Ясны бөхчүүдээс голцуу охин хүүхэд төрдөг, бөхийн ген эхээр дамждаг гэхчлэн бичигдээгүй, батлагдаагүй теоромууд олон. Тэгвэл монголын сайхан аварга, арслан, заан гэх мэт хүчтэнүүдийн хөөрхөн охидыг танилцуулж байна.

Б.Бат-Эрдэнэ аварга гурван охинтой


Аваргын том охин Б.Баярмаа ХБНГУ-ын Нордрайнвестфаллен мужийн Дюссильфорд хотод залуу архитекторуудын хамт галт тэрэгний замын дээгүүр олон нийтийн орон зайг шинээр бий болгох төсөл боловсруулсан, герман хэлийг төгс эзэмшсэнээс гадна архитетoрч мэргэжлийнхээ ид шидийг гаргаж яваа номын бүсгүй бий.
Тэгвэл дунд охин Б.Бурмаа бодибилдингийн спортоор хичээллэж, УАШТ ээс мөнгөн медаль хүртсэнээр ирээдүйтэй тамирчин гэдгээ харуулсан. Аавыгаа дагаж, арга хэмжээ бүрээр алгасалгүй ордог бага охин Б.Сугармаа нь ажлаа хийсээр тун чимээгүйхэн амьдардаг.

А.Сүхбатын “том” охин


Монгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга А.Сүхбат хэд хэдэн эхнэрээс хэд хэдэн охинтой. Тэдний хамгийн том нь анхны эхнэр Б.Баясгалангаар төрсөн энэ охин. А.Сүхбат эхнэрүүдээ ил гаргадаг ч хүүхдүүдээ ихэд нууцалдаг. Гэвч өөрийн фейсбүүк хуудасдаа “Аавын бондгор охин өдөр ирэх тусам л том болж байна. Аав хүн охин үрдээ илүү хайртай байдаг гэдэг үнэн бололтой” хэмээж анх удаа “том” охиноо ил гаргасан. Энэ охин нь А.Сүхбатын залуу эхнэр гэгдэж явсан Н.Гарамханд бүсгүйтэй насаар ойролцоо гэсэн шүү.

Г.Өсөхбаярын ганц охин


Монгол Улсын Даян аварга Г.Өсөхбаярын гэргий Б.Нарантуяаг сайн хань, сайхан бүсгүй хэмээн хэлтэй амтай бүхэн магтан шагшдаг. Заяаны ханиуд адилхан байдаг гэхчлэн нуруу туруу, царай зүс тун ч ойролцоо хосууд тэртээ 22 жилийн өмнө хуримаа хийж, удалгүй үрийн зулай үнэрлэсэн нь ганц охин нь.

Түүнээс хойш дандаа хүү өлгийдсөн хосууд зургаан сайхан хүүхдийн эцэг эх болсон. Тэгвэл араасаа таван эрэгтэй дүү дагуулсан аваргын ганц охин энэ бүсгүйг Г.Ундраа гэдэг. Аргагүй л арал чацаараа аархдаг аваргын охин гэсэн шиг нуруу туруу, царай зүс сайтай түүнийг аавтайгаа ийн хөтлөлцөн явахыг харсан хүмүүс “Залуухан эхнэртэй болсон юм уу?” гэхчлэн шивэр авир хийж байсан.

Ц.Цэрэнпунцагийн зартай охин


Монгол Улсын гарьдын Ц.Цэрэнпунцагийн охинтойгоо авхуулсан зураг хэдэн жилийн өмнө цахим ертөнцөд сониуч хүмүүсийн дунд “ярианы сэдэв” болж байв. Тэгвэл олны анхаарлыг татсан царайлаг охин Ц.Пүрэвжаргал буюу Пушки өдгөө өөрийн амьдралаар хэдийнэ зартай болсон. Хэвлэлд мэдээлсэнчлэн гарьдын гэр бүл монголд ирэхээсээ өмнө Санфранциско хот дахь баячуудын хорооллын далай эрэг дагуух тансаг харшид амьдардаг байсан гэдэг. Найзууд нь Пушки хэмээн дууддаг Ц.Пүрэвжаргал бүсгүй гарьдын ууган охин бөгөөд тэрбээр 2015 оны тавдугаар сард Санфранцискогийн их сургуулийг онц дүнтэй дүүргэсэн байна. Тэрээр өдгөө Bloomberg-ийн Долгионы гэргий болон суусан.

Д.Бумбаяр зааны хөөрхөн охид


Монгол Улсын заан Д.Бумбаярын гэргий С.Одонтунгалагийг цагтаа сайхнаараа цалгиулж явсан цуутай бүсгүйчүүдийн нэг гэдэг. Бөхийн гэх ертөнц дэх үзэсгэлэнтэй гэргий нарын нэгээр яах аргагүй тодорч явсан түүний охид ч ээжийнхээ халааг үргэлжлүүлэх хөөрхөн охид үргэлжлүүлсэн. Тэдний том охин Б.Идэрмаа нь хэдийнэ айлд бэрлэж, ээж болсон нь тэртээ таван жилийн өмнө. Улсын заан Ч.Батзоригийн хүү Б.Дэнзэнсамбуу хэмээх сүрлэг сайхан нэртэй, сүртэй сайхан ч бие хаатай хүүтэй үерхэж хөөрхөн охинтой болсон. Бага охин Б.Шижиртуяа нь Улсын харцага Б.Пүрэвсайхантай дэр нэгтгэсэн.