Монгол Улсын Засгийн газар, УОК-оос 18-аас дээш насны иргэдийг энэ сарын 8-ны дотор багтаж вакциндаа хамрагдахыг уриалж буй. Вакцинд хамрагдсан иргэд хөл хорио тавигдахтай зэрэгцэн үйлчилгээний байгууллагуудад үйлчлүүлж, ажил албаа хэвийн үргэлжлүүлж, улмаар төрөөс 50 мянган төгрөгийг бэлэн мөнгөөр хүртэх юм.

Вакцинжуулалт эхэлсэн цагаасаа иргэдийн идэвхи муу байгаагаас өдөрт хийхээр төлөвлөсөн тунгаа хийж чадахгүй байгааг мэргэжлийнхэн хэлж байлаа. Харин өчигдөр орой УОК-ноос мэдээлэл өгсний дараа иргэдийн ирц хэр байгааг сурвалжиллаа.

Баянзүрх дүүргийн 9-р хороонд байрлах Ерөнхий боловсролын 79-р сургууль дээр байрласан вакцинжуулалтын цэг дээр очиход нэлээд оочер дараалалтай байв. Үүдний зохицуулагч цагдаа найм наймаар нь дотогш нэвтрүүлж, нэвтэрсэн иргэд гараа ариутгаад халуунаа хэмжүүлж байв. Улмаар вакцинжуулалтын сувилагчид зэрэгцэн даралт үзэж, бүртэл хийх аж. Тэндээс зарим даралт өндөр эсхүл бага, антиботикийн харшилтай, эм тарианы эмзэг мэдрэг заалттай иргэдийг эмч давхар үзэж, тариулж болох эсэхийг шийднэ. Ингэхдээ тайвшруулах эм уулгаж, халуун хоол цайны дараа вакциндаа хамрагдахыг зөвлөнө.


9-р хорооны иргэн 57 настай Ш.Болдсайхан “Спутник хийлгэх санаатай хүлээж байсан. Гэвч мань мэтэд олдохгүй бололтой. Ажил амьдралаа бодохын тулд 1-р тунгаа одоо хийлгэх гэж байна. Санасныг бодоход хүн ихтэй байна” гэв.

Иргэд хоёр удаагийн бүртгэл хийлгэнэ. Бүртгэл хийлгэсэн иргэд дарааллын дагуу өөр өрөөнд орж зүүн гарын булчиндаа тариулж байв.

Вакцинжуулалтын эмч Г.Анхцэцэг иргэн бүрд шинэ зүү тариур харуулаад вакцины нэр, он сарыг давхар нягтлуулж, тайлбарлаж байв. Зүүн гарын булчиндаа тариулсан иргэд “өвддөгүй юм байна, ийм амархан юм уу” гэх мэт үгсийн амандаа бувтнасаар өрөөнөөс гарах аж. Үүднээс вакцины сувилагч иргэнийг дагуулан амрах өрөөнд оруулна. Амрах өрөөнд 10-20 мин амарсан иргэд гэнэтийн өөрчлөлт гарахгүй бол гэртээ харьж болно. Өөрчлөлт өгсөн иргэдэд вакцинжуулалтын эмч нар дараагийн шуурхай арга хэмжээг авдаг гэнэ.

Вакцинжуулалтаас гарч буй иргэдэд эмнэлгийн эмч сувилагч нар “Даарч хөрч болохгүй, тариулсан газраа 3 хоног ус хүргэхгүй, халуун ногоотой гаазтай хүнс хэрэглэхийг хориглох гэх мэт нэмэлт зөвлөмжүүдийг сануулаад, дахин бүртгэл хийж гаргах аж.

Вакцинжуулалтын сувилагч

Б.Нарантуяагийн хэлж буйгаар “Өдөр бүр өглөө 9 цагаас оройны 18 цаг хүртэл вакцинжуулалтыг хийж байна. Иргэдийн идэвхи өнөөдрөөс сайжирч байна. Өдөр 100-200 тунг хийх ёстой байдаг байтал энэ тоо өмнөх өдрүүдэд хүрдэггүй байсан” гэв.
Тус хорооны иргэн 34 настай Н.Энхболд “Хоёр дахь тунгаа хийлгээд гарч ирлээ. Өмнөх тун дээр бага зэрэг толгой өвдснөөс өөрчлөлт байгаагүй. Вакцинжуулалтын цэгийн ажилтнууд энэ олон хүнд хүрч үйлчлээд маш эмх замбараатай ажиллаж байгаад талархаж байна” гэв.