Академич, Бямбын Ринченгийн 1948 онд бичсэн “Соёмбо тэмдэг бол Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолын алдарт сайхан бэлгэ тэмдэг мөн” хэмээх бичгийн машинаар цохисон 6 хуудас бэсрэг өгүүлэл Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж байна. Өгүүллийн нь эхний хуудасны зүүн доод өнцөгт “Намын төв хорооны хурлаар оруулан хэлэлцсэн нь зүйтэй” хэмээн татлан бичжээ.

Уг өгүүлэлд Монголчууд “Соёмбо” тэмдгийг эрт дээр цагаас улс үндэстний тусгаар тогтнол, эрх чөлөөний бэлгэ тэмдэг хэмээн үзэж ирсэн бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан олон эх оронч, цэрэг эрс өөрийн туг далбаандаа мандуулан явсан нь цаанаа маш гүн гүнзгий учир агуулгатай байсан гэдгийг тодорхойлжээ.

Тухайлбал, XVII зууны эхэн Манжийн түрэмгийллийн үед өөрийн нутгийн тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцсэн Халхын Цогт хунтайж, Манжийн эрхшээлд орсон ч улсын тусгаар байдлыг соёмбо тэмдгээр кодлон үлдээсэн Өндөр гэгээн Занабазар, 1911 оны Монголын Үндэсний эрх чөлөөний хувьсгал, 1921 оны Монголын Үндэсний ардчилсан хувьсгал зэрэгт оролцож, улс үндэстнийхээ тусгаар тогтнолын төлөө тэмцэж, эх орон ард түмнээ харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн эрэлхэг зоригт эрчүүд цөм өөрийн туг, далбаандаа соёмбо тэмдгийг залж орой дээрээ мандуулан явсан түүхэн үнэн билээ.

БНМАУ 1961 онд НҮБ-ын Бүрэн эрхт гишүүнээр элссэн нь тусгаар тогтнолоо дэлхий дахинаар хүлээн зөвшөөрүүлж, НҮБ-ын төв байрны өмнө Төрийн алтан соёмбот далбаагаа залсан нь Соёмбо тэмдэг Монголын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг байсны баталгаа юм.

Бид энэ удаа та бүхэндээ академич Б.Ринчен гуайн Соёмбо тэмдгийн тухай бэсрэг өгүүллийг Монгол бичгээс хөрвүүлэн хүргэж байна.

Соёмбо тэмдэг бол Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолын  алдарт сайхан бэлгэ тэмдэг мөн

Б.Ринчен

Намын төв хорооны хурлаар оруулан хэлэлцсэн нь зүйтэй

Монголын түүхийг үзвээс, улсаан харь дайснаас хамгаалан тэмцэж явсан шударга журамт баатар эрчүүд, эртнээс нааш туг далбаан дээрээ бидний эдүгээгийн соёмбо гэдэг тэмдгийг хэрэглэсээр ирсэн байна. Үүнийг үзвээс Монголчууд энэхүү Соёмбо хэмээх тэмдгийг Монгол Улсын эрх чөлөө тусгаар тогтносон байдлын эрхэм чухал бэлгэ тэмдэг хэмээсээр ирсэн нь лавтай бөгөөд, манай ардын өвгөд хуучид их л хүндэтгэдгийн шалтгаан мөн үүнээ буй.

Энэ тухай Улсын анхдугаар Их Хурлын тогтоолд ч цухас тэмдэглэсэн зүйл буй. XVII зууны үеэс Монголыг эрхэндээ оруулах гэж давшилцаж байсан Манж нар мөн тэдэнд туслалцаж байсан Түвэдийн шарын шашны Далай лам, Банчин богдыг эсэргүүцэхээр явсан Монголын цэргийн зоригт эх оронч, баатар эр Цогт тайж 1634 оны орчим 4 түмэн цэрэг дагуулж, шарын шашны толгой лам нарыг байлдахаар явахдаа Соёмбо тэмдэгтээ тугийг хэрэглэж явсан гэж эдүгээ Амдо, Хөхнуурын нутагт буй түүний цэргийн үр угсаа мөн Өөлдийн Гүүш хааны цэргийн үр угсааны хүмүүс хэлэлцдэгийг тэр зүг явсан олон жуулчид сонссон тэмдэглэсэн зүйл буй.

