Өмнөговь аймаг руу өчигдөр тусгай үүргийн онгоц нисгэж, осолдож гэмтсэн нэг бус хүнийг нийслэлд авчран ГССҮТ-д хэвтүүлэн эмчилж эхэлжээ. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр “Уг онгоцоор гэмтсэн таван хүн авч явах гэж байна” хэмээсэн ч осолд өртсөн хоёр хүнийг зөөвөрлөсөн гэнэ.

Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр Өмнөговь аймаг Цогтцэций сумын нутаг, “Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхайд энэ сарын 16-нд осол гарсан аж. Тавантолгойн ордын Баруун, Зүүн Цанхи гэж хуваадаг хэсгийн “Бор тээгийн отваль” гэж нэрлэдэг хэсэгт хөрс хуулах, зөөвөрлөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Платинум ланд”, “Хишиг арвин” ХХК-ийн эзэмшлийн хүнд даацын автомашины жолооч нар тухайн шөнийн 02.00 цаг өнгөрч байхад мөргөлджээ. Тэд “Lingong MT86” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан бөгөөд 60 болон 38 настай жолооч нар хоёулаа хүнд гэмтсэн гэнэ.

Г.РАВЖАА