2013 оны гуравдугаар сарын 1-нд Монголд Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлснээс даруй 6 жил өнгөрчээ.

Уг хууль хэрэгжсэнээр олон нийт зорчих гудамж талбай, сургууль, цэцэрлэг зэрэг газруудад хүмүүс тамхи татах нь цөөрч, зарим албан байгууллагууд ч энэ тал дээр хяналт, зохицуулалт тавин нэг үеэ бодвол тамхины хэрэглээ багасаж байлаа.
Түрүүнд нь аль ч зоогийн газар, ресторанд орсон хоол идэж байхад л хажууд тамхи баагиулан суух нь жирийн үзэгдэл байв. Гэвч өнөөдөр хэн ч ийм зүйлийг хүлээн зөвшөөрч чадахааргүй хэмжээнд очтолоо бидний соёлын түвшин шат ахижээ.
Харамсалтай нь, сүүлийн үед Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилт, шалгалт суларч байна уу гэлтэй.

Тамхины хяналтын тухай хууль сул байна уу эсвэл хэрэгжүүлэх үүрэгтэй иргэд сул байна уу?

Иргэд гэж энд зөвхөн тамхи татдаг хүмүүсийг хэлсэнгүй. Үүнд хүн бүр хамаатай. Ард иргэд бид өөрсдийн болоод бусдын эрүүл мэндийн төлөө зөвшөөрөлгүй газар тамхи татаж буй хүнд хуулиа мөрдөх шаардлага тавих эрх бас үүрэгтэй. Учир нь гудамж талбай бүрд цагдаа эсвэл камер байрлаж тэр бүрд нь хянаад торгоод байна гэдэг хэцүү билээ.
Бид Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилтийг бодит байдал дээр ямар байгааг үзэхээр Сансарын автобусны автобусны буудалд ажиглалт хийлээ. Буудал дээр гурван хүн тамхи татан зогсож байв. Гэвч тэнд буй бага насны хүүхэд, хөгшин настай хүн, жирэмсэн эмэгтэй гээд хэн ч тамхи татан зогсож буй нэгэнд шаардлага тавьж, юм хэлсэнгүй. Тамхи татаж буй этгээд ч гэртээ байгаа юм шиг уушиглана.

Уг нь тамхины хяналтын тухай хуулийн 9-р зүйлд

9.1. Дараах газар утаат тамхи татахыг хориглоно:

9.1.4. зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн танхим, тамхи татахыг хориглосон өрөө; хэмээн заасан байдаг.
Хөгшин настай хүн, жирэмсэн эмэгтэй гээд хэн ч тамхи татан зогсож буй нэгэнд шаардлага тавьж, юм хэлсэнгүй.
Дараа нь бид буудлын хажууд байрлах ТҮЦ рүү орж үзлээ.

Дөнгөж бидний араас орж ирсэн 13-15 настай бололтой нэгэн хүү “2 ширхэг парламент авъя” гэв. Харин худалдагч ямар ч эргэлзээгүй түүний сарвайсан 500 төгрөгийн дэвсгэртийг аван оронд нь 2 ширхэг янжуур гаргаж өгөх нь тэр. Дахиад л хууль зөрчигдөж байгааг харлаа.

Энэ нь Тамхины хяналтын тухай хуулийн

6.7 Монгол улсын нутаг дэвсгэрт тамхи, импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах, хэрэглэхэд дараахь зүйлийг хориглоно;

6.7.7. 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр тамхи худалдуулах;

6.7.8. тамхийг ширхэглэн худалдах, дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхины үйлдвэрлэсэн боодлыг задалж буюу ороож худалдах; гэсэн заалтыг зөрчиж буй хэрэг бөгөөд

6.8. Тамхи, тамхин бүтээгдэхүүний худалдаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ;

6.8.1. худалдан авагчийн насыг тодорхойлох зорилгоор иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримтаа үзүүлэхийг шаардах;

6.8.2. энэ хуулийн 6.8.1-д заасан бичиг баримт үзүүлэхээс татгалзсан бол түүнд тамхи, тамхин бүтээгдэхүүн худалдаалахгүй байх; хэмээн заасныг мөн зөрчсөн тохиолдол юм.

Хууль зөрчсөн эдгээр тохиолдлуудыг тухай бүрд нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж хуулийн хэрэгжилт хангагдахад хувь нэмрээ оруулах нь иргэний үүрэг билээ.
Тамхины хяналтын тухай хууль нь тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалах зорилготой. Тамхины хяналтын тухай хууль нь тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалах зорилготой. Тус хууль нь төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулдаг. Уг хуулийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.3-т заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Үүнд
6.3.1. Утаат тамхи татахыг хориглосон газарт тамхи татсан, эсхүл татах боломж олгосон бол хүнийг тавин нэгжтэй (50,000₮) тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй (500,000₮) тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно; хэмээн заасан бий.
Товчлон хэлбэл, Тамхины хяналтын тухай хуульд заасанчлан тамхийг зөвхөн тамхи татахад зориулсан цэгт тамхи татах ёстой.
Гэвч манайд ийм цэг тун цөөхөн. Байгаа хэд нь эвдэрсэн, задгай, стандарт хангаагүй байх жишээтэй. Тамхины хяналтын тухай хуулийн 5.2.5-д энэ хуулийн 9.1.5, 9.1.6-д заасан газарт (нийтийн, хоол, худалдаа, баар, цэнгээний газар, аж ахуйн нэгж, байгууллага) утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгийг 300 м2-аас доошгүй талбай бүхий барилга байгууламжид нэгээс илүүгүй байхаар тухайн аж ахуйн нэгж, байгууллага байгуулах гэж заасан бий.

Гэвч ихэнх байгууллагад ийм цэг үгүй. Зарим пааб, ресторанууд гаднах террасаа хүртэл тамхи татдаг цэг хэмээн андуурч, олон нийтийн газар тамхи татахыг үйлчлүүлэгчиддээ зөвшөөрөн Тамхины хяналтын тухай хуулийг зөрчиж байна.