Мөн XX зууны эхнээр Хятадын хар цэрэгтэй Монголын тусгаар тогтнолын төлөө байлдахаар явсан ардын Хатанбаатар Магсаржав, Соёмбо тэмдгийн учир утгыг сайн мэдэх байсан бөгөөд Монголын тусгаар тогтнохын төлөө, Улсынхаа төлөө зүтгэсэн хүмүүс цөм энэ тэмдгийн доор тэмцсээр ирсэн уламжлалыг мөн мэдэх байсан.

Автономитын үед энэхүү тэмдгийг туг, далбаа, тамга, тэмдэгтээ хэрэглэж явсан нь бас л манж, хятадын дарлагдлаас ангижирч, Өөртөө засах бүрэн эрхтэй тусгаар тогтносон улс болохыг бэлгэдсэн хэрэг. Тэр үед маш эрхэм болгож байсан дөрвөн хүчтэн гэдэг луу, арслан, барс, гарьдын аль нэгнийг ч туг, далбаа, тамга, тэмдэгтээ эс хэрэглэснийг үзвээс сүр хүчийг бадруулсан хэмээсэн утга бүхий эдгээр тэмдгээс Соёмбыг илүү эрхэм болгосон нь мөн л Монголын тусгаар тогтносон байдлын бэлгэ тэмдэг болсон эрхэм зүйл мөн хэмээн үзсэн нь илэрхий хэрэг.

1921 оны цагаагчин тахиа жилд Монголын ард түмний эрх чөлөөний төлөө тэмцсэн Сүхбаатар, Чойбалсан нарын Ардын журамт цэрэг, Гэ Мин, Барон Унгерны зэрэг гадаадын түрэмгийлэгчидтэй тэмцэх, дахин мөнхүү Монголын эрх чөлөө тусгаар тогтнолын алдарт тэмдэг болсон Соёмботой тугийн доор байлдан явж ардын хувьсгалыг мандуулсан билээ.

Энэ бүгдийг үзвээс, Соёмбо тэмдэг бол Монголын түүхэнд манай ард түмний эрх чөлөөний төлөө гадаадын дайсантай тэмцэж байсан удаа бүхэнд нь Монголын тусгаар тогтнохын бэлгэ тэмдэг болсоор иржээ.

Соёмбо тэмдгийн утгыг монголын түүх, зан суртахуун, утга зохиол, ёс уламжлалын үүднээс тайлбарлабаас: Соёмбын хамгийн дээр нь нар, сар, гал гурвын дүрс тэмдэг буй. Түүний наран, саран хоёр нь Монгол Улс хэмээсэн утгатай тэмдэг мөн. Дээр үеэс хоёр мянгаад жилийн өмнө Монголчууд Хятадтай харилцахуйд өөрсдийн биеийг наран, саран гаралтай хэмээж байсан тэр үеэс хараахан бичиг үсэг үгүй байсан учир өөрийн улсыг наран сарнаар дүрслэн тэмдэглэдэг байжээ.

Ци иг Дүн Хэяан Ган Му бичигт Хүнэ-ийн Луушан Шан Иүй хаан Христосын оноос өмнө 170-аад он орчим буюу эдүгээгээс 2000 гаруй жилийн өмнө хятадын Хуандид бичиг бичихдээ биеийг тэнгэр газрын төрүүлсэн, сараны мандуулсан Хүнэ-ийн Их Шан Иүй хаан гэж бичиж байсны зэрэг утга буй.

Энэ тухай орос хэлэн дээр лам Екинпагийн зохиосон “Дундад Азид байсан улсын түүх” гэдэг зохиолын нэгдүгээр дэвтрийн 28 дугаар хуудсанд товч тэмдэглэжээ. Бас бөөгийн дуудлагад наран саран гаралтай гэж Монгол Улсынхаа гарлыг дууддаг ёс цагааны зүгийн бөөгийн дуудлагад буй. Мөн Монгол Улсын нийтийн гарлын тэмдэг нь наран, саран бөгөөд олон монгол аймаг нь дотроо тус тусдаа хандгай, хун шувуу, морин гэх зэргийг омог тус бүрийн гарвалын тэмдэг болгож байсан билээ.

