглох эрхгүй цорын ганц аав байхаа” хэмээн бухимдаж байжээ.
Хатан хаан 2 дугаар Элизабет, Филипп нар 70 гаруй жил ханилахдаа хувцаслах соёл, биеэ авч яваа байдал, хийж хэрэгжүүлсэн ажлууд зэргээрээ олонд хүндлэгдэж чадсан билээ.

Бэлтгэсэн Д.Жаргалсайхан