Хүрд эргүүлэх ёсон. Хүрдний гарал үүслийг хоёр янзын хувилбараар тайлсан байдаг. Хүрдний увдис дамжлагыг Бурхан багш Дигадинаад соёрхсон байна. Дигадина бээр увдис дамжлагыг залгамжлан аваад хүрдийг ханьцашгүй огоот эргүүлснээр сав лугаа төгс шавийг зүүн өмнөд Энэтхэг, Үржин, Кашмер, Балба, Төвд, Хятад тэргүүтэн орон бүхэнд эрэн хайвч олдоогүй тул тэр дамжлага увдисаа лусын оронд очиж лусуудад хайрлажээ. Лусууд хүрдийг эрхэмлэн шүтэж шүтээний дээд болгон тахиж эргүүлсээр байжээ. Үүнээс олон жилийн дараа Нагаржуна богдод Хоншим бодьсадва соёрхсоны дагуу лусын оронд морилон хүрдний увдисыг залж ирээд өөрийн өргөө байшингийн оройд салхин хүрд, гэрт гадаа гараар эргүүлдэг хүрдийг олныг байгуулжээ.
Бас зарим сударт хүрдний увидас дамжлагыг Жалбарэгжаявсон бээр дагинас Сэндэнмаад хайрлажээ. Сэндэнмаа бээр хүрд үүнийг өгөх сав болох шавийг хайгаад Энэтхэг, Хятад, Балба, Ли орон, Удаяана, Дагсиг, Төвд орноор эрж хайсаар Нагаржуна богдыг сав төгс шавь болохыг таалаад хайрласан гэж бичсэн байдаг. Ингэж Нагаржуна богд хүрдний дамжлагыг аваад бүтээлд нэгэн үзүүрт сэтгэлээр орших үедээ бүтээл хийдэг өргөөнийхөө оройд салхин хүрдийг олныг байгуулсан учраас Хоншим бодьсадватай нүүр золгож номын увидасыг хоцроолгүй сонссон учраас эрдэм нь санаанд багташгүй төрсөн гэж бичсэн байдаг.
Хүрдийг бүтээх ёс. Хүрдний номыг алт, мөнгө, шунх, бэх зэргийг аль олдсоноор үйлдэж болох бөгөөд номын үсгийг алдаа мадаггүй эндүүрэл илүү, дутуу байхгүй бичих буюу барлаж хэвлэх хэрэгтэй. Мөн төмөр, мод тэргүүтэнд үсгийг сийлж бичиж, болдог. Бангандондүв хүрдний амин мод/ сорогшин/-ны тухай бичихдээ “…Амин модыг улаан, цагаан зандангаар хийвэл хамгийн сайн, сэндэнгээр хийвээс дунд зэрэг, арцны мод буюу хус модоор хийвээс адаг нь болно. Тэдгээрийн аль зохилтойгоор цэх шулуун яр үгүй модыг сонгон авч зөөлөн үрж холтосыг нь авч хатаасны дараа харуулдаж өөг нь аваад үрж зүлгээд, ёзоор үзүүрийг нь эндүүрэл үгүй тэмдэг тавиж оройн үзүүрийн зүгийг үсэгний тэргүүнд хандуулаад УМ А ХУМ-ыг бичихдээ гурван оронд хуваана. УМ үсгийн доороос УМ САРВА БИДЯА СУХА-ааг аль багтахаар бич гэжээ. УМ-ын доороос НАМА САМАНДА БҮДЯНАН УМ БАЗАР АЮҮХЭ СУХА-ааг аль багтахаар бич. A үсгийн доороос уламжлаад УМ ДАРМА ДАДУ ГАРБЭ СУХА, УМ САРВА ДАТА ГАДА МАНИ ШАХДИБДИ ЗУЛА ЗУЛА ДАДУ ГАРБЭ СУХА тарнийг аль багтахаар бич. ХУМ-ын доороос УМ ЯДАРМА хэмээх тэргүүтэн хийгээд УМ СҮ БРА ДИСТА БАЗАР ЕИ СУХА хэмээхийг аль багтахаар бич хэмээн айлдсан байхад Шагжаагийн гэлэн Лувсанбалдандамбынямчоглайнамжал “…амин модыг төмрөөр үйлдвэл сайн” хэмээн дурдсан байдаг. Хүрдний торхыг бэлтгэхдээ дээд доод тал буюу ёроолыг нь зандан модоор үйлдэх нь тохиромжтойгоос гадна гэрийг нь алт, мөнгө, агар, зандан, зэс, гууль, хус, хуш тэргүүтнээр үйлдэж болно гэж заасан байна. Номыг дотор нь хийхдээ дээд тал доод талыг нь солилгүй номоо тааруулан залгаж номын эхэн хэсгийг нь дотогш нь эргүүлж хуйлаад хорын язгуур ус ороход номонд нөлөөлөхгүй вандуй тэргүүтний жонхуугаар нааж өгнө. Түүнийхээ гадуур торго, дурдан, хадаг, тэргүүтэн бөс даавуу торгоор баринтаглаад тэргүүн хэсэгт нь эндүүрэлгүй тэмдэг тавьж мөн хүрдийг юунд зориулж бүтээж байгаа тухай өлзий хутгийн үгс болон өглөгийн эздийн хүсэл соёрхол тэргүүтнийг бичдэг байна.
Хүрд эргүүлэх үесийн Бодол бясалгал нь. Хүрд эргүүлэхийн зоригдол нь гэрэл цацарсанаар амьтан бүгд бээр нисванисын үйл хийгээд зовлон ба зургаан зүйл амьтны авъяас бүгд дарагдан ариусах болвоо гэж бодох ба увдис үүн лүгээ учрах болсноор өөр бусад амьтан бүгдийг орчлонгийн уг болсон шалтгаан үр хийгээд нисванисын үйлийн түйтгэр зовлон бүхэн хоцроолгүй арилан гэтлэх болно. Орчлонгийн угийг тайлсан нь хүрд мөн хэмээн шамдал ихээр анхааран авагтун. Бүтээхүй ойр дор эргэлзээгүй болой гэж сэтгэлийн нэгэн үзүүрт буцалтгүй сүсгээр хамаг амьтны тусын тулд гэсэн санаагаар эргүүлдэг байна.
Бодол бясалгалын тус эрдэм нь: Зоригдол лугаа бат сэтгэлээр мөрийн зул хүрд үүнийг нэгэн удаа эргүүлсний тус эрдэм нь таринаас гэрэл цацарсанаар амьтан нугууд өөрийн сэтгэлд төрөөд өглөг тэргүүнтэн зургаан барамид төгсгөөд машид баясхуйгаас эхлээд арван номыг хүртэлх таван мөр, арван газар огоот төгсгөж үрийн гурван лагшин таван билэг билгүүн өөрөө бүтэж бурхныг олох болно. Огторгуйд хүрд уул мэт жигдэрч, гэгээ завсар дор нигүүлсэхүйн цахилгаан гялбалзаж, газарт адис хур мэт бууж, шавийн сэтгэлд үр жимс боловсрох болно.
Хүрдийг эргүүлсний тус эрдэм. Их номын хүрд энэ нь увдис бусдаас ялгамжтай үлэмж ихтэй ба хүрдний тус эрдмийг мэдэхгүйгээр увидас бусдад аврал одуулах нь: Үлгэрлэвээс: сохор хүнээр манаа мануулсан лугаа хэрэг тэр бүтэх нь хаанаас байхав дээ. Мэдлэг бага дор ажил үйлдвэр олныг үйлдэх нь: Үлгэрлэвээс: хөгшин илжиг шаварт шигдсэн лугаа адил тийм учраас хүрдний тус эрдэм увидас ихтэй болохыг “Додэ бадгар” сударт айлдсан байна.
Гэр байшинд эргүүлвээс орон байшин тэр тэнгэрийн орд харш болох бөгөөд идээ ундаа түүгээр өлссөн хүмүүнийг муу үйл хилэнц түйтгэр ариусаж хэрцгий дайсан нугуудад үл дийлдэх нь магадтай.
Хүрдийг шүхэр мэт эргүүлэхэд дүрс царай сайхан таван дүрс тэргүүтэн ариун гуа болно.
Хүрдийг үхэхийн цагт толгойн орой доор тавьбаас хойтох уншуулах хэрэггүй. Хүрдийг усанд эргүүлснээр усанд оршсон амьтан хийгээд түүнийг уусан амьтан нугууд буяныг төгсгөж түйтгэр арилна. Усаар эргүүлвээс ус түүнийг уусан хүрэлцсэн түүнд оршсон амьдрагч амьтан бүгд Сухабадийн оронд төрнө.
Ус түүнээс ууршсан уур чийг нь огторгуйд дэгдэж үүлэнд тусаад хур бууваас хурын ус дуссан тэр амьтан бүгд муу заяанаас гэтлэх болно гэж дурьджээ.
Галаар хүрдийг эргүүлснээр гэрийн дотор хилэнц үйлдсэн ба утаа туссан амьтан нугууд буяныг төгсгөж түйтгэр арилж бодийн хутгийг олно.
Салхиар эргүүлснээр салхи тэр туссан амьтнууд буяныг хурааж түйтгэр ариусаж муу заяанаас татагдаж бодийг олно.
