Бидний дотны нөхөр, итгэлт хүмүүн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Л.Хосбаяр нь хүнд өвчний улмаас 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр таалал төгсөн гэр бүл, төрөл төрөгсөд, анд нөхөд, хамт олон бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Л.Хосбаяр нь 1986 онд Төв аймгийн Зуунмод хотод айлын ууган хүү болон мэндэлсэн. Тэрээр аав ээжийн сайн хүү, асралт ханийн үнэнч нөхөр, алаг үрсийнхээ ачлалт эцэг, хамт олныхоо түшиг тулгуур, анд нөхдийнхөө эв нэгдлийн багана байлаа.

Тэрээр нийслэлийн физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р сургуулийг 2003 онд, ШУТИС-ийн КТМС-ийн бизнесийн удирдлагын ангийг 2007 онд төгссөн.

Ажлын гараагаа оюутан цагаасаа эхлүүлж 2004-2007 онд “Хөүм сервис” ХХК-ийн захирал,

– 2007-2008 онд “Хас Ньюс” ХХК-ийн гүйцэтгэх захирал

– 2008-2014 онд “МонЛаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал

– 2014-2020 онд УИХ-ын гишүүний Ажлын албанд зөвлөх

-2020 оноос “Эрдэнэс Монгол” ХХК-ийн санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлаар ажиллаж байв.

Л.Хосбаяр нь эх оронч Монгол хүүхдийн “Хөх цэрэг” аяллыг санаачлан 10 жилийн турш амжилттай зохион байгуулсан бөгөөд энэхүү арга хэмжээ нь хүүхэд залуусыг өөрийгөө нээх, хөгжүүлэх, эх оронч сэтгэлгээтэй хүн болж төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж байсан юм. Улмаар оюутан залуучуудын нийгмийн идэвхи, санаачилгыг дэмжсэн олон төрлийн төсөл, лекц, арга хэмжээг зохион байгуулж байв. Мөн “Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбоо”-ны Хяналтын зөвлөлийн гишүүн, “Монголын Лектор” төвийн Бодлогын зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байсан.

Тэрээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирлаар ажиллах хугацаандаа компанийн санхүүгийн үйл ажиллагааг оновчтой төлөвлөх, удирдан зохион байгуулах, хөрөнгө оруулалт татах, эрсдэлийг бууруулж өрсөлдөх чадварыг сайжруулахад болон охин, хараат компаниудын санхүүгийн сахилга бат, тогтвортой үйл ажиллагаанд онцгой анхаарч ажиллаж байлаа.

Талийгаачийн улс эх орон, байгууллага хамт олон, анд нөхдийнхөө төлөө зүтгэсэн хөдөлмөр зүтгэл, шулуун шударга, ажилч хичээнгүй, нөхөрсөг зан, бусдын төлөө чин сэтгэлээсээ зүтгэдэг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд дурсагдах болно. Түүний гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК