Коронавирусийн цар тахал гарсантай холбоотойгоор дэлхий дахинд эм, эмнэлгийн хэрэгсэл, түүхий эдийн эрэлт эрс нэмэгдэж, нийлүүлэлт хомсдон, үнэ нь нэмэгдэж, зарим улсад эм хангамжийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт бүрэн тасраад байгаа ажээ.
Энэ талаар ЭЭХХЗГ-ын Эм хангамжийн газрын ахлах мэргэжилтэн С.Буяндэлгэр хэвлэлд дараах мэдээллийг өгчээ. Тэрээр “Эрүүл мэндийн байгууллагуудад болон зах зээлд одоогийн байдлаар 18 нэрийн эм, 10 нэрийн эмнэлгийн хэрэгсэл тасалдсан болон тасрах эрсдэлтэй байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор энэ сард тасалдал үүсэх эрсдэлтэй 200 тонн бүхий нэг удаагийн тариур, дуслын систем, эмийн түүхий эд, материал болон антибиотик эмийн ачааг БНХАУ-ын Бээжин хотоос онгоцоор тээвэрлэж ирэх шаардлагатай.
Үүнд, Монгол Улс нэг удаагийн тариур үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэр болох “Монэнзим мед” ХХК үндсэн түүхий эдээ БНСУ-аас импортолдог юм. Мөн БНСУ-ын үйлдвэрийн зарим нэрийн антибиотик, нэг удаагийн тариур, оношлуураа БНЭУ-аас авдаг. Арваннэгдүгээр сард тасалдал үүсэх эрсдэлтэй, эм, эмнэлгийн хэрэгслийн 49.2 тонн ачааг БНСУ-ын Инчон боомтоос онгоцоор тээвэрлэн авч ирэх шаардлагатай байгаа” гэжээ.
Манай улсын хувьд эм, эмнэлгийн хэрэгсэл, тэдгээрийг үйлдвэрлэх түүхий эд, туслах материалаа БНХАУ, ОХУ, БНСУ, БНЭУ-аас голдуу импортолдог юм байна. БНХАУ-ын Эрээн боомт хаагдсан, Тяньжин болон бусад зарим боомтод ачаа саатсантай холбоотойгоор дээрх асуудал үүсч байгаа аж. Олон улсын тээвэр буюу онгоцоор авчрах бололцоотой боловч нислэгийн тоо цөөн, онгоцонд ачих ачааны тоо хэмжээ хязгаартай, тээврийн зардал өндөр зэрэг шалтгааны улмаас эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлт тасалдах эрсдэлтэй байгаа юм байна.
Өнгөрсөн сарын 28-ны байдлаар БНХАУ-ын Эрээн боомтод ханган нийлүүлэх 17 байгууллагын 37 ачаа, Тяньжин боомтод 14 ханган нийлүүлэх байгууллагын 21 ачаа саатжээ. Мөн БНСУ-ын Инчон боомтод дөрвөн байгууллагын долоон ачаа, БНЭУ-д долоон байгууллагын 17 ачаа тээвэрлэгдэхээр захиалга өгсөн байна. Эдгээр ачаа ирснээр дуслын шингэн 66 хоног, нэг удаагийн тариур 37 хоног, дуслын систем 11 хоног, бусад нэн шаардлагатай эмийн нөөцийг бүрдүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тасалдал үүсэхээс сэргийлэх аж.