Гараар хүрдийг эргүүлснээр завсар үгүй таван нүгэл алиныг үйлдсэн хүмүүн хүрдийг эргүүлснээр буюу хүрдний туссан төдийгөөр муу заяанаас гэтэлдэг байна.
Хүрдийг гартаа барьсан лугаа учраас эцэг эхээ алсан амьтан муу заяанаас гэтэлнэ.
Гүүрэнд эргүүлвээс үзсэн амьтан бүхэн муу заяанаас гэтэлнэ. Хүрдийг үзсэн сонссон дурдсан хүрэлцсэн тэргүүтэн муу заяанаас гэтлээд Сухабадийн оронд төрөх болно.
Хүрдний бэлгэдэл. Хүрдний доод суурийг модоор үйлддэг нь бодь сэтгэлийн хөрөнгөний бэлгэдэлтэй ба мөн бодийн сэтгэл аяндаа аривжин үүсэхүй бэлгэдэлтэй.
Түүнд амин модыг бат бөх төмрөөр үйлддэг нь амь нас баттай байхын бэлгэдэлтэй байх ба номын лагшинд хамаг сайн эцэг эхийн бэлгэдэлтэй.
Түүнд баринтаг өргөдөг нь буяныг төгс эдлэл цог заль дэлгэрч сэтгэлийн гэмийг ариусгаж хувь төгөлдөр оронд хаана оршивч өөрийн тусыг бүтээж тэтгэхийн бэлгэдэлтэй.
Хүрдийг доод ёроолоос нь эргүүлэх дөрвөн бариултай байдаг нь Цаглашгүй дөрөв хэмээх асрангуй, нигүүлсэхүй, баясахуй, эн тэгш агуулахуй лугаа төгсөхүйн бэлгэдэлтэй.
Мөн хувилгаан бие амьтны тусыг үйлдэхүйн бэлгэдэлтэй.
Түүнд чулуу зүүдэг нь дөрвөн үйл буюу амарлингуй, дэлгэрэх, эрхшээх, хатуу үйл дөрвийг эргэж тойрохын шинжтэй ба мөн лавайн номхотгох бэлгэдэлтэй бөгөөд шавийн үйлс дэлгэрэхүйн тэмдэг.
Үзүүрт нь охь нэгнийг байгуулах нь номын лагшинт Аминдэва бурхныг бэлгэдсэн учраас номыг лагшингийн хутгийг олохын тэмдэг
Оройд нь их охь байгуулдаг нь бурхны газрыг хоцроолгүйгээр огоот төгсгөөд тэвчил онолын хоосон чанарын эцэст хүрэхийн тэмдэг.
Номын эхийг дотогш нь эргүүлж хуйлдаг нь хоёр чуулганыг, буяны билгийн судрыг залдаг нь шавь нар тэдгээр номын зарлигийг дагаж шамдахуйн бэлгэдэлтэй бөгөөд хүрдийг эргүүлснээр гүн дэлгэр номын дуу дуурсахын утга,
Хүрдийг нэг удаа эргүүлсний тус эрдэм нь тэргүүлшгүйгээр хураасан үйлийн түйтгэр нисванис авъяас бүхэн эгшин ямагтад барагдах болно.
“Нууц тарни” Арвис тарни, тогтоол тарни бүхнийг тоолж өгүүлэхийг эрхэмлэж үйлдээгүй ч хүрдийг эргүүлснээр үйл явдал ариусаж хотол чуулганаар бүтэх болно. Тарнийн аймаг нугуудад хэн огоот алдаршсан, амирлангуй хийгээд хилэнцийн алины ч гурван лагшины нууц тарни нугуудыг алин туурвиж бүтээх нь эргэлзээгүй тэр мэт хүрд үүнийг алин нь эргүүлсэн тэр ямагт дор зарлигийн үндсэн лам, адистид хүртэн бурхад ид шидээ хайрлана. Бурхдын тааллыг бүтээж, барцадыг арилгана. Номыг тэтгэгч сахиусууд үйлсийг бүтээнэ.
Маани номын их хүрдийг нэгэн удаа эргүүлсэн нь аривжина гэж “Чандмань эрдэнийн тантар”-д зарлигласан байна. Хүрдийг эргүүлснээр гарсан дуу нь хүртэл эрдэмтэй гэж судар номонд бичсэн байна. Хичээл шамдал лугаа төгөлдөр тарнийг тоолж хүрдийг эргүүлсэн хүмүүн бээр арван газрыг олж бурхны хутгийг олох нь эргэлзээгүй. Хилэнцийн түйтгэр цаглашгүй байгаа нь ч ямагтад барагдах болно. Өөрт дур байхгүй ч алин бээр бичиж эргүүлэхүй болвоос гэм барагдаж эрдэм төгсөх болно.
