Хилийн тагнуулын дарга нарын хэргийг шүүхээр ДАХИН хэлэлцэнэ

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2021.10.15-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)- ын Хилийн тагнуулын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Н.Адъяа, Ч.Дашдорж нарын гэм буруутай эсэхийг дахин хэлэлцэх шүүх хурал товлогдоод байна. Тус хэрэг 2017 оноос хойш шүүхээр ахин дахин хэлэлцэгдэж байгаа юм. Тодруулбал, Хил хамгаалах ерөнхий газар (ХХЕГ)- ын Хилийн тагнуулын газрын даргаар ажиллаж байсан хурандаа Н.Адъяа, Ч.Дашдорж нар хээл хахууль авсан, Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн хэрэгт холбогдон 2015 оны аравдугаар сараас хойш хууль сахиулах байгууллагын үүдийг сахиж буй билээ. Тагнуулын байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулж, Цэргийн болон Хилийн тагнуулын албыг татан буулгахаас өмнө ХХЕГ-ын нэн чухал албанд ажиллаж байсан дээрх хоёр хурандаа болон Б.Насанжаргал, А.Сумъяа, Г.Батчулуун, Б.Эрхэс-Од, С.Сугар зэрэг хүнийг хээл хахууль өгч, авсан, зуучилсан, Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэсэн үндэслэлээр шалгасан юм.

Тэдэнд  2002 оны эрүүгийн хуулийн  133.1, 268.1 болон 2017 оны Эрүүгийн хуулийн 22.5.1дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. Тус зүйл ангиудад:

2002 оны эрүүгийн хуулийн  133.1 Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих

133.1.Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

2002 оны эрүүгийн хуулийн  268.1 Хээл хахууль авах

268.1.Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

2017 оны Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйл.Хахууль өгөх

1.Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заасан байгаа.

Хилийн тагнуулын удирдлагыг гүйцэтгэх ажлын шугамаар олж авсан мэдээллээ ашиглаж, хэрэгт холбогдсон хүмүүсээс хахууль авсан байж болзошгүй хэмээн буруутгасан. Тэдэнд холбогдох хэргийг анх 2017 оны есдүгээр сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч хурандаа нар, тэдний өмгөөлөгч, хэргийн бусад холбогдогч давж заалдах болон Улсын дээд шүүхэд гомдол гаргаснаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм.

Гүйцэтгэх ажилтай холбоотой хэрэг учраас улсын нууцад хамааруулж, хаалттай хэлэлцдэг, мартагдах шахсан энэ хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 24-нд дахин хэлэлцээд прокурор, мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэсэн аж. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэрэгт хяналт тавьж буй НПГ-ын хяналтын прокурор Т.Оргил-Очир эсэргүүцэл бичсэнийг шүүх бүрэлдэхүүн хянаад анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хурлаар дахин хэлэлцүүлэхээр харьяалах шүүхэд нь буцааж байсан түүхтэй.

Уг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4-5 дахь хэсэгт “Шүүх эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг хаалттай явуулсан бол шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг нийтэд уншиж сонсгоно” хэмээн заасан ч 2017 оны болон 2020 оны долдугаар сард шийдвэрлэсэн тогтоолоо Шүүхийн цахим санд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс оруулаагүй, нууцалсаар байгаа юм.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

А.Баярмаа