Короновирусын тархалтын улмаас дэлхийн зах зээлд хүнс, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, түүхий эд болон барилгын материалын үнэ өссөн.

Мөн 10 гаруй хоногийн өмнө Монгол дахь короно вирусын тархалтаас шалтгаалан импортлогч БНХАУ- ын хил хорио хязгаарлагдаж, тээвэрлэлт хүндэрсэн байдалтай байгаа.

Манай орны хувьд голлон бараа бүтээгдэхүүнээ Хятадаас нийлүүлдэг. Бараа бүтээгдэхүүний хомсдолын улмаас имфльяц байж болох хэмжээнээс илүү өсөлттэй байгааг эдийн засагчид хэлж буй.

Тэгвэл аливаа зүйл сайн муу хоёр талтайн үлгэрээр, Хятад улс хилээ хаасан ч ОХУ-аас орж ирдэг бараа бүтээгдэхүүний төрөл зүйл нэмэгджээ.

Тухайлбал, барилгын материалын төв гэгддэг 100 айл худалдааны төвд худалдаачид “Хятадынх байхгүй, ОХУ-ынх болон дотооддоо үйлдвэрлэсэн нь байна” хэмээх хэлэх болжээ.

Үнийн хувьд бага зэргийн нэмэгдэлтэй ч, чанар чансааны хувьд урд хөршөөс илүү гэдгийг тэд батлан ярьж байна.
Түүнчлэн, томоохон хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд хятадаас орж ирдэг зарим бараа бүтээгдэхүүн тасарч, ОХУ-ыг дамжин орж ирдэг европ стандарттай хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдснийг уншигч та анзаарсан байх.

Хятад улс хилээ хааснаар зарим хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний тодотголтой компаниуд “хаалгаа барихад” хүрээд буй.

Өөрөөр хэлбэл, монголчуудад аль нь “жунгаа”, аль нь “үндэсний”, аль нь “орос ах нар”-ынх вэ гэж танихад амар хялбар болоод буй сайн талтай юм.