Бас урьдын Монголчууд малгай дээрээ улаан залаа зүүдэг нь наран саран гаралтай улс хэмээснээ бэлгэдсэн хэрэг гэж өвгөд хуучид тийнхүү хэлэлцдэг зүйл буй. Бас Хүнэ улсын үед аян дайнд мордохдоо заавал саран эхийн дэлгэрч байгаа цагийг тохиолдуулан арван тавны өдөр морддог байжээ гэж VIII зууны үеийн Хятадын сударч Си Ма Цяаны “Си иг” хэмээх түүхийн тэмдэглэлд буй.

Энэхүү соёмбод наран сарны дээр галыг гурван үзүүртээ дөлөөр дүрсэлсэн нь эртний монголчууд галыг маш эрхэм болгож, хүний уг удам залгамжлахын тэмдэг хэмээн гал голомт гэж хэлэлцдэг байсан бөгөөд уул галын дүрс нь гурван үзүүртэй байдаг нь Монгол Улсын гал голомтыг өнгөрсөн, эдүгээ, ирээдүй гурван цагт буюу үүрд бадран мандаж байх хэмээсэн утгатай тэмдэг болой.

Соёмбын доторх гурвалжин дүрс бол монголын эртний зохиол, ёс суртахуунд үзвээс эртэн цагт дайсны өөдөөс хэрэглэх, жад сумны гэлбэрийг дүрсэлсэн бөгөөд дайсныг дарах хэмээсэн утгатай тэмдэг мөн. Үүнд дээр доороо хоёр хэсэг байдаг нь монголын хүн бүхэн их бага, эр эмгүй цөм нэгэн сэтгэлээр Монголын тусгаар тогтнон мандахын, дайсныг хаанаас ч гарч ирснийг даран сөнөөхийн тэмдэг болгосон нь болой.

Эртний монголын хөшөө, чулуу мэтэсд энэ тэмдэг их буй. Мөн өвгөдөөс сонсоход дайсныг дарах мууг сөнөөх хэмээсэн зүйл хэмээн эрхэмлэж байсан хэмээмүй. Соёмбын доторх хөндлөн, шулуун өнцөгтэй хоёр хэсэг дөрвөлжин дүрс бол монголын хүн ард, их бага, дээр доор үгүй цөм улсынхаа төлөө шулуун шударгаар хүчээн өгөх хэрэгтэй хэмээсэн тэмдэг болно. Өнцөгтэй болсон нь бөөрөнхийн эсрэг болгож, хүн бүхэн улсынхаа төлөө эрс шударга өнцөгтэй, шулуунаар зүтгэх хэмээсэн санаа.

Монгол бичгийн үг, түүх судрын зохиолд журамт эрсийн явдлыг өгүүлэхдээ явдал нь өнцөгтэй, шулуун хэмээмүй. Соёмбын голд бие биеэ дагаж ирсэн хоёр загасны дүрс буй нь загасыг эртний монголчууд нүд анидаг үгүй амьтан хэмээн маш сонор соргогийг дүрслэхүйд хэрэглэдэг байжээ. Үүнд хоёр загасыг зурсан нь арга билиг буюу эр, эм хэмээсэн утгатай нь улсынхаа төлөө дээр доор, эр эм үгүй цөм нэгэн сэтгэлээр арга билгийг хосолж, дайсны эсрэг нүд чавчилгүй сэрэмжилж бай хэмээсэн санаа.

Арга билиг гэж хятадын ёсны зурхайд бас буй бөгөөд Дундад улсын эртнээс нааш уламжилсан заншилд загасыг дүрсэлсэн тэмдэг болгосоор ирсэн. Үүнээ загас хэмээсний утгыг тайлбарласан Нанхиад бичгээс үзвээс цөмд буй. Түүнчлэн нанхиад, европын толь бүхэнд загасыг нанхиад хятадын утга зохиолд нүд үл цавчин ширтэх маш сэргэлэн болгоомжтойг дүрслэл болгодог хэмээсэн тайлбарлал буй.

