Дархлаажуулалтын цэгүүдэд дэмжлэгт хяналт хийлээ

Коронавируст “Ковид-19” халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хатуу хөл хорионы хугацаанд хүн амын дархлаажуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэл өгсөн.

Энэ дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа дархлаажуулалтын суурин цэгийн тоог 120 болгон нэмэгдүүлж, дархлаажуулалт хийх зориулалтаар тохижуулсан том оврын 40 автобусыг түр цэг болгон үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дархлаажуулалтын суурин болон явуулын цэгүүдэд хийх дэмжлэгт хяналтыг эрчимжүүлэн, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар, шинээр байгуулагдсан 37 цэгт ажиллан “Ковид-19” халдварын эсрэг вакцины хадгалалт, тээвэрлэлтийн горим, дархлаажуулалтын нэгжүүдийн хүйтэн хэлхээний хүчин чадал, хүрэлцээ хангамж, хүний нөөц, сургаж бэлтгэгдсэн байдал, яаралтай тусламжийн бэлэн байдал зэрэгт үнэлгээ хийсэн бөгөөд тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэн, цаашид иргэдэд хүлээгдэл чирэгдэлгүй хүрч ажиллах, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулан сайтар баримтлан ажиллах талаар заавар, чиглэлийг өглөө.