Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төвөөс урагш 77 км зайд орших 3000 гаруй метрийн өндөр өргөгдсөн Марз уул нь байгалийн гайхамшиг цогцолсон газрын нэг юм. Элсэн тал нь эгц босоо, ар талдаа булуу царам, хормойгоороо модоор хүрээлэгдсэн, олон нуур цөөрөм бүхий ар биед нь Хожуулын эхний хоёр ч халуун рашаан, эмийн ургамал, ялангуяа ховордсон эмийн ургамал, ан амьтан элбэгтэй. Энэ уулыг нутгийн ард олон үе дамжин хайрлан хамгаалж шүтэн биширч ирсэн тул олон сайхан домог үлдээжээ. Жамсран бурхны орон ч гэж нэрлэж байсан удаатай гэдэг.

Хожуулын голд Очирын дуган гэж байжээ. Энэ дуганд Жамсран зайсан гэгч нэг лам байх үед “Пунцаг зуу” гэдэг газраас нэг лам морилж иржээ.

Тэр лам “Пунцаг зуу гэдэг газар бол Эрдэнэзуугийн хавьд байдаг бөгөөд манай хийдийг Марз уулын савдаг харж байдаг учир уг уултай биечлэн танилцах ажилтай явж ирлээ” гэж айлдсан юм гэнэ лээ. Ийнхүү хол нутгаас зорьж ирсэн ламд Жамсран зайсан газарчилж Марз уулаа танилцуулж өгчээ. Үзэж танилцсаны дараа Жамсран зайсан уул усны талаар асууж лавлахад тэр лам ингэж ярьсан гэдэг. Марз уулын савдаг бол улаан зүстэй, улаан морьтой юм. Элгэнд нь байгаа эхний нуур бол Бадамхундага, доод гурван нуур нь Охий гурван нуур, адгийн Долоон тахил, мөн элгэн биед нь байгаа хүрхрээ нь Нанчидын рашаан, эргэн тойрондоо эмийн олон рашаантай, ойролцоох зуун хүнхэл нуур нь эмийн манхаг нь юм, хамаг эмээ хамгаалан сүрлэг хад нь шөрмөсөн чулуу элбэгтэй юм.

…”Эвтэй гамтай хэрэглэвэл

Эмтэй олон ургамал байна

Хайрлаж хамгаалж явбал

Хамаг бүхэнд тусална

Тайж тахиж явбал

Таалал бүхэн бүтэх юм

Цагаан нууртай холбогдсон нь

Цагаан идээний орон болно

Аргадаж шүтэж явбал аяганы ам зуулгах

Ачлал төгс баян Марз хайрхан”

юм гэж шинжсэн гэдэг домогтой. Эрдэнэзуугийн дэргэдэх Пунцаг зуу хийдээс ирсэн тэр ламын зохиосон гэх Марз уулын сан /Марзын сан/ одоо хүртэл нутагтаа хадгалагдаж байдаг гэнэ лээ.

Д.Цэнд-Аюуш