Богд хаант Монгол төрийн тамгыг 1911 оноос тогтсон Монгол Улсын засгийн газраас боловсруулан гаргасан “Залигаар тогтоосон Монгол Улсын хууль”-иар батлан тогтоосон юм. Уг тамгыг “Хар гарт” Гомбо гэдэг дархан хүн хаш чулуугаар сийлж, харин Эх дагинын тамгыг Сэцэнхан аймгийн Дархан Барайшир ван урлажээ.
Төрийн тамганаа Монголын эртний төрийн бэлэгдлийг сэргээн хэрэглэж, үсгийг нь соёмбо, дөрвөлжин хоёр үсгээр бичсэн байна. Дөрвөлжин үсгээр бичсэн хоёр мөр нь Жавзандамба хутагт болбоос эртний Юань улсын Хубилай Сэцэн хааны адилаар төр, шашны хэргийг хослон барьж, лам, харын засгийг нэгтгэн явуулж буйг билэгдсэн утгатай, харин соёмбо үсгээр бичсэн найман мөр нь Монголын анхдугаар Богд гэгээнээс хойшхи найм дахь Богдын үед Монгол улс тусгаар болсныг билэгдсэн утгыг агуулдаг байжээ. Тамганы төв дунд уйгаржин монгол бичгээр эзэн хааны алдрыг “Шашин, төрийг хослон баригч наран гэрэлт Богд хааны тамга” гэж бичжээ. Ийнхүү хаш эрдэнийн тамгыг олонд тархаах аливаа зарлиг, хэлтрүүлэх зарлиг, ухуулах, сургах лүндэн, жуух, шар торгон бичиг дээр дардаг байлаа. Түүнээс гадна, Монголын шашны тэргүүний нь хувьд Богд гэгээнд тусгай тамга хэрэглүүлжээ. Тамганы үгс нь “Шашныг мандуулагч, амьтныг жаргуулагч, аврал итгэл хамгийг айлдагч, оройн чандмань очирдарь Жавзандамба ламын алтан тамга” гэсэн бичигтэй байсан ажгуу.
Бусад олон яам, аймаг, хошуудын гуулин тамганд дан монгол үсэг хэрэглэж, уг газрын нэрийг бичихийн дээр голд нь соёмбо сүлд урлаж, бариулыг нь хүслийг хангагч чандмань эрдэнийн дүрстэй үйлдэн, уул яам, газар, ноёдын эрх ямбанд тохируулан элдэв хэмжээ ба жинтэй цутгадаг байжээ. Богд хаант улсын үеийн тамга нь дөрвөлжин нүүртэй байсан бөгөөд энэ нь 1930-аад онд дугуй (резинэн) тамга гарах хүртэл хэрэглэгдэж байв.
Монголчууд тамгыг төрийн билэгдэл хэмээн машид хүндэлж, улаан халзтай тусгай өргөө бариулан, хойморт нь тусгай хайрцаганд хадгалдаг байв. Төрийн бүх зэрэглэлийн тамгыг эзгүй орхих буюу эгэл айлд эс байлган, эгэл хүнд эс бариулдаг байлаа. Шинэр хаа нэгтээ тамгын газар үүсэн байгуулагдахад цагаан эсгий дэвсэн тамгыг залах бөгөөд тамга баригч нь заавал адис аваад ёс журмынх нь дагуу байрлуулдаг байсан ажээ.