Соёмбын хоёр хажуугийн босоо дөрвөлжин нь хэрмийг дүрсэлсэн бөгөөд төрийн төлөө хүн ард дээр доор, эр эм үгүй нэгэн сэтгэлээр эв нэгтээ болбоос Монгол Улс төмөр хэрэм мэт бат болно хэмээсэн санаа.

Соёмбо үсгүүдийн дотор багтсан эдгээр тэмдгүүдийн утгыг дүгнэбээс Монгол Улсын үүрд эрх чөлөөтэй тусгаар тогтнохын бэлгэ тэмдэг даруй мөний тул ийнхүү улсынхаа төлөө тэмцэж байсан Монголын шилдэг сайцуул энэхүү тэмдгийг хэрэглэж явсан нь арга үгүй зөв байжээ. Жишээлбэл: Химийн ухааны хураангуйлсан томьёо буюу газрын зургийн хот, уул, ус, төмөр зам, хэрэм, боомт зэргийг томьёолон тэмдэглэдэг элдэв тэмдгийг мэдэх хүн хармагц учир нэвтэрхий мэддэгийн адил энэхүү соёмбыг доторх тэмдэг тус бүрийн утгыг эртний түүх, ардын аман зохиол, ёс суртахууныг мэдэх хүн үзвээс дээр тайлбарласан утга санаа аяндаа тодорхой болмой.

Соёмбо тэмдгийн доор бадамлянхуа цэцгийг Монгол Улс 1924 онд Бүгд найрамдах засгийг байгуулж, Үндсэн хуулийг баталж, Улсын сүлд тэмдгийг тогтооход нэмсэн билээ. Түүний утга нь бадамлянхуа цэцэг бол усны ёроолын хар шавар дотроос ургадаг боловч түүний ариун цагаан цэцэгт хир буртаг нь огт халддаггүйн адил Монгол Улсын төлөө зүтгэгч хүн бүхний сэтгэлд амин хувийн ашиг завшааныг ирэхийн хир буртаг үл халдах болтугай хэмээсэн санаа болно.

Энэхүү соёмбыг лам нар шашны талаар тайлбарлах гэж оролдсоны шалтгаан нь Монголын ард түмний эртнээс нааш эрх чөлөөний төлөө тэмцэхдээ маш эрхэм болгосоор ирсэн эрх чөлөөний тэмдгийг нь Манзуширын хувилгаан гэж мандуулж байсан Манжийн хаанд харш үгүй болгохын санаагаар таван махбодын өнгөөр ялган тэмдэглэж, өөрийн ашиг тусын үүднээс тайлбарласан нь таван хошуу тэмдгийг мөн шашны ёсоор эрхэм болгож тайлбарладгийн нэгэн адил бүгд Өндөр гэгээн энэхүү Соёмбо үсгийг зохиов гэж хэлэлцдэг домог үгийг тайлбарлаваас, Манж нар Өндөр гэгээний үеэс Монголыг эрхэндээ оруулж, улс төрийн аливаа хэрэгт манж хэл бичгийг албаар хэрэглүүлэх болсон. Үүнд: Өндөр гэгээн битүүгээр эсэргүүцэхдээ эртний үеэс уламжлаж ирсэн “бирага” буюу Монгол Улс мандтугай хэмээн ном судрын эхэнд тавьдаг байсан тэмдгээс сэдэв авч Соёмбо тэмдгийг мөн бирага болгоод түүний байдалд тохируулан үсэг зохиосноо “Соёмбо үсэг” гэж нэрлээд тамга, тэмдэг, ерөөлтэй, бэлгэтэй ном зохиолыг энэ үсгээр бичүүлж байсан нь битүүгээр Монголын тусгаар тогтнохын үсэг хэмээсэн утга бүхий тул тэр заншил автономитын үе хүртэл уламжлан ирж, хятадаас салмагцаа улсын тамга, тэмдэг илэрхийллийн үсэгт Соёмбо үсгийг хэрэглэсэн нь Монгол Улсын тусгаар тогтнохын санааг бас илэрхийлж байсан хэрэг болно.