“Койн” – энэ нэршил одоо Монголын хэрэглэгчдэд танил болсон биз ээ. Гэвч хэрэглээ болоод арга барилын хувьд ялангуяа арилжааны хэрэгсэл болох талаар огт танигдаагүй. Харин иргэдэд танигдаагүй энэхүү арилжааны хувьслыг таньдаг хүмүүс нь одоогоор Монголын мэдлэггүй боловч мэдээлэлтэй, цагтаа хөргөгч, ходоод хоёр нь хоосон явж үзсэн туршлагатай, өлөн нүд, хоосон ходоод хоёрыг эзэмшиж сурсан инфлүүсер-мөнгө хүүлэгчид л байна.

Мэдээж, жоохон мөнгөө өсөгчих хүсэл хэнд ч бий. Гэхдээ та өөрөө л санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гэсэн болохоос инфлүүсер мөнгө хүүлэгчдийг баяжуулах гээгүй биз дээ. Тэд та, бидэнгүйгээр баян л даа. Гэхдээ ханахгүй. Харин тэдний шуналыг хангахын тулд таны хөлсөө дуслуулж олсон “жоохон” мөнгийг ч тэд хүсээд байгаа юм. Тэд харин нэг зүйлийг огтоосоо хүсэхгүй гэдгийг санаарай. Тэр бол “Тэднээс баян хүнийг л Тэд хүсэхгүй”. Одоо та ойлгож байна уу. Хамгийн энгийнээр тэд өөрсдөө баяжих гэж л койн гаргасан болохоос таныг баяжуулах гэж койн гаргаагүй юм шүү. Ингээд тасын уншигчдда койн, цахим мөнгөний талаарх олон улсад гарсан луйврын жишээнээс танилцуулья.
Цахим мөнгөний анхны зорилго нь дундын оролцоогүйгээр буюу хэтэвчнээс хэтэвчинд мөнгө дамжуулах явдал байлаа. Шимтгэлгүй, дундын зуучлалгүй буюу банкны оролцоогүй. Шимтгэлгүй байгаа нь хэрэглэгчдэд таалагдсан хэрэг. Харин хөгжлийнхөө явцад луйврын схем болжээ. Эсвэл анхаасаа энд хүрэх зорилготой “эзэнгүй” эх код байсан. Цахим мөнгөний эх кодыг анхлан Сатоши Накамото буюу Satoshi Nakamoto нэртэй програмист зохиосон гэх боловч түүнийг хэзээ ч хэн ч харж байгаагүй, тэрээр цахим мөнгөний арилжааны сүлжээг төгс боловсруулаад харин өөрөө цахим ертөнцөөс “арилчихсан” байгаа билээ.

Тиймээс тийм хүн анхнаасаа байгаагүй гэж ч үздэг. Түүний нэрийг SAmsung, TOSHIba, NAKAmichi, MOTOrola гэх компаниудын хамтарсан үйл ажиллагаа гэж үзэх нь ч бий.

1. ONE COIN /2014-2017/

2014-2017 оны хооронд идэвхитэй үйл ажиллагаа явуулж байсан УВАНКОЙН-ыг санаж байна уу. Үүсгэн байгуулагч нь криптовалютын хатан хаан Руже Игнатова юм. Тэрээр 3 жил хүрэхгүй хугацаанд 4 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтыг татаж, үүндээ 3 сая хүнийг оролцуулсан юм. Харин үүнээс хөрөнгө оруулагчдад буюу иргэдэд учрах хохирол нь 15 тэрбум евро хүрнэ гэж тухайн үед эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх албаныхан мэдээлж байсан. Ажиллагааны зарчим нь сүлжээний бизнест ижил зарчимтай. Ирээдүйд олох асар их баялагийг амалж, шинэ гишүүдээ урьж оруулдаг байв. Үүсгэн байгуулагчийн тайлбарласнаар ирээдүйд асар гүйлгээтэй цахим мөнгө болж, дэлхийн өнцөг булан бүрт түүгээр арилжаа хийж, биткойныг устгах ёстой байсан гэжээ. Гэвч үнэндээ юу ч үйлдвэрлэхгүйгээр, бүүр юу ч хийхгүйгээр баяжина гэдэг тэнэг хэрэг биш үү. Зүгээр л хүн элсүүлээд л үү…??? Мухар гудамжаар орсноо мэдэхгүй, хоосон горь тээн алхахтай яг ижил. Уванкойноор гүйлгээ хийхэд зөвхөн удирдлагын хяналтанд байдаг сайтаар дамжуулан арилжаа хийдэг, удирдлага мэдээллийн баазыг тэр чигт нь хянадаг тогтолцоотой байсан юм. 2015 онд Болгар улсын санхүүгийн комисс Уванкойныг төлбөрийн хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрөгдөөгүй болохыг зарлаж, түүнд оруулсан хөрөнгө оруулалт асар өндөр эрсдэлтэй гэж анхааруулсан. 2016 онд Их Британи, 2017 Тайландын банк, Австрийн санхүүгийн зохицуулах газар, Италийн санхүүгийн зохицуулах газар, Герман улсын засгийн газар шил дараалан Уван койныг үйл ажиллагааг өндөр эрсдэлтэй хоосон сүлжээ болохгы зарлаж, нутаг дэвсгэр дээрээ үйл ажиллагааг нь зогсоосон юм.

