Шадар сайдын төрсөн ах С.Ганбатын “Собттрейд” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа

Шадар сайд С.Амарсайхан ах дүүсээрээ гэр бүлийн бизнес эрхэлдэг билээ. Зайсан хилл цогцолбор тус гэр бүлийнх гэдгийг Монголын ард түмэн мэднэ. Өнгөрсөн баасан гарагт /2021.10.15/ “Камертон” хамтлагийн 26 жилийн ойн баярын тоглолтоо “Zaisand hill” – д зохион байгуулж 500 гаруй хүн цугларсан нь шүүмжлэл дагуулсан.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д. Сумъяабазар: “УОК, НОК-ын тогтоосон журмын дагуу ААН-үүдтэй хамтарч ажиллаж буй. Хариуцлагын гэрээ байгуулсан ААН-үүдийн үйл ажиллагаа, хяналт шалгалтыг хийсээр хэвшмэл болсон. Камертон хамтлагийн тоглолттой холбоотой асуудал нийгмийн сүлжээгээр явж, иргэдийг бухимдуулж байна. Зайсан Хилл цогцолбор нь гурван удаагийн зөрчил гарсан. Мөн түүнээс гадна арав гаруй зөрчил илэрсэн нь түрээсэлж буй олон ААН-үүдтэй холбоотой. Бид энэ дагуу зөвшилцөх олон уулзалтыг хийсэн. Улмаар хариуцлагын гэрээг шинээр байгуулахаар болсон. Урлаг соёлын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэй зохион байгуулах, аль болох торгохгүйгээр дэмжиж туслах зарчмаар ажилласан. Гэвч зарим ААН-үүд үүнд хайхрамжгүй хандсан асуудлууд гарч байна. Камертон хамтлаг тоглолт хийх зөвшөөрлөө УОК, НОК-оос албан ёсны зөвшөөрөл аваагүй. Мөн удаа дараа байцаагчийн үгийг зөрчсөн учир шаардлагатай арга хэмжээг авах нь зөв. Шалгалтууд ч хийгдээд эхэлсэн” гэдгийг мэдэгдсэн.

Тэгвэл уг тоглолт болсон Зайсан хилл цогцолбор дахь “Собттрейд” ХХК-д  зөрчлийн хэрэг үүсгэн, тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Тэгвэл тусгай зөвшөөрлөө цуцлуулсан “Собттрейд” ХХК нь Шадар сайд С.Амарсайханы төрсөн ах С.Ганбатын ХХК аж.

Нээлттэй мэдээллийн сангаас үзэхэд “Собттрейд” ХХК-ийн үүсгэн байгуулагч нь буюу толгой компани нь уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгдөг “Сэнтрал Азиан Майнор Металс” ХХК бөгөөд үүсгэн байгуулагч нь мөн л С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат аж.

Ямартай ч төр төмөр нүүрээ Шадар сайдын төрсөн ахад харууллаа. Харин НМХГ-аас “Камертон хамтлагийн зохион байгуулсан Зайсан хилл цогцолборт мэргэжлийн хяналтын газраас шалгахад нэлээдгүй зөрчил илэрсэн. Үүүнд үйлчлүүлэгчдийн биеийн халууныг огт үздэггүй, ажилчид хоёрдугаар тундаа хамрагдаагүй, хүн хоорондын болон ширээ сандлын зай хариуцлагын гэрээнд заасанд хэмжээнд биш, талбайн багтаамж 50 хувиас илүү, мэргэжлийн байгууллагаар ариутгал хийлгэж байгаагүй гэх мэт зөрчлүүд гаргасан тул зөрчлийн хэрэг үүсгэсэн.  Манай зүгээс тус компанид торгууль ногдуулж арга хэмжээ авна. Мөн тус тоглолтыг үзсэн иргэд яаралтай шинжилгээнд хамрагдах хэрэгтэй” гэдгийг зөвлөсөн.

Төрсөн дүү нь цар тахалтай тэмцээд, төрсөн ах нь “санаатайгаар” түгээж байгаа нь олны анхаарлыг татаж байна.

Харин төрсөн ах нь зөрчлөө арилгаад дахин тусгай зөвшөөрөл хүсэх биз. Хэрвээ барахгүй бол ХХК-ийнхаа нэрийг өөрчлөөд буюу зүсийг нь хувиргаад дахин тусгай зөвшөөрөл хүсэх биз. Хэрхэхийг харах л үлдлээ.

А.Баярмаа