Зураг дээр эхний эгнээнд баруун гар талаас: Дарьзавын Лосол, П.И.Литвинцов\Ардын журамт цэргийн штабын дарга\, Дамдины Сүхбаатар, Догсомын Бодоо, Сергей Степанович Борисов\Коментерны монголын хэлтсийн дарга монгол дээлтэй\, Арын эгнээнд зураг дээр баруун гар талаас: Рыбин, Цэдэн-Иш, Дашпилон, И.Г.Демко \Коментерны төлөөлөгч\, Ц.Баламцоо нар Хиагтад.
ХИАГТ зуун жилийн өмнө худалдаа арилжааны том боомт байсан төдийгүй хувьсгалын үүр уурхай халх Монголын хувь заяаны үүд хаалга нь байв. 1921 оны гуравдугаар сарын тэрхүү өдрүүдэд улаан оросууд, цагаан оросууд, Япон, Хятад Богдын засгийн газар Ардын засгийн газар Панмонгол буриадууд зэрэг олон янзын ашиг сонирхол Хиагтад төвлөрч байв.
Япончууд элэг нэгт Монголчууд болон ялангуяа панмонгол буриадуудыг хөөргөж Хиагт төвтэй Их монгол улс байгуулж өгөхөө амлаж Америк, Англи, Франц, Япон зэрэг их гүрнүүдийн нэгдүгээр дайны дараа дэлхийг хуваах Версалийн гэрээ Парисын бага хуралд оролцуулахаар буриад-Монголын төлөөлөгчдийг илгээсэн ч замдаа бүтэлгүйтсэн байв.
Богдын засгийн газар бол Барон Унгерн цагаантны хүчээр гамингуудыг сөнөөж хаант засаглалаа сэргээж шашин-төрөө мандуулах бодолтой бол Ардын Түр Засгийн Газар улаантантай хавсран гамингуудаас Хиагтыг чөлөөлж цаашид бүх Монгол овогтноо нэгтгэн нэгдсэн нэг улс байгуулах зорилготой байв.
Харин Хатанбаатар Магсаржав тэргүүтэй зарим эх орончид улаантан цагаантан гамин гэж ялгалгүй гадаадын бүхий л оргодол самуун булаан эзлэгчдээс цэргийн хүчээр эх орноо чөлөөлөх чин эрмэлзэлтэй байв. Энэ их ээдрээтэй цаг үед эцсийн эцэст жанжин Сүхбаатар тэргүүтэй эх орончид Алтанбулаг Хиагтаас ардын хувьсгалаа эхэлж эрх чөлөө тусгаар тогтнолоо олж аван Зөвлөлт Оросыг бараадсан нь Монгол түмний заяа нь түшсэн хамгийн зөв зам байжээ.
Зөвлөлт Оросын хувьд Барон Унгерн Нийслэл хүрээг эзлэн авсан нь улам их аюул занал учруулж удахгүй Улаан-Үүдийн чиглэлд Хиагтаар дамжин довтлох гэж байгааг улаантнууд сая ухаарч урьтаж хамгийн гол үүд хаалга гэгдэх Хиагтад Ардын нам Журамт цэргийг эмхлэн байгуулж хотыг чөлөөлөхөөр шийдвэрлэв.
Яг энэ үед дайсны дайсан бол бидний нөхөр гэдэг утгаараа цагаантанд бут цохиулсан гамингууд улаан оросыг бараадан Манжуур гарахаар Хиагтыг хамгийн гол түшиц газраа болгоод байв. Харин Коментерн Ардын журамт цэргийн тулган шаардах бичгийг гамингуудад зуучлаж аль болохоор гамингуудыг аргадах маягаар ирсэн замаар нь өмнө зүг буцаалгаж цагаантануудтай байлдуулж Унгерны хүчийг сулруулах, амь хоргодоод гуйгаад хил даваад ирсэн гамингуудыг Манжуураар дамжуулан эх нутагт нь буцаах хирнээ нөгөө талдаа ардын журамт цэргийг сургаж бэлтгэн арваннаймны өдрийн ардын журамт цэргийн довтолгоонд артиллерийн галын дэмжлэгийг хилийн цаанаас нууцаар үзүүлж гамингуудыг их буугаар буудан будаа болгох оросын харьяат монгол элэгт нэгт буриад тува алтай халимаг нарт монгол дээл хувцас өмсүүлэн ардын журамт цэрэгт дэмжлэг үзүүлэх зэрэг нууц ажиллагаа давхар мэх хийж Хиагтыг чөлөөлөх явдал байв.
Хиагтын чөлөөлөлт нь Коментерны хувьд Монголд цэрэг оруулж цагаантнуудыг зүйл дуусгахын хажуугаар Монголыг Японы нөлөөнөөс салгаж нармай монгол үзлийг тас цохиж коммунизмын замд нэгтгэх явдал байсан бол харин бидний хувьд мөнх тэнгэрийн зарлигаар нэг хоног ч хойшлуулж болохооргүй эхлүүлэх ёстой монгол түмний заяа нь түшсэн марксизм ленинизмийн онолоор бол хувьсгалын тохироо нь хэтрүүлж хэлэхэд хоёр зуун хувь бүрдсэн цаг үе байсан төдийгүй өнөөдрийн бидний эрх чөлөө тусгаар тогтнолын үүд хаалгыг үүрд мөнхөд нээсэн үйл явдал болсон юм.
Харин эвлэлдэн нэгдсэн элэгт нэгт буриад, халх, цахар зэрэг бүх Монголчуудын эрхэм зорилго нь эрх чөлөө тусгаар тогтнолоо олоод эзэн Чингисийн их Монгол улсаа байгуулах явдал мөн болохыг Ардын намын анхны хөтөлбөртөө ч тусгажээ. 1921 оны 3-р сарын 1-нд баталсан Ардын намын анхны дүрэмд Намын эрхэм зорилго бол бүх Монголчуудаа нэгтгэн бүрэн улсаа байгуулах явдал бөгөөд юуны өмнө Монголд түрэн орж ирсэн хятадын болон бусад түрэмгийлэгчдээс Монгол Улсаа чөлөөлөх нь бидний нэн тэргүүний зорилт мөн «Партия, в конечном итоге, ставя своей целью объединение всех монгольских племен в одно государственное целое, в настоящем стремится к освобождению Монголии из-под реакционной власти Китая и других реакционеров, вторгнувшихся в Монголию» хэмээн заажээ.
Ардын намын анхны даргаар сонгогдсон Данзан тэргүүтэй эх орончид улаантаны тусламжтайгаар улс орноо харийн дайснаас чөлөөлж нэгдсэн Монголоо байгуулж хөрөнгөтний замаар хөгжих бодлоготой байсан нь Коментерны коммунизмыг экспортлох үндсэн зорилготой зөрчилдөж явсаар адаг сүүлдээ Бодоо Данзан гээд бүгд буудуулж дууссан төдийгүй бас тэрхүү бодлого нь 1924 оны Орос Хятадын хэлэлцээрт Монголын талаар ОНЦГҮЙ ЗААЛТ оруулахад хүргэсэн байдаг. Одоо ч гэсэн оросын бодлогыг ойшоохгүй бол ондоо аргаар ойлгуулаад өгдөг үйл явдал хэдхэн сарын өмнө уулын Карабахад болоод өнгөрснийг бид бас мартаж болохгүй.
ДОКТОР ХУРАНДАА ДОРЖПАЛАМЫН ЭРДЭНЭЦОГТ