2. BITCONNECT – /2016-2018/

Битконнект 2016 онд үүсгэн байгуулагдсан. Компани нь тодорхойгүй төслийн баг. Өөрийгөө Сатао Накамото гэж нэрлэсэн цахим хаягаар бүхий л үйл ажиллагааг зохицуулдаг байлаа. Хэрэглэгчдэд өндөр ашгийг амласан буюу 1000 далларын хөрөнгө оруулалт нь 3 жилийн дотор 50 сая доллар болно гэсэн санхүүгийн схемийг тайлбарлаж байсан юм. Оруулсан хөрөнгө нь их байх тусам их ашиг олж, ашгаа ч эрт хүртэх болно гэж байлаа. 2017 оноос эхлэн ийм ашиг луйврын Понзи схем гэж санхүүгийн мэргэжилтнүүд үзэж буйгаа зарлаж, учир шалтгааныг тайлбарлаж эхэлсэн. Мөн Их Британий Засгийн газраас Битконнектыг санхүүгийн моделийн талаар тайлбар өгөхийг шаардаж, луйвар биш гэдгээ батлахгүй бол 2 сарын дотор үйл ажиллагааг нь зогсооно гэж мэдэгдсэн. Гэсэн ч тус сүлжээ үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байлаа. 2018 оны 1 сард АНУ-ын Ходй Каролина мужийн санхүүгийн зохицуулагчид тус сүлжээг санхүүгийн сонгодог Пирамид сүлжээний схем хэмээн мэдэгдэж, үйл ажиллаггааг нь зогсоосон. Харин хөрөнгө оруулагч иргэдэд 3.5 тэрбум долларын хохирол учирсан.

3. PLUSTOKEN /2018 – 2019/

2018 оны зун Хятадын we-chat сүлжээгээр орлогын схемийн талаарх мэдээллийг түгээж эхэлжээ. Үүсгэн байгуулагчдын зүгээс хөрөнгө оруулагчдад 10-30 хувийн орлого сар бүр олгохоос гадна шинэ гишүүн татах урамшуулал амласан. Оролцохын тулд Биткойн бусад зоосыг Плас криптовалютаар солих шаардлагатай байсан бөгөөд ингэж арилжаа хийсэн хөрөнгө оруулагчид урамшуулал хүртэх нөхцөлтэйгээр зохион байгуулжээ. Тухайн үед Huobi, Bithumb биржээр арилжаалагдсан. Пластокен нь дижитал хөрөнгийн талаар бага ойлголттой хүмүүст зориулагдсан, зохион байгуулагчид үйлчлүүлэгчдийн итгэлийг олж авахын утлд тэдэнд зориулж сургалтын лекц уншиж, плас криптог худалдан авах хэрхэн арилжаа хийх талаар итгүүлж байв. Пластокеныг дээрх 2 койноос тод ялгах юм нь 2019 оны 6 сард Хятадын хууль сахиулах байгууллагын хүсэлтээр Ваунату арлын эрх баригчид тус арал дээр байрлаж үйл ажиллагаагаа эрхэлж байсан цахим луйварчдийг баривчилсан юм. Гэсэн ч хөрөнгө оруулагчдын мөнгийг буцааж өгөх боломжгүй болсон байлаа. Энэхүү сүлжээ хөрөнгө оруулагчдад хамгийн багадаа 3 тэрбум долларын хохирол учруулсан гэж үзэж байгаа. Пластокены валютын зарим хэсэг одоо ч үл мэдэгдэх хаягаар үе үе “эзэнгүй” гүйлгээ хийгдсээр байна.
Танд л гэж хэлэхэд цахим луйварчдыг баривчлах нь энэ төрлийн луйврыг зогсоох эцсийн арга биш юм. Учир нь тэр үед та мөнгөө буцааж авахаасаа өнгөрсөн байна. Харин тэднийг зогсоож болох ганц арга нь та зүгээр л тэдэнд итгэхээ болих.
Цахим хөрөнгө босгогчдод нэр хүндээ барьцаалах, их хэмжээний ашиг амлах, тухайн койн маш их эрэлттэй байгаа мэт зохиомол хомсдол үүсгэх зэрэг ижил төстэй хэд хэдэн шинж байдаг. Тэдний нэрээр сая сая хуурамч эзэмшигчид, арилжаа хийх сая сая хуурамч хаяг байх болно. Арилжаа нэр хүндтэй нээлтээр эхэлж, зохиомол хомсдол үүсгэж, эрэл нэмэгдмэгц дусал дуслаар арилжаа явагдаж, хөөсөрсөн өсөлт гарах болно. Үнэндээ тэр бүх койнууд зохион байгуулагчид болон тэдний хамсаатнуудад л байгаа. Харин үнийн өсөлт хөөсөрч эхэлмэгц тэд танд зарах болно. Ингэсээр таны зарах ээлж ирэхэд үнийн хөөс арилсан байна. Үнэгүйдэж эхлэнгүүт тэд танаас буцааж худалдаж авна. Өөрсдөдөө цуглуулмагцаа дахин зохиомол хомсдол, эрэлт үүсгэж үнийг хөөсрүүлнэ…. гэх мэтээр тэд эцэс төгсгөлгүй мөнгө угаасаар байх болно. Харин хуулийн зохицуулалт орж ирэх үед тэнд таны мөнгийг буцааж төлөх, үгүй ядахдаа баривчлагдах хүн ч цахим хаягны ард байхгүй гэдгийг санаарай.