Хүн төрөлхтөний түүхэнд асар их гарз хохирол учруулж олон сая хүний амийг хөнөөсөн дэлхийн хоёрдугаар дайны хөлд эвдэрч сүйдсэн эдийн засаг, аж ахуйгаа сэргээн босгохын сацуу гамшигт аюулыг дахин давтахгүйн тулд улс орнууд өөр хоорондын харилцаандаа шинэ дэг журам тогтоон, түүнийг хэрэгжүүлэх Нэгдсэн Үндэстний Байгууллагыг эмхлэн байгуулсанаас хойш 73 жил улиран одсон байна.
Олон улсын Засгийн газар хоорондын хамгийн түгээмэл бөгөөд нээлттэй, улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хамгийн олон салбар чиглэлийг хамаардаг байгууллага бол Нэгдсэн Үндэстний Байгууллага (цаашид НҮБ гэх) билээ. НҮБ нь АНУ-ын Сан Франциско хотноо анх 51 улсын оролцоотойгоор 1945 оны 10 дугаар сарын 24-нд байгуулагдсан. Энэхүү байгууллагад эдүгээ түүний дүрмийг хүлээн зөвшөөрч, баримталж ажиллахаа илэрхийлсэн дэлхийн 194 улс гишүүнээр нэгдэн орсон. Ажиглагч гишүүний статустай 1 орон байгаа нь Палестин юм.
НҮБ нь олон улсын энхтайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, улс гүрнүүдийн хооронд эрх тэгш, өөртөө засан тохинох зарчмыг хүндэтгэн найрсаг харилцааг хөгжүүлэх, нийгэм-эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн шинж чанартай олон улсын асуудлыг шийдвэрлэх, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэгийг үл харгалзан хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүндэтгэх явдлыг хөхиүлэн дэмжих талаар улс орнуудын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах үндсэн зорилгыг өмнөө тавьдаг.
НҮБ нь доорхи 5 үндсэн байгууллагаас бүрдэнэ. Үүнд:
• Ерөнхий Ассамблей
• Аюулгүйн Зөвлөл
• Эдийн засаг, нийгмийн зөвлөл
• Олон улсын шүүх
• Ажлын алба буюу Нарийн бичгийн дарга нарын газар байна.
Нийгэм-эдийн засаг, боловсрол шинжлэх ухаан соёл, технологи болон хөгжлийн салбарт олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл ажиллагааны тодорхой чиглэлийг хамаарсан НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудаас Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци зэрэг байгууллагуудыг онцлон дурдах нь зүйтэй.
Үндэсний эрх чөлөөгөө олж, тусгаар тогтнолоо мандуулсан дэлхийн олон улсын нэгэн адил Монгол Улс энэхүү ололт амжилтаа дэлхий дахинд тунхаглан зарлаж, бусад улс гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө олон жилийн туршид шаргуу тэмцсэн түүхтэй. Монгол Улс 1946 оноос эхлээд 15 жилийн хугацаанд Нэгдсэн үндэстний байгууллагад гишүүнээр элсүүлж авахыг хүссэн өргөдөл, уриалга, меморандум, мэдэгдэл гаргаж байжээ.
Монгол Улс Нэгдсэн үндэстний байгууллагад 1961 оны 10 дугаар сарын 27-нд элсэн, тус байгууллагын 101 дэх гишүүн болсон түүхт 57 жилийн ой энэ жил тохиож байна.
Энэхүү түүхэн үйл явдал бол өнгөрсөн ХХ зуунд Монгол Улсын түүхэнд болсон томоохон амжилтын тод илэрхийлэл билээ.
Монгол Улсын Үндэсний төв архив болон Гадаад харилцааны төв архивын сан хөмрөгт хадгалагдан буй Монгол Улс Нэгдсэн үндэстний байгууллагад элсэн орсон үйл явдлыг гэрчлэх зарим түүхэн баримтыг танилцуулахаар зорилоо.
/Бэлтгэсэн: Эрдэм шинжилгээний ажилтан Ж.Ринчинноров/
Зургийн тайлбар: Нью-Йорк хот
Нэгдсэн Үндэстэний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Трюгби Ли танаа
Эрхэмсэг ноён оо!
Нийтийн амгалан ба аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт, түүнчлэн улс төр, эдийн засаг, нийгмийн талбарт улс түмэн хоорондоо хамтран ажиллах үйл хэрэгт Нэгдсэн Үндэстний Байгууллага чухал ач холбогдолтой болохыг үзээд Нэгдсэн Үндэстний Байгууллагын үндэс суурь болсон зарчмуудад урамшин, энэ зарчмуудыг бүрэн зөвшөөрч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүнд элсүүлэн авах тухай хүслийг Аюулгүйн Зөвлөл ба Ерөнхий Их Хуралд уламжилж өгөхийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар нь таниас хүсэх завшаан тохиолдов.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Үндэстний гишүүнд элсүүлэн авах тухай хүслээ Аюулгүйн зөвлөл ба Ерөнхий Их Хуралд илэрхийлэхийн хамт Бүгд Найрамдах Монгол Ард Улсын ард түмэн нь өөрийн их хөрш Зөвлөлт Холбоот Улсад эд материалын тус нэмрийг үзүүлэн, нэгдсэн үндэстний талд орж фашист улсуудын эсрэг тэмцэлд оролцсоныг Аюулгүйн зөвлөл ба түүнчлэн Ерөнхий Их Хурлын анхааралд толилуулах нь зүйтэй хэмээн тус улсын Засгийн газраас үзмой.
Зургийн тайлбар: Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь 1945 оны 8 сарын 10-ны өдөр Японд дайн зарлаад, энэхүү улсыг эсэргүүцсэн дайны явдалд оролцсон юм аа.
Нэгдсэн Үндэстний нийтийн хэрэгт Монголын ард түмнээс үзүүлсэн энэхүү тус нэмрийн тухай Аюулгүйн зөвлөл ба түүнчлэн Ерөнхий Их Хурал мэдэхгүй бөгөөд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг Нэгдсэн Үндэстний гишүүнд элсүүлэн авах тухай хүсэлтийг зөвшөөрөн авч үзэх болов уу хэмээн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар үнэхээр итгэж баймой.
Үүний хамт Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмээс үүсэн гарах бүх үүргийг манай улс өөртөө хүлээж авах ба энэ дүрмийн бүх зүйлүүдийг дагаж гүйцэтгэхэд бэлхэн байгаа гэдгийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газрын өмнөөс илэрхийлэх нь чухал хэмээн би бээр үзмой.
Ерөнхий нарийн бичгийн дарга ноёнтоон
Зургийн тайлбар: НҮБ-д манай улс гишүүнээр элсэн орох тухай асуудлыг хэлэлцэхэд оролцох БНМАУ-ын төлөөлөгчдийг томилох тухай СнЗ-ийн тогтоол. Улаанбаатар, 1961.10.20
Зургийн тайлбар: БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр баталсан тухай ЕА-н тогтоол. 1961.10.27
Зургийн тайлбар: БНМАУ, НҮБ-ын 101 дэх гишүүн болж төрийн далбаагаа НҮБ-ын төв байрны өмнө мандуулав. Нью-Иорк, 1961.10.27
Зургийн тайлбар: ГЯЯ-ны орлогч сайд Д.Цэвэгмид НҮБ-ын ЕА-н 16-р чуулганд үг хэлж байгаа нь. Нью-Иорк, 1961 он
Зургийн тайлбар: БНМАУ-аас НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчөөр Б.Жаргалсайханыг томилсон эрхийн үнэмлэх. Улаанбаатар, 1961.11.17