Манай улсад архины зах зээл ноёрхоод олон жилийн нүүр үзэв. Нэг хүнд ногдох архины хэмжээгээрээ нүд орой дээр гаргам тооцоолол гарсан манай улсад энэ төрлийн “далд” бизнес ихээхэн цэцэглэсэн нь гар дээрээс дамлан борлуулагчдын амьжиргааны эх үүсвэр болсон нь нууц биш.
Архи, пиво борлуулах зөвшөөрөлтэй дэлгүүрүүд хаалгаа барьсны дараа бужигналддаг нийслэлийн шөнийн амьдралын бас нэгэн эмгэнэлт дүр зураг нь шагчдын гар харсан залуусын бөөгнөрөл байдаг. Тэр тусмаа согтууруулах ундаа борлуулахгүй байх өдрүүдэд энэ эмгэнэлт дүр төрх бүүр гаардаг.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал авах хяналтын тооллого хийхтэй холбогдуулан 10 дугаар сарын 16-ны бямба гарагт нийслэлд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох талаар Нийслэлийн Засаг дарга захирамж гаргажээ. Гэтэл шагын архи зарж худалдаалдаг иргэд, үйлчилгээний газруудад ямар зохицуулалт хийсныг бид таашгүй. Улс төр, сонгууль болохоор л архи согтууруулах ундааг хориглосон захирамжууд гардаг. Нөгөө талдаа, хорих тусам иргэд нь хаанаас ч юм олоод уучихдаг нь харамсалтай.
Архидалттай тэмцэж хууль тогтоомж, дүрэм журам хэрэгжиж байгаа ч бизнес эрхлэгчдийн арга нарийсаж, гэмт хэргийн бүлэглэл болтлоо хөгжсөн гэдгийг иргэд сайн мэддэг.
Савнаасаа бусдыг дийлдэг хар усны балаг өнөөгийн нийгмийн эмзэг сэдвүүдийн нэг. Гэмт хэргийн гаралтын 80-аад хувь архинаас үүдэлтэй үйлдэгддэгийг цагдаагийн байгууллагаас анхааруулдаг. Иймд зөвхөн архины зөвшөөрөлтэй газруудад хориг тавилгүй, шагын архи дамлагчидтайгаа бас тэмцвэл дээрсэн…