Хүмүүн, амьтанд нэг мөсөн салхин хүрдийг эргүүлэхүй тэргүүнтэн салхи туссан төдийгөөр муу заяанаас гэтлэх болно хэмээн бурхан зарлигласан байна. Мөн эртний хүрд үүнийг эргүүлсэн амьд амьтан тэдгээр үзсэн сонссон дурдан хүрэлцсэн амьтад буяныг төгсгөж хилэнцийг арилгаж бодийг олно гэж зарлигласан байна. Мөн “Их мөрөн голын судар”-т Бурхан багш бээр түйтгэрийг тийн арилгагчид сайтар сонсогтун. Шимийн тус нь дээд бүтээл долоон жил үйлдсэнээс номын хүрдийг эргүүлэхийн тус эрдэм нь номлох галав хүртэл шамдсанаас номын хүрдийг эргүүлэхийн тус эрдэм их Гурван аймаг сав хийгээд Тарнийн дөрвөн аймгийг галав хүртэл номлон сонссоноос номын хүрдийг эргүүлэхийн тус эрдэм их. Номын хүрдэнд баринтаг өргөвөөс гутал тэргүүтэн үргэлжид тасрахгүй болно. Төмөр гол /амин мод/ өргөсний буянаар өндөр язгуурын нирваны ойр мөрд зорчино. Зуун чулуу өргөсний буянаар нууц тарнийг живаа бум тоолсноор буян нь дээд их хэмээн номлосон. Алтан охь ганжир өргөсний буянаар сайн язгууртай оюун саруул ухаан төгөлдөр болно.
Номын хүрдийг эргүүлсэн бодгал тэр Мянган бурхны шавь болно. Амьтан огоот итгэлийг олно. Тэнгэр хүмүүний тахилын өвөрмөц үйлдвэр хүмүүний идээ эдлэл гурвын эхэнд хуваана. Ахуй үйлсийн номын хүрдийг эргүүлсний тус эрдэм, халдварт өвчин, хижиг өвчин, бүгдийг чадах, муу зүгийн шулмасын зэтгэр бүгд зохилдох үгүй муу зүгийн тотгорыг хариулж омог нугууд дарна. Дөрвөн махаранз, Арван зүгийн тэтгэгч зүг хийгээд зүг зохист сахиж үйлдэнэ. Тийм учраас тус эрдэм санаанаас хэтэрхий, эцэс хойтын номын хүрдийг эргүүлсний тус эрдэм завсаргүй тав хийгээд арван нүгэл муу заяаны үйл нүгүүд эдгээр ариусна. Бурханы орноос оронд дамжиж Сухабадийн дээд орон бүхэнд лянхуа цэцгийн зүрхний тоорцогноос хувилж төрмөгц арван зүгийн бурхан нугууд арван зүгт үйлсийг дэлгэрүүлж үйлдэнэ хэмээн түйтгэрийг ариусгагчийн ёс мөн болой гэж зарлигласан байна. Хүрдийг салхи хийгээд гараар эргүүлэх, тоолох нь үйлийн дээд хэмээн бурхан бээр зарлигласан. Бурхан бээр зарлиг хайрласан нэн төгөлдөр Шарибута бээр тогтоол тарнийг салхи хийгээд гараар эргүүлэх нь ч тарнийг тоолохоос ч хүч ихтэй бөгөөд хүч төгөлдөр язгуур ухаан түргэн орчлон хоосорч дүрс арвин ариун бусдад зааж үйлдэх зарлиг тарни бүгдийг тоолсон лугаа сацуу учраас хүрдийг эргүүлэх нь орчлонд аньс ихтэй хэмээсэн хийгээд “Намралын жүд”-ээс гараар эргүүлж салхиар эргүүлэх галаар усаар эргүүлэх дөрвийг үлгэрлэн өгүүлэх нар саранд бөгөөд одох. Мөн мунхагийн их харанхуйг гийгүүлэн үйлдэх хүрд чандмань эрдэнэ адил хүссэн хэрэг хичээл шамдал бүтнэ. Алтан хүрд алтан дэлхий лугаа адил хүссэн үйлүүд, эргүүлснээр бүтнэ. Хилэнцийн түйтгэрийг хоцроолгүй ариусгаж үйлдэнэ. Билэг лугаа адил хилэнцийн түйтгэр дайсан тотгорыг хоцроолгүй шатааж үйлдэнэ хэмээжээ.
Хүрдийг буруу шүтэхийн гэм. Хүрдийг хазгай мурий эргүүлвээс галзуу болно. Хөндлөн эргүүлвээс бөгтөр төрнө. Толгой сүүлийг нь хольж сольвоос тахир доголон болно